| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2002 00134 0204 |
| Дугаар | 2020/ДШМ/1442 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ДШМ/1442
У.Б, Б.М, нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Ганбаатар,
шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, Н.Оюунгэрэл,
шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1847 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Б.М, У.Б нарт холбогдох эрүүгийн 2002 00134 0204 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.М нь Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин Оёдол” гэх хаягтай газарт өөрийн найзууд болох Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарын хуулиар хориглосон “Мөрийтэй тоглоом тоглох” зөрчлийг илрүүлсэн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, тусгай хамгаалалтын эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад У.Б-д нөлөөлж, үйлдэгдсэн зөрчлийг холбогдох Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэлгүй, хураалгасан бэлэн мөнгө, читон, бичиг баримт зэргийг буцаан авсан, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулаагүй давуу байдал болгосон,
У.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын эргүүл, хамгаалалтын офицерын албан үүрэг гүйцэтгэж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчих Оёдол” гэх хаягтай газарт иргэн Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон зөрчлийг илрүүлж, харьяалах Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж шалгуулалгүй албан үүрэг, хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хариуцлага оногдуулалгүй давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: У.Б, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2019 ны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үсчин оёдол” гэх газарт Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нар нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан эсэхийг шалгаагүй атлаа Б.М-г эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан дээрх зөрчлийг холбогдох Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд бүртгүүлэлгүй, хураалгасан бэлэн мөнгө, читон, бичиг баримт зэргийг буцаан авсан, Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд хариуцлага оногдуулалгүй давуу байдал бий болгосон, У.Б-г Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар хариуцлага оногдуулалгүй давуу байдал бий болгосон гэж яллаж байгаа нь учир дутагдалтай.
Түүнчлэн прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн,
Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нь гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тулган мэдүүлэг авсан эсэхийг шалгах нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б нарын мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулсан үйл баримт хангалттай нотлогдсон. Энэхүү үйл баримтыг Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Б.М, У.Б нар нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шууд санаатайгаар тасалдуулсан, төрийн тусгай албан хаагчийн үүргээ зориуд хэрэгжүүлэхээс зайлсхийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй буюу уг хэргийн тухайд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, нэр бүхий этгээдүүдийг зөрчилд холбогдуулан шалгуулалгүй давуу байдал бий болгосноор төгссөн гэмт хэрэг учир зөрчил үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй. ...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 35 минутад Б.М-д, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 06 минутад У.Б-д тус тус танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авсан байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэг авах шаардлагагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Э.У, С.С, Т.О, Ц.Б, Б.Б, Л.Б, Т.Б, И.Ж, М.Х, М.М, У.Б, Б.М нарын зүгээс Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар нь гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус харьцаж мэдүүлэг авсан талаар хүсэлт, гомдол огт гаргаж байгаагүй, энэ талаар хавтас хэрэгт баримт авагдаагүй. ...Өөрийн гэм буруу болон хэргийн байдлын нотлох үүрэг хүлээхгүй шүүгдэгч У.Б-ийн зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “манай хамт олноос тулгаж байцаалт авч, гарын үсэг зуруулсан” гэсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаагүй мэдүүлгийг үндэслэж хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарыг зөрчсөн байна. ...Иймд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1847 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурорын хяналт маш дутуу тавигдсан. Мөрдөгч нарт хөтлөгдөж ажилласан. Хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг мушгин гуйвуулсан. Энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй. Зөрчлийн хэрэг үүсгэж шалгаагүй байж эрүүгийн хэрэг үүсгэж ялласан нь хууль зөрчсөн. Зөрчил гарсан уу, үгүй юу гэдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй. Мөнгийг Б.М аваагүй. Мөнгийг хэн авсан болохыг гэрч нараас асууж тодруулах шаардлагатай.” гэв.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Н.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Зөрчлийн шинжтэй үйлдэл байсан уу гэдгийг шалгах шаардлагатай.” гэв.
Шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэргийн бүрдэл дутуу байгаа.” гэв.
Шүүгдэгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1847 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан эсэхийг шалгаагүй...”, мөн “...яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол үйлдсэн атлаа уг тогтоолыг яллагдагч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн...”, "...гэрчүүдээс мэдүүлэг авахдаа тулган мэдүүлэг авсан эсэхийг шалгах..." гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр С.С, Э.У, Ц.Б, Т.О, Б.Б, Л.Б нар нь хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Харин Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд мөрийтэй тоглоом тоглох зөрчил үйлдсэн хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан боловч мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар уг зөрчлийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдолд хамаарч байх тул нэр бүхий дээрх иргэд Зөрчлийн тухайн хуульд заасан зөрчил гаргасан эсэх, уг этгээдүүдэд арга хэмжээ авсан байх нь эрүүгийн хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах журмыг зохицуулсан бөгөөд яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн тохиолдолд яллагдагчаас дахин мэдүүлэг авахаар хуульчилсан бөгөөд прокуророос яллагдагч нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөөгүй тул дахин мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулахдаа хууль зөрчсөн талаар, тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус харьцаж мэдүүлэг авсан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нараас энэ талаар ямар нэгэн хүсэлт, гомдол гаргасан зүйлгүй байхад энэ асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Зүй нь шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ яллах болон өмгөөлөх талд хэн алинд нь давуу байдал олгохгүй, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүй, талуудад мэтгэлцэх боломжийг тэгш олгох байдлаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтын талаар оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд тодорхой заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хэн гэдэг гэрчийн мэдүүлгийг авах ажиллагаа хуульд нийцээгүй, эсхүл эрүү шүүлт тулгаж авсан талаар тодорхой дүгнээгүй атлаа энэ асуудлыг шалгуулахаар хэргийг бүхэлд нь прокурорт буцааж, дахин шалгуулахаар шийдвэрлэсэн нь "шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй бичигдсэн байх" шалгуурыг хангахгүй байна.
Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч У.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1847 дугаартай захирамжийг хүчингүй болгож, У.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцтэл У.Б, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ