| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/03805/И |
| Дугаар | 102/ШШ2024/04106 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/04106
| 2024 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/04106 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С ХХК
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: А.О-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 125,425,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Е, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. С ХХК, Б.М нар нь А.О-д холбогдуулан 125,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Зээлдэгч А.О нь С ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.М-тай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч А.О-н ...тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч А.О нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүүгийн төлбөр 38,400,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Харин үндсэн зээлийн төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 15,500,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,000.000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөөгүй юм. Бидний хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу алданги тооцоход 10,000,000 төгрөг болж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,600 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Зээлдэгч А.О 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай С ХХК-тай "Зээлийн гэрээ” байгуулж, 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, машиныг барьцаалан унаж явах нөхцөлтэй зээлсэн. Уг зээлийг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч А.О-н гэрээнд заасан .... дансанд шилжүүлсэн. Зээлдэгч А.О нь мөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай "С ХХК-тай "Зээлийн гэрээ” байгуулж, дахин 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй нэмж зээлсэн. Уг зээлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч А.О-г .. тоот дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нэмж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч А.О-н ... дансанд 8,000,000 төгрөгийг бэлнээр тус тус өгч нийт А.О-д машин барьцаалан 20 сая төгрөгийн зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч А.О нь "Бүгд Найрамдах Солонгос улс руу ажил хийхээр явах болсон тул автомашинаа замын зардал болон визний барьцаанд 17 сая төгрөгөнд зарж, ирээд төлөх нөхцөлтэй эргэж ирж зээлээ төлж барагдуулъя" гэсэн хүсэлт гаргасны дагуу...автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөн барьцаа хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр зарсан. Зээлдэгч А.О-н зээлийн төлөлт нь дараах байдлаар төлөгдсөн. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүүгийн төлбөрт 7,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүүгийн төлбөрт 2,900,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 535,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүүгийн төлбөрт 3,565,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөг тус тус төлж нийт 23 сая төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 31,625,000 төгрөг, нийт 45,625,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Мөн зээлдэгч А.О нь Хөх хотод гэр бүлийн хамт явж байхдаа мөнгөгүй боллоо туслаач Улаанбаатарт очихдоо гэрээ хийе гэсэн хүсэлтийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зээлдэгч А.О-н ... тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэмж бэлнээр олгон нийт 20,000,000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай сарын хүүг 2.5 хувь байхаар харилцан тохиролцон "С ХХК-тай ... дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулсан. Зээлдэгч А.О энэ зээлээс ямар ч төлбөр төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,000.000 төгрөг, зээлийн хүү 29,800,000 төгрөг, нийт 49,800,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Зээлдэгч А.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Бидний зүгээс тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд бидний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “А.О нь С ХХК-иас зээл аваагүй, харин иргэн Б.М-с зээл авсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2017 онд байгуулагдсан иргэд хоорондын зээлийн гэрээг хожим шалгалт ирэх болоод банк бус санхүүгийн байгууллагаар хийсэн гэж байна. С бус санхүүгийн байгууллага дээр бүртгэлтэй зээл А.О байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээл авсан бол буцаан төлөх үүрэгтэй. 2017 оны зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3. Нэхэмжлэгчээс С ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, зээлийн тооцоо /хх 4-5/, бэлэн мөнгөний баримт /хх 6/, Сүлд санхүүгийн нэгдэл банк бус санхүүгийн байгууллагын 2019 оны 7-р сарын 10-ны өдрийн ТЗ-20190710-01 тоот зээлийн гэрээ /хх 7-9/, бэлэн мөнгөний баримт /хх 10/, 2019-07-06-ны өдрийн ...01 тоот зээлийн гэрээ /хх 11-13/, А.О, Б.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 14-15/, Сүлд финанс банк бус санхүүгийн байгууллага ХХК-ний дүрэм /хх 16-18/, Б.М ХААН банкны дансны хуулга /хх 64-65, 69-70, 77-80/, 2017-06-05-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх 66-67/, А.О өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 68/, С бус санхүүгийн байгууллагын 2017-07-05-ны өдрийн ТЗ-20170705-04 тоот зээлийн болон барьцааны гэрээ /хх 71-76/, 2018-06-11-ний өдрийн ..... тоот зээлийн болон барьцааны гэрээ /хх 81-85/, 2019-06-06-ны өдрийн ...тоот зээлийн гэрээ, дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх 86-90/ зэрэг баримтыг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
5. Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 125,425,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, иргэнтэй зээлийн гэрээ байгуулсан, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
С ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл С ХХК-иар үйл ажиллагаа явуулж байсан болох нь хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаагаар тогтоогдож байна.
Б.М нь А.О 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэх, барьцааны гэрээгээр А.О өмчлөлийн, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлээс 15 000 000 төгрөг /хх 66-70/ төлсөн.
С санхүүгийн байгууллага нь А.О-тэй 2017-07 дугаар сарын 05-ны өдрийн ТЗ-20170705-04 тоот зээлийн болон барьцааны гэрээ /хх 71-76/ байгуулж 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй,... зээлүүлэхээр тохирсон байна. Б.М банкны данснаас зээлдэгчид шилжүүлсэн /хх 71-77/ байна.
Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр С санхүүгийн байгууллагын данснаас 8 000 000 төгрөгийг гаргуулж авсан, улмаар А.О-н дансанд шилжүүлсэн, тухайн өдөр Б.М нь өөрийн данснаас 2 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг зээлүүлжээ. /хх 78-79/
С санхүүгийн байгууллагын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ТЗ-20180611-01 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцжээ./хх 81-85/
байгууллагын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон боловч мөнгийг Б.М-н данснаас тус тус шилжүүлжээ. /хх 86-90/
С байгууллага болон А.О нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 39 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан /хх 7-9/ байх ба энэ гэрээгээр зээлдэгчид 39 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, энэ гэрээний дагуу шаардах эрхээ тодорхойлоогүй болно.
7. Нэхэмжлэгч Б.М болон А.О нар 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдэгчид шилжүүлсэн тул талуудын хооронд 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн 40,000,000 төгрөгийн зарим хэсгийг хариуцагч төлж барагдуулаагүй байна.
Хариуцагч зээлийн гэрээний хариу үүрэгт нийт 81,400,000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүрэгт 58,400,000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээл 20,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн зааснаар дээрх гэрээнд 1 жилийн хугацаанд 38,400,000 хүү тохирсон нь хуульд нийцжээ.
Түүнчлэн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.
Алдангийн хэмжээг зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 20,000,000 төгрөгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.М нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй болжээ.
8. Харин нэхэмжлэгч С ХХК-ийн шаардах эрхээ тодорхойлсон С болон хариуцагч А.О нарын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн... зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот зээлийн гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн .... тоот зээлийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ...тоот зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд иргэнээс зээлийг шилжүүлсэн байхад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч С ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд хуулиар тогтоосон зээл олгох журам, зээлийн гэрээ байгуулах шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд өөрийн хөрөнгөөр зээлийн үйл ажиллагаа явуулах ёстой.
Мөн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот зээлийн гэрээний шаардлага 10,000,000 төгрөг давхцаж байхаас гадна 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот зээлийн гэрээг нөхөж хийжээ.
Иймээс С болон хариуцагч А.О нарын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн...тоот зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн... тоот зээлийн гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус юм.
9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй” зааснаар хариуцагч зээлийн гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардаагүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй болжээ.
С ХХК болон А.О нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч Б.М болон А.О нарын хооронд гэрээний бус үүргийн харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.
“Хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ.
Хариуцагч А.О нь үүрэг гүйцэтгэгч этгээдээс шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 81,400,000 төгрөгөөс үлдэх 23,000,000 төгрөгийг хасаж тооцвол 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй болжээ.
10. Иймээс хариуцагч А.О-с зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,000,000 төгрөг, нийт 47,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхтуулд олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч Б.М нь гэрээний үүргээ биелүүлсэн, хариу үүргийг шаардах эрхтэй бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна.
Хариуцагч 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон хүүгийн төлбөрт 5,000,000 төгрөг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох хүү төлөх хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох учир 2024 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэл гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаардаг болохоор нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор гаргажээ.
Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
12. Шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 392,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А.О-с 47,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, үлдэх 78,425,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 392,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ