Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0670

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М***ы дүгнэлттэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Л.Б***т холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М***ы тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн газрын дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь 15.21 дүгээр зүйлийн 1.1 хэсэг гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид байхгүй зүйл, хэсгийг үндэслэл болгон шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Л.Б***ын 2020 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн газрыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын шалгалтын газрын улсын байцаагч Л.Б*** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр ТӨААТҮГ нь хуулийн хугацаанд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлээгүй болохыг холбогдох нотлох баримт бичгээр тогтоосон. Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн. Шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл заалтыг андуурч буруу бичсэн тул Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М***ыы дүгнэлттэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Л.Б***т холбогдуулан ...Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн газрын дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь 15.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид байхгүй зүйл, хэсгийг үндэслэл болгон шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй... гэж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Л.Б*** Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М***ыы Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Л.Б***ын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр-ийн газрыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Л.Б***ын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэсгийн хяналтын прокурор Б.М***ы 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН