| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2017/0551/Э |
| Дугаар | 474 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энхтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 474
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Р.Энхтуяа,
шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цын О-д холбогдох 1708012090130 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо ... тоот оршин суух,
- урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №120 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.О 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, Боржигон овогт Цын О. РД:...,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 8 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд иргэн Э....ыг зөвшөөрөлгүй буудалд орж өрөөнүүдийн хаалгыг татаж явлаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТООРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 8 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд иргэн Э....ийг зөвшөөрөлгүй буудалд орж өрөөнүүдийн хаалгыг татаж явлаа гэх шалтгаанаар зОдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл.../хх-2-3/
- хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 26-ны шөнийн 05 цаг 30 минутын орчим ажлаа тараад явж байгаад тамхи асуухаар буудал руу орсон. Тухайн буудлын 2-3 өрөөний хаалгыг татсан. Нэг эмэгтэй гарч ирээд хулгайч юм уу гээд доромжлоод эхэлсэн. Миний өмсөж явсан цамцны малгайнаас татаад эргээд хартал миний нүүр лүү цохисон. Би биеэ хамгаалаад 2 давхарт камерын урд зогсоод “Одоо зод” гэтэл эхнэр нь камераа хана руу эргүүлээд нөхөр нь дарж унаад нүүр рүү цохисон. Хэсэг ухаан балартаад цус гараад нэг өрөөнд орж нуугдсан. Нөгөө буудлын залууг эхнэр нь таксинд суулгаж өгөхөөр нь би гараад цагдаа дуудсан. Тэр залуугийн эхнэр намайг үг хэлээр доромжлоод байсан...тэрнээс надад гэмтэл учруулаагүй. Гомдол санал байхгүй. Хохирлын мөнгө 300.000 төгрөгийг авсан, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-13-16/,
- гэрч Б.Урангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд 2017 оны 8 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө хохирогч залуу өрөө болгоны үүд татаад байсан. Нөхөр бид 2 хулгай хийх гэж байна гэж бодсон, сүүлд өөрөө тамхи хайж байсан гэсэн. Би тэр залууг анх хацар луу нь нэг алгадсан, манай нөхөр нүүр лүү нь 2-3 удаа цохисон....гэх мэдүүлэг /хх-8-9/,
- гэрч М.Хаш-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үүрээр 07 цагийн үед утсаар дүү залгасан. Тамхи асуугаад явж байхад зөвшөөрөлгүй буудлын өрөөнд орлоо гэж зодчихлоо гэсэн....гэх мэдүүлэг /хх-17-18/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №10895 дугаартай шинжээчийн:...Э....ын биед тархи доргилт, дух, хамар, эрүү, баруун нүдний зовхи, баруун зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, баруун сарвууны 3 дугаар хуруунд зулгаралт, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-27/,
- шинжээч эмч Ц.Бадралыг мөрдөн байцаалтын шатанд байцаасан:...цээжний зүүн ар талын ар хэсгийн орчим зулгаралтын хүрэн улаан өнгийн шавшалтаж буй нь цус хуралт нь шинэ байх ба тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн шинэ гэмтэл байсан...гэх мэдүүлэг /хх-19-20/,
- шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “...” зочид буудлын ресепшнээр ажиллаж байсан. Эхнэр Урангоо гэнэт орилоод би унтаж байсан өрөөнөөс гартал шатан дээр нэг залуутай маргалдаж байсан. 4 давхарт нөгөө залуугийн нүүр лүү 3-4 удаа цохисон. Тэгтэл тэр залуугийн хамарнаас цус гараад эхэлсэн. ...ын эмчилгээний болон нэхэмжилсэн хохирол болгож 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн /хх-36-37/...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.... нь хохиролд 300.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн /хх-56/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тогтоов.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР