Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0597

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч:*** ХК

Хариуцагч: Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийн Газрын үйл ажиллагааны эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ***

Гуравдагч этгээд: *** ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын үйл ажиллагааны эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай *** дугаар тендерт *** ХХК-ийг шалгаруулсан тус ***ны шийдвэрийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***, Л.Г***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Орхон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...*** ХХК нь *** ТӨХК-аас зарласан Газрын үйл ажиллагааны эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай *** дугаартай тендерт оролцсон бөгөөд тендер захиалагчийн 2012 оны 4 сарын 29-ний өдрийн *** тоот албан бичгээр тендерт шалгараагүй гэж мэдэгдсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны 2020 оны 4 сарын 30-ны өдрийн *** тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан. Тус яамны 2020 оны 5 сарын 15-ны өдрийн Гомдлын хариу *** тоот албан бичгээр *** ТӨХК руу тендерийн баримт бичгийг ирүүлэхийг 2020 оны 5 сарын 5-ны өдрийн *** тоот албан бичгээр мэдэгдсэн ч тендерийн баримт бичгийг ирүүлээгүй тул компанийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн тул холбогдох хуульд заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Тус тендерийн баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлэн www.tеnder.gоv.mn вэб сайтад зохих журмын дагуу байрлуулсан. Гэвч баримт бичиг дутуу гэдэг үндэслэлээр тендерийг үнэлэхээс татгалзсан нь илт худал хуурмаг үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Тендер шалгаруулалтын даатгалын зүйл нь *** ХХК-ийн талбайн үйл ажиллагаа, хяналтын 30 ажилтан нь агаарын хөлөгт газрын үйлчилгээний ажил хийх явцдаа тоног төхөөрөмж, автомашин, агаарын хөлөг, газрын тусгай төхөөрөмжийг гэмтээх хохирлыг хариуцлага, агаарын хөлөгт газрын үйлчилгээг перон талбай дээр үзүүлэх явцад байгалийн хүчин зүйлийн улмаас агаарын хөлөгт гадны биет цохигдож гэмтэл учрах, агаарын хөлгийн хөдөлгүүр асах үед хөдөлгүүрт гадны биет сорогдож гэмтэл учрах эрсдэл байна" гэж заажээ. Энэ хүрээнд ТШӨХ-ийн 12.1 -т заасан даатгалын хугацаанд газрын үйл ажиллагааны нийт ажилтнууд /талбайн/ өдөр тутам ажиллах үед нь учирсан хохирлыг даатгалд хамруулах байдал, даатгалын хязгаар, хамрагдах хүрээ, даатгалын хувь хэмжээний талаарх жагсаалтын /газрын үйлчилгээний явцад гарч болох эрсдэл, эрсдэлийг даатгах тухай, нөхөн төлбөрийн нөхцөл, даатгалын дээд хязгаар/ дэлгэрэнгүйг тендерийн *** дугаар хуудаст, татварын тодорхойлолтыг /татварын өр, дутуу үлдэгдэлгүй/ 146 дугаар хуудаст, нийгмийн даатгалын тодорхойлолтыг /аливаа зөрчил, дутагдалгүй/ 147 дугаар хуудаст тус тус хавсаргаж хүргүүлсэн тул ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27.1.3 дахь шаардлагыг хангаж байгаа юм.

Манай компани 284,715,000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ. гэж заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендер байна.

Нэгэнт бид мөн хуулийн 27.1, 27.3 дугаар зүйлд заасан шаардлагын бүхэлд нь хангасан төдийгүй хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер болох тул ТБОНӨХБАҮХАТХ-ийн 29.1-т Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж,...бичгээр мэдэгдэнэ. гэж заасны дагуу гэрээ байгуулах эрхтэй гэж үзэж байна.

Иймд манай компанийг ТШӨХ-ийн 12.1-д заасан шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу тендерт шалгаруулахаас татгалзсан захиалагчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Теnder.gov.mn цахим системд зарлагдсан ***/*** дугаар бүхий Газрын үйлчилгээний эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэх хялбаршуулсан цахим тендерийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад цахимаар нээж Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот тушаалаар батлагдсан Даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид ТБОНӨХБАҮХА" хууль гэх/- ийн дагуу тендерт оролцогчдын тендерийг хянан үзэж, үнэлсэн. Компанийн 2020 оны худалдан авалтын төлөвлөгөөнд энэхүү даатгалын үйлчилгээний төсөвт өртөг 400,000,000 төгрөгөөр батлагдсан.

Нээлттэй тендер шалгаруулалтад нийт 7 компани оролцож, тендерийн баримт бичиг болон үнийн саналуудыг ирүүлсэн. Үнийн саналуудыг Цахим тендерийн нээлтийн тэмдэглэлийн дарааллаар харуулав. Үүнд:*** ХХК нь 284,715,000 төгрөг, *** ХХК нь 370,598,400 төгрөг, *** ХХК нь 380,000,000 төгрөг, *** ХХК нь 310,970,250 төгрөг, ***" ХХК нь 332,880,700 төгрөг, Мөнх даатгал ХХК нь 322,132,000 төгрөг, *** ХХК нь 352,432,950 төгрөг Үнэлгээний хороо нь оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт бичгийг ТБОНӨХБАҮХА" тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж үнэлгээ хийхэд: Хамгийн бага үнийн санал ирүүлсэн*** ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэхэд захиалагчийн тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 12.1-т заасан шаардлага хангаагүй тул Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-г үндэслэн татгалзсан болно.

Захиалагч нь ТШӨХ-ийн 12.1-т Тендерт оролцогчийн бусад нэмэлт баримт материал ирүүлэх шаардлагатай гэж захиалагч гэж үзвэл түүний жагсаалтыг оруулна. Үүнд : Даатгалын хугацаанд газрын үйл ажиллагааны нийт ажилтнууд /талбайн/ өдөр тутмын ажиллах үед нь учирсан хохирлыг даатгалд хамруулсан байдал, даатгалын хязгаар, хамрагдах хүрээ, даатгалын хувь хэмжээний талаарх жагсаалт ирүүлэх шаардлагыг тендерт оролцогчдод тавьсан бөгөөд ТШӨХ-ийн 6.6-д энэ зүйлийн дагуу үнийн тохируулга хийгдэхгүй. Даатгалын зүйл: *** ХХК-ийн газрын үйлчилгээний эрсдэлийн даатгал, Даатгалын эрсдэл: Бүх төрлийн эрсдэл , Даатгалын хамгаалалт: 100%, Даатгалд хамрагдах нийт ажилчид: 30 VII бүлэг: Үйлчилгээний тодорхойлолт буюу Техникийн тодорхойлолт:

Газрын үйлчилгээний эрсдэлийн болон хариуцлагын: 1.1 Газрын зогсолт 60-90 минутад байх бөгөөд газрын үйлчилгээг *** гар дохио ашиглан бууж, хөөрөх агаарын хөлөгт үзүүлэх тусгай хамгаалалтын бүс болох нисэх буудлын перон талбайд газрын үйлчилгээг бүрэн хариуцан хяналт тавьж ажиллана. Дээрх үйлчилгээг үзүүлэх явцад хүний бие, агаарын хөлөгт гэмтэл гарах эрсдэл хэмээн даатгалын зүйлийг нарийвчлан тодорхойлон заасан.

Өөрөөр хэлбэл агаарын хөлөг, газрын үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ үзүүлж болох бүх газар талбай ажлын орчинд газрын үйлчилгээний нийт 30 ажилчид албан үүргээ гүйцэтгэж байх үед даатгалын хугацаанд гэнэтийн үйл явдал эсхүл үргэлжилсэн болон дахин давтагдсан шинж чанартайгаар даатгуулагчийн зүгээс таамаглаагүй, тооцоолоогүй нөхцөл байдалд гарч болох доорх эрсдэлийн улмаас хүний биед учирсан гэмтэл, өвчин, хөдөлмөрийн чадвар алдалт болон тухайн эрсдэлээс хамаарсан үхэл хамаарч даатгалын бүх эрсдэл буюу даатгалын зүйл тодорхойлогдсон. Үүнд: *** болон *** ХК -ын хооронд байгуулсан гэрээний дагуу түрээсээр авч ашигладаг тоног төхөөрөмжүүд болон автомашинууд. Агаарын хөлөгт хүзүүвч залгах үед агаарын хөлгийн их биед учирч болзошгүй гэмтэл. Агаарын хөлөг хооронд болон газрын тусгай тоног төхөөрөмжтэй шүргэлцэх, агаарын хөлгийн урд хөл анги гэмтэх, чирэгч төхөөрөмж хугарах. Талбайд явагдах агаарын хөлгийн тийрэлтээс үүдэн талбай дээрх бусад тоног төхөөрөмжүүд, мөн ачаа тээш хийсч агаарын хөлгийг гэмтээх эрсдэл, гадаадын тээвэрлэгч нарын агаарын хөлгийн зорчигчийн хаалга болон бусад үйлчилгээ үзүүлэх хаалга нээх хаах үед учрах эрсдэл, агаарын хөлөгт ачаа тээшийг ачих, буулгах үед тохиолдож болох эрсдэл, овор ихтэй ачаа тээшээр агаарын хөлгийн хаалга, хаалганы орчин, шал, шаланд бэхлэх түгжээ, тааз, хана гэмтэх эрсдэл, агаарын хөлөгт газрын үйлчилгээг перон талбай дээр үзүүлэх явцад цаг агаарын хүнд нөхцөл /хүчтэй салхи шуурга, цасан шуурга, мөндөр, аянга цахилгаантай аадар бороо/ үүдэн агаарын хөлөгт гадны биетээр цохигдож гэмтэл учрах, агаарын хөлгийн хөдөлгүүр асах үед хөдөлгүүрт гадны биет сорогдох эрсдэл. Гэтэл хамгийн бага үнийн санал ирүүлсэн*** ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг /0004-0006 хуудас/ хянан үзэхэд захиалагчийн тендерийн баримт бичигт заагдсан ажилчдын үйл ажиллагаанаас болон байгалийн хүчин зүйлийн улмаас зөвхөн захиалагчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд учирч болох эрсдэлийг 100% даатгахаар заасан нь Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 Тендерийн (баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага-ыг хангаагүй тул үнэлэхээс татгалзаж удаах бага үнийн санал ирүүлсэн "*** ХХК-ийн тендерийн баримт бичгийг хянан үзэхэд Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу тендерийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул мөн хуулийн 28.7.3-т энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно хэмээн заасныг тус тус үндэслэн хамгийн бага харьцуулах үнэтэй хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн *** ХХК-ийг гишүүдийн 100%-ийн саналаар шалгаруулж Гүйцэтгэх захиралд Зөвлөмж хүргүүлсэн.

Сангийн яаманд тендерийн баримт бичиг хүргүүлсэн тухайд: Сангийн яамны 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот дугаартай тендерт оролцогчоос гомдол гарсан тухай мэдэгдэл 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Газрын үйлчилгээний эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэх ***ны нарийн бичигт цохогдож ирсэн. 05 сарын 9,10 амралтын өдөр байсан тул Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга холбогдох баримт бичгүүдийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Шинэ төрлийн корона цар тахал гарсантай холбогдуулан Сангийн яамны бичиг хэргийн ажилтанд өөрийн биеэр хүргэж өгсөн байна. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сангийн яамны мэргэжилтэн Н.Түвшин утсаар яриад үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр гарын үсэг дутуу байх тул гүйцээж зуруулж ир, шууданд өгөхөөр амжихгүй байна гэсэн тул гарын үсгийг зуруулж баримт бичгүүдээ 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгсөн байхад Сангийн яам Захиалагч тендер шалгаруулалтын баримт материалыг ирүүлээгүй хэмээн гомдлыг шийдвэрлээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

*** ТӨХК-иас зарласан ***/*** дугаартай Газрын үйлчилгээний эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг Гүйцэтгэх захирлын 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот тушаалаар батлагдсан Даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо зохион байгуулж ажилласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад тендер шалгаруулалтыг цахимаар нээсэн. Тус тендерт нийт 7 компани оролцож тендерийн баримт бичиг, үнийн саналуудыг ирүүлсэн.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэснийг үндэслэн 100 хувийн саналаар *** ХХК-ийг шалгаруулсан. Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 -д заасныг үндэслэн гэрээ байгуулах эрхийг *** ХХК-д олгосон.

Гэвч захиалагчаас үл хамаарах шалтгаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаанд багтаан *** ХХК-тай гэрээ байгуулагдаагүй болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*** ХК нь Газрын үйл ажиллагааны эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай *** дугаар тендерт *** ХХК-ийг шалгаруулсан ***ны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

*** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар тушаалаар Даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж, тендерт оролцсон компанийн тендерийн баримт бичгийг хянан үзсэн байна.

Тендерт нийт 7 компани оролцсоноос*** ХК-ийн тендерийн баримт бичгийг хянан үзээд ТШӨХ-12.1-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн үнэлэхээс татгалзаж, *** ХХК-ийг тендерийн бүх шаардлагыг хангасан гэж үзэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ.

Гэвч цаг үеийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан агаарын тээврийн үйлчилгээ зогссонтой холбоотойгоор захиалагч нь тендерт шалгарсан *** ХХК-тай гэрээ байгуулаагүй байна.

***ны хурлын тэмдэглэлд ...*** ХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн жагсаалтын 3.9-т Даатгалын хугацаанд газрын үйл ажиллагааны нийт ажилтнуудын /талбай/ өдөр тутмын ажиллах үед нь учирсан хохирлыг даатгалд хамруулсан байдал, даатгалын хязгаар, хамрагдах хүрээ, даатгалын хувь хэмжээний талаарх мэдээлэл-0*** гэж заасан боловч ирүүлсэн баримтад дээрх мэдээлэл байхгүй байгаа тул шаардлага хангаагүй. гэж үзсэн талаар тусгагджээ.

*** ХК-ийн Газрын үйл ажиллагааны эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай *** дугаар тендерийн 6 дугаар бүлэг, Гэрээний тусгай нөхцөлийн 6.6-д Даатгалын зүйл: *** ХК-ийн Газрын үйл ажиллагааны эрсдэлийн даатгал, Даатгалын эрсдэл: Бүх төрлийн эрсдэл, Даатгалын хамгаалалт: 100 хувь, Даатгалд хамрагдах нийт ажилчид: талбайн үйл ажиллагаа, хяналтын ажилчид нийт 30 хүн гэж тусгасан байна.

Мөн 7 дугаар бүлэг, Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт буюу техникийн тодорхойлолтын 1.1-д Газрын зогсолт 60-90 минут байх бөгөөд газрын үйлчилгээг *** гар дохио ашиглан бууж, хөөрөх агаарын хөлөгт үзүүлэх тусгай хамгаалалтын бүс болох нисэх буудлын перон талбайд газрын үйлчилгээг бүрэн хариуцан хяналт тавьж ажиллана. Дээрх үйлчилгээг үзүүлэх явцад хүний бие, агаарын хөлөгт гэмтэл гарах эрсдэл.

1.1.1     *** болон *** ХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу түрээсээр авч ашигладаг тоног төхөөрөмжүүд болон автомашинууд

1.1.2     Агаарын хөлөгт хүзүүвч залгах үед агаарын хөлгийн их биед учирч болзошгүй гэмтэл

1.1.3     Агаарын хөлөг хооронд болон газрын тусгай тоног төхөөрөмжтэй шүргэлцэх, агаарын хөлгийн урд хөл анги гэмтэх, чирэгч төхөөрөмж хугарах

1.1.4     Талбайд явагдах агаарын хөлгийн тийрэлтээс үүдэн талбай дээрх бусад тоног төхөөрөмжүүд, мөн ачаа тээш хийсч агаарын хөлгийг гэмтээх эрсдэл

1.1.5     Гадаадын тээвэрлэгч нарын агаарын хөлгийн зорчигчийн хаалга болон бусад үйлчилгээ үзүүлэх хаалга нээх, хаах үед учрах эрсдэл

1.1.6     Агаарын хөлөгт ачаа тээшийг ачих, буулгах үед тохиолдож болох эрсдэл

1.1.7     Овор ихтэй ачаа тээшээр агаарын хөлгийн хаалга, хаалганы орчин, шал, шаланд бэхлэх түгжээ, тааз, хана гэмтэх эрсдэл

1.1.8     Агаарын хөлөгт газрын үйлчилгээг перон талбай дээр үзүүлэх явцад цаг агаарын хүнд нөхцөлөөс үүдэн агаарын хөлөгт гадны биетээр цохигдож гэмтэл учрах

1.1.9     Агаарын хөлгийн хөдөлгүүр асах үед хөдөлгүүрт гадны биет сорогдох эрсдэл гэсэн эрсдэлүүдийг зааж өгсөн.

Мөн Тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэг буюу Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 12.1-д Тендерт оролцогчийн бусад нэмэлт баримт материал ирүүлэх шаардлагатай гэж захиалагч үзвэл түүний жагсаалтыг оруулна. Үүнд:

Даатгалын хугацаанд газрын үйл ажиллагааны нийт ажилтнууд /талбайн/ өдөр тутам ажиллах үед нь учирсан хохирлыг даатгалд хамруулсан байдал, даатгалын хязгаар, хамрагдах хүрээ, даатгалын хувь хэмжээний талаарх жагсаалт гэж тодорхойлсон байна.

*** ХК-ийн тендерийн техникийн тодорхойлолтын 1.1.1-1.1.9-т заасан эрсдлүүдийн 00004 хуудсанд бүрэн тусгасан боловч *** болон *** ХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу түрээсээр авч ашигладаг тоног төхөөрөмжүүд болон автомашиныг ашиглах үеийн эрсдэл гэж хязгаарлан Даатгалын хугацаанд газрын үйл ажиллагааны нийт ажилтнууд /талбайн/ өдөр тутам ажиллах үед нь учирсан хохирлыг даатгалд хамруулсан байдал, даатгалын хязгаар, хамрагдах хүрээ, даатгалын хувь хэмжээний талаарх жагсаалт гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэн тус компанийн тендерийг үнэлэхээс татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

Тодруулбал, Тендерийн бичиг баримтын 7 дугаар бүлэгт Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт буюу техникийн тодорхойлолтын 1.1-д Газрын зогсолт 60-90 минут байх бөгөөд газрын үйлчилгээг *** гар дохио ашиглан бууж, хөөрөх агаарын хөлөгт үзүүлэх тусгай хамгаалалтын бүс болох нисэх буудлын перон талбайд газрын үйлчилгээг бүрэн хариуцан хяналт тавьж ажиллана. Дээрх үйлчилгээг үзүүлэх явцад хүний бие, агаарын хөлөгт гэмтэл гарах эрсдэл. гэж тусгайлан заасан шаардлагыг*** ХК-ийн тендерийн баримт бичигт нарийвчлан тусгаагүй, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 12.1-д заасан Даатгалын хугацаанд газрын үйл ажиллагааны нийт ажилтнууд /талбайн/ өдөр тутам ажиллах үед нь учирсан хохирлыг даатгалд хамруулсан байдал, даатгалын хязгаар, хамрагдах хүрээ, даатгалын хувь хэмжээний талаарх жагсаалт-ыг*** ХК-иас ирүүлээгүй байна.

Хариуцагч ***ноос шаардлагад нийцсэн гэж үзсэн *** ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг шүүх хуралдааны явцад судлан үзэхэд уг тендерт хамтран оролцогч *** ХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар даатгалын баталгааны Даатгалын эрсдэл хэсгийн 1 дүгээрт Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 12.1-д заасан Даатгалын хугацаанд газрын үйл ажиллагааны нийт ажилтнууд /талбайн/ өдөр тутам ажиллах үед нь учирсан хохирлыг даатгалд хамруулсан байдал, даатгалын хязгаар, хамрагдах хүрээ, даатгалын хувь хэмжээний талаарх жагсаалт-ыг ирүүлжээ. /СиДи бичлэг/

Хариуцагч *** нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:, 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага. гэж зааснаар*** ХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлага хангаагүй гэж үзсэн.

Мөн хуулийн 27.3.Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ., 27.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана., 28 дугаар зүйлийн 28.1. Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ., 28.3. Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна. гэж заасан.

Дээрх зохицуулалтын дагуу*** ХК-ийн тендер нь үнэлгээний хорооноос тендерийг хянан үзэх шатанд хасагдсан тул, хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж маргаж буй нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тендерийг хянан үзэх шатанд тендерийн үнэ хамааралгүй, харин хянан үзэх шатнаас шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн тендерүүдийг үнэлэх шалгуур болох юм.

*** ХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 12.1-д заасан Татварын тодорхойлолт, Нийгмийн даатгалын тодорхойлолт ирүүлсэн болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж, энэ үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй.

Эдгээр нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд*** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул *** ХК-ийн Газрын үйл ажиллагааны эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай *** дугаар тендерт *** ХХК-ийг шалгаруулсан ***ны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч*** ХК-ийн Газрын үйл ажиллагааны эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай *** дугаар тендерт *** ХХК-ийг шалгаруулсан тус ***ны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.АДЪЯАСҮРЭН