Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/04025

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/04025

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.У

 

Хариуцагч: Х.М

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Х.М-н хүсэлтээр 1,300,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 130,000 төгрөгийн хүүтэй өгсөн боловч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 400,000 төгрөг өгөөд, өөр төлбөр төлөөгүй тул 1,030,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх 4/, О.Усны эхийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6-7/ шүүхэд гарган өгчээ.

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээ /хх 5/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй учир үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 1,030,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 1,946,670 төгрөг болгон нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болно.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.У нь 1,300,000 төгрөгийг хариуцагч Х.М-т 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн болох нь хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч Х.М нь нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

8. Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч бодитоор 1,300,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн тул талуудын хооронд 1,300,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул хариуцагчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 400,000 төгрөгийг хасвал хариуцагч 900,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө шилжүүлснээр мөнгөн зээлийн гэрээ байгуулагддаг тул хариуцагч зээлсэн мөнгийг төлж, аман гэрээгээр тохиролцсон үүргээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй болжээ.

Нэхэмжлэгч хариуцагчтай 15 хоногийн 130,000 төгрөгийн хүү тохирсон гэх боловч тохирсон болохоо баримтаар нотлоогүй, бичгээр тохиролцсон зүйлгүй тул хүү авах эрхээ алджээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож, хариуцагчаас 26.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор болгов. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.М-с 900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.У-д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.У нь 516,670 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,750 төгрөгөөс 39,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас илүү тушаасан 43,037 төгрөг, хариуцагчаас 26,150 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ