Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/1441

 

Л.Л, Г.М, Б.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Д.Хишигбаяр,

шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч Д.Жаргал,

шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч К.Баатар, А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1819 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батнасангийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Л.Г, Г.М, Б.О нарт холбогдох эрүүгийн 2005 00188 0084 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Л.Г нь:

  1. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” их сургуулийн өмчлөлийн компьютерийн СРU /Сэпү буюу төв боловсруулах хэсэг/, RАМ /Раам буюу түр санах ой/, хяналтын камерын хаард диск зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, их хэмжээний хохирол буюу 55,574,500 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” их сургуулийн мэдээлэл технологийн инженер ажилтны хувиар өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн Аsus /Асус/ загварын процессор, EPSON projector /Эпсон проектор/, суурин компьютерийн Graphic /дүрсний/ карт, СРU /Сэпү буюу төв боловсруулах хэсэг/, RАМ /Раам буюу түр санах ой/ зэрэг хөрөнгийг завшиж, 2,861,100 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Би зургийн аппаратыг нь түр авъя гээд ахад чинь хэлчихсэн, намайг ав гэж хэлсэн” гэж Б.Х-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Б.Т-ийн Саnоn Е0S700D /Канон ЭОС700 Ди/ загварын зургийн аппаратыг залилан авч 765,000 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машин барьж яваад хүн мөргөчихлөө, тухайн хүнд 500.000 төгрөг өгчихвөл гомдолгүй гэнээ, та мөнгө зээлээч, би 7 хоногийн дараа буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хамт ажилладаг иргэн Ө.Г-оос өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
  5. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “мөнгө зээлээч, удаахгүй буцаан өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнтэй хамт ажилладаг иргэн Г.Х нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо ... дугаар байрны ... тоот гэртээ байхдаа Л.Г-ийн хамтран амьдрагч Б.Т-ын нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай данс руу 100.000 төгрөгийг шилжүүлж залилсан,
  6. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “эм тариа авах мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч, 11 дүгээр сарын 25-ны өдөр цалин буухаар буцаан өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнтэй хамт ажилладаг иргэн Х.Н нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо ... дугаар байрны ... тоот гэртээ байхдаа Л.Г-ийн хамтран амьдрагч Б.Т-ын нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай данс руу 200.000 төгрөгийг шилжүүлж залилсан,
  7. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “зөөврийн компьютерийг чинь нэг өдөр хичээл заахад ашиглачихаад буцаан өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хамт ажилладаг иргэн Ц.Э-аас НР соrе-2 /Эч Пи коор-2/ загварын зөөврийн компьютерийг нь авч залилан авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан,
  8. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “хүүхдийн бие өвдөөд эмнэлэгт хэвтүүлэх, эм тариа авахад мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч, 3 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгье” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Э.Г нь Оросын Холбооны Улсын Москва хотод байхдаа Л.Г-ийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай дансаар 350,000 төгрөгийг шилжүүлж залилсан,
  9. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “мөнгө зээлээч, дүүгийнхээ ажил явдлыг хийхэд мөнгө дутаад байна, удаахгүй буцаан өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнтэй хамт ажилладаг иргэн Я.Ө нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 86А байрны 7 тоот гэртээ байхдаа Л.Г-ийн хамтран амьдрагч Б.Т-ын нэр дээр Голомт банкинд бүртгэлтэй ... дугаартай данс руу 200.000 төгрөгийг шилжүүлж залилсан,
  10. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр "хүүхэд маань өвчин ороогоод болдоггүй ээ, 150,000 төгрөг зээлээч. Би 12 дугаар сарын 25-ны өдөр цалин буухаар өгье, өөр асуух хүн байдаггүй ээ" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнтэй хамт ажилладаг иргэн Ө.С нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо ... дүгээр байрны ... тоот гэртээ байхдаа Л.Г-ийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай дансаар 150.000 төгрөгийг шилжүүлж залилсан,
  11. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М их сургуульд “мөнгө зээлээч, 12 дугаар сарын 25-ны өдөр цалин буухаар буцаан өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Ш.Ц-аас өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
  12. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “мөнгө зээлээч, 2020 он гарахаас өмнө буцаан өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хамт ажилладаг иргэн М.Т-ээс өөрийн хамтран амьдрагч Б.Т-ын нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
  13. 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ... байрны ... тоотод “маргааш хэрэглэчихээд буцаагаад өгье” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.У-ийн эзэмшлийн Дэлл /Dell/ загварын зөөврийн компьютерийг залилан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
  14. 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Б.Т-ын фэйсбүүк хаягаас түүний танил Б.М-ийн фэйсбүүк хаяг руу “зөөврийн компьютерээ түр хэрэглүүлээч, бие даалтаа хийчихээд маргааш буцааж өгье, найз нь хүүхдээ хараад гарч чадахгүй байна, компьютер авахуулахаар нөхрөө явуулчихъя” гэж зурвас /чат/ бичин хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 69 дүгээр байрны 18 тоотоос иргэн Б.М-ийн эзэмшлийн Дэлл ай-3 /Dell i3/ загварын зөөврийн компьютерийг залилан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
  15. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди /Tedy/ төвийн ойролцоо “3 ширхэг компьютерийг нэг сарын хугацаатай 900.000 төгрөгөөр түрээслэе” гэж 450.000 төгрөгийн урьдчилгаа өгөн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Г.Н-ийн эзэмшлийн 3 ширхэг суурин компьютерийг дагалдах хэрэгслийн хамт залилан авч 4.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

                2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 13 хохирогчоос 8.645.000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгө, эд зүйлийг залилсан,

  1. Б.О нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвд 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн үйлдлээр компьютерийн төв боловсруулах хэсэг буюу сэпү /СРU/, мөн процессор зэрэг зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө эд зүйл гэдгийг мэдсээр байж Л.Г-ээс авахдаа өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 420.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 750.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 110.000 төгрөг, мөн өдөр 440.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 340.000 төгрөг, эхнэр Г.И-ийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай данснаас 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 700.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 150.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 965.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1.100.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1.300.000 төгрөг, нийт 7.425.000 төгрөгийг Л.Г-ийн хамтран амьдрагч Б.Т-ын нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай данс руу шилжүүлсэн, мөн өөрийн нэр дээх Голомт банкинд  бүртгэлтэй данснаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 450.000 төгрөг, нийт 950.000 төгрөгийг Л.Г-ийн хамтран амьдрагч Б.Т-ын нэр дээр Голомт банкинд бүртгэлтэй ... дугаартай данс руу шилжүүлж, бүгд 8.375.000 төгрөгөөр худалдаж авсан,
  2. Г.М нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..." худалдааны төвд болон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 113 дугаар байрны 17 тоот гэртээ 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн үйлдлээр компьютерийн төв боловсруулах хэсэг буюу сэпү /СРU/-нүүдийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө эд зүйл гэдгийг мэдсээр байж Л.Г-ээс авахдаа өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай данснаас 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 400.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 50.000 төгрөг, мөн өдөр 400.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 50.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 270.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 180.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөгийг Л.Г-ийн хамтран амьдрагч Б.Т-ын нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай данс руу шилжүүлсэн, мөн өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй дээрх ... дугаартай данснаас 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 430.000 төгрөгийг Л.Г-ийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаартай данс руу шилжүүлсэн, түүнчлэн өөрийн нэр дээр Голомт банкинд бүртгэлтэй данснаас 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 450.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 140.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 650.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.770.000 төгрөгийг Л.Г-ийн хамтран амьдрагч Б.Т-ын нэр дээр Голомт банкинд бүртгэлтэй ... дугаартай данс руу шилжүүлж, бүгд 4.300.000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Г нь 30-аас 40 удаагийн үйлдлээр “М” их сургуулиас хулгай хийсэн гэж мэдүүлж байх тул удаан хугацаанд 55.574.500 төгрөгийн эд зүйлийг байнга, тогтвортой хулгайлсан, мөн эд зүйл, мөнгийг байнга тогтвортой залилсан эсэх, олсон орлогоо хэрхэн юунд зарцуулсан зэргийг нарийвчлан шалгаагүй. Хэргийн 2 дугаар хавтасны 65-85 дугаар талд байх “Зүрхний энхрий” гэх фэйсбүүк хаягтай Б.О, Л.Г нарын харилцаж байсан байдалд дүгнэлт хийж тэд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл Б.О, Г.М нар нь гэмт хэргийн улмаас олсон орлогыг авсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай. Б.О, Г.М нарын үйлдлээс учирсан хохирлыг зөв тогтоогоогүй зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Л.Г, Б.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батнасан бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудад заасан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон  гэдэгт тус гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах эдийн засгийн гол эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байх тухай ойлголт билээ. Гэтэл шүүгдэгч Л.Г нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ “М” их сургуульд мэдээлэл технологийн инженерээр ажиллаж цалин авч, орлого олж байсан тул гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг амьдралынхаа эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй. Түүнчлэн Л.Г нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг валют арилжааны Форекс системд алдсан тухай удаа дараа мэдүүлсэн байдаг бөгөөд энэ нь түүний дансны хуулгаар давхар нотлогдож байх тул зарцуулалтыг шалгаагүй гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Б.О, Г.М нарын үйлэлд гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин Б.О, Г.М нар ашиг олох зорилгоор гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйл гэдгийг мэдсээр байж Л.Г-ээс тус бүр 14 удаагийн үйлдлээр худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Б.О, Г.М нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тус тусдаа компьютер болон компьютрийн сэлбэг, дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж байсан, зөвхөн Л.Г-ийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө эд зүйлийг худалдан авч байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдан авч Б.О нь 8.375.000 төгрөгийг Г.М нь 4.300.000 төгрөгийг тус тус Л.Г-д шилжүүлэн өгсөн байдаг бөгөөд уг 12.675.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу Л.Г-ээс гаргуулах шаардлагатай. Л.Г-ээс Б.О, Г.М нарт худалдсан, сольсон эд зүйлийн тоо ширхгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Суурь гэмт хэрэг болох хулгайлах гэмт хэргийн хохирол тогтоогдсон байх тул Б.О, Г.М нарын үйлдлээс учирсан хохирлыг тогтоох асуудал хэрэгт ач холбогдолгүй, мөнгө угаах гэмт хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч тогтоогддоггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээнээс шалтгаалан хүндрүүлэх шинж байхгүй юм. Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэсэн учраас чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл, агуулгыг ойлгох бололцоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1757 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид “яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн нь ойлгомжгүй байна. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай захирамжид  “...хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтойгоос гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй...” гэсэн. Энэ захирамжийн удирдлага болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг нэмж дурдаагүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж алдаатай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Д.Хишигбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Учир нь О, М, Г гэх хүмүүсийн хоорондоо бичсэн мессежүүдээс харахад шүүгдэгч нар уг гэмт хэргийг зохион байгуулалттай хийсэн гэх үйл баримт харагддаг. Мөн шүүгдэгч Г-ийн хувьд “М” Их сургуулиас нийт 55.000.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийг үйлдсэн байдаг. Эд хөрөнгийн үндсэн жагсаалт тоо, ширхэг дээр маргаагүй. Шинжээчийн дүгнэлтэнд тоо баримтыг тогтоосон гэж үзэж байна. Харин эд хөрөнгүүдийг цааш нь зарж борлуулахдаа О, М гэх хүмүүст худалдсан байдаг. Худалдаж авсан үнээр нь шинжээч дүгнэлтээ гаргаад, дээрээс нь шилжүүлсэн хэмжээгээр нь буюу О, М нараас 4.300.000 төгрөг, 8.645.000 төгрөгийг тус тус гаргуулах гэж ирсэн байдаг. Үүнийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн. Цааш нь зарж борлуулахдаа хэдэн төгрөгөөр зарж борлуулсан гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Мөн О, Г, М нарын хоорондоо бичсэн чат, мессежүүдийг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлууд бүрэн гүйцэд нотлогдоогүй байна гэж үзсэн. Шүүгдэгч нар хоорондоо “одоо ийм юм хэрэгтэй байна” гэх захиалгыг байнга Г-д өгсөн байдаг. Үүнийг зайлшгүй тодруулах шаардлагатай.” гэв.

Шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Харин амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч К.Баатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шатанд О-г үндэслэлгүй цагдан хорьсон. Б.О нь мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй, зөрчсөн талаарх баримт хавтас хэрэгт байхгүй. Б.О-д 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шүүх таслан сэргийлэх арга хэмжээг авч болно” гэх ерөнхий заалтыг барьж цагдан хорьсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй. Б.О-г 3 сар ямар нэгэн үндэслэлгүйгээр, гомдол гаргах эрхгүй захирамжаар өнөөдрийг хүртэл цагдан хорьсон. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж, Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 3 дахь заалтыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэл болон шүүгчийн захирамжийн нэг, хоёрдугаар заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 34.14 дүгээр зүйлд “шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх ёстой” гэж заасан. Гэтэл “байнга, тогтвортой үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох” гэсэн нь хууль зөрчсөн. Б.О, Г.М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол тодорхойгүй байгаа. Б.О, Г.М нарыг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхдээ хохирол учруулсан гэж үзсэн. Уг хохирлыг тогтоохдоо Л.Г-ийн данс руу шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хохирлын хэмжээг тогтоосон нь хууль зөрчсөн болсон. Л.Г-ийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэж үзэж байгаа бол яг хэдэн сарын хэдний өдөр, хэдэн төгрөгийн, ямар эд зүйлийг, хаанаас хулгайлж авсан болохыг нотолж байж мөнгө угаасан гэмт хэрэг нь нотлогдох ёстой. Иймд шүүхийн захирамжийн 3 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь үндэслэлтэй байна. Прокурор эсэргүүцлийнхээ үндэслэлийг сайн тайлбарлаж чадаагүй. Мөн Б.О-ыг үндэслэлгүй цагдан хорьсон. Б.О оргон зайлсан, бусад оролцогч нарыг сүрдүүлсэн, дарамталсан үйлдэл гаргаагүй байхад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэж захирамждаа дурдаад цагдан хорьсон байдаг. Энэ нь үндэслэлгүй юм. Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Б.Батнасангийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан хулгайлах болон залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн. ...гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгоогүй. ...шүүгдэгч Б.О, Г.М нарын үйлдэлд хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон шинж тогтоогдохгүй байна. ...” гэж тайлбарлан дүгнэж, давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Аливаа гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийн байнга гэсэн ухагдахууны зайлшгүй тоон үзүүлэлт нь гурав буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх ойлголт мөн боловч уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгох бөгөөд гэмт этгээдийн амьжиргааны “гол” эх үүсвэр нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого байхыг анхаарах нь зүйтэй.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, хэргийн бодит байдлыг тогтоож, гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Батнасангийн бичсэн “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Л.Г, Б.О, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1819 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Л.Г, Б.О, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцтэл Л.Г, Б.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ