Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Гончигсумлаа |
Хэргийн индекс | 144/2024/00041/И |
Дугаар | 183/ШШ2024/03451 |
Огноо | 2024-08-29 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/03451
2024 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2024/03451 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, шүүгч Ш.Отгонбаяр, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***-р хороо, Нийслэлийн хүрээ өргөн чөлөө гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух, А овогт Г ийн З /РД:*****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, **-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Их хуралдай оффис ** тоотод байрлах, И ХХК /РД:*****/-д холбогдох
Гэм хорын 28,923,391 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.З,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Г боомтын ойролцоох нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай замын 235 дахь тэмдэгтэд, И ХХК-ийн эзэмшлийн *** АЧ улсын дугаартай чиргүүл бүхий **** ӨМА улсын дугаартай STEYR маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчин эсрэг урсгалаар зорчин явж байсан Г.З миний эзэмшлийн *** УНҮ улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол /хөл тайруулсан/ болон тээврийн хэрэгслийг сүйтгэн 39,320,000 төгрөгийн онц их хэмжээний шууд хохирол учруулж байсан билээ. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай Сум дундын 16 дугаар шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орпотед, протезын хэрэгсэл олгох нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр баруун хөлийн протез шинэчлэх тухай тодорхойлолтын дагуу Монгол Улсад солих боломжгүй байгаа тул Илгуан протез компаниас Солонгос Улсад ирэх урилга илгээсэн. 2016 онд энэ компаниас хиймэл хөл худалдан авч уг компаниар хиймэл хөлийн бортого солиулж Монгол улсдаа ирсэн билээ. Иймд уг гарсан эмчилгээний зардал болох УБ-СӨҮЛ-УБ 2 талын нислэгийн тийз, МИАТ-2919 300 төгрөг, Буудал 7 хоног 4/22-4/29 кредит картаас татагдсан-3,250,491 төгрөг, Инчоноос Сөүл хүртэл такси- 171,788 төгрөг, Солонгост холбоо барих 2 утасны дугаар- 192,960 төгрөг, Таяг 2 ширхэг-268,000 төгрөг, Силиконон оймс-4,824,000 төгрөг, Бортого буюу углуурга- 16,884,000 төгрөг, Сөүлээс Инчон хүртэл такси- 157,852 төгрөг, Орчуулга- 255 000 төгрөг, нийт 28,923,391 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжилж байна. гэжээ.
2.Хариуцагч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг нь яг 10 жил болж байгаа нь хэрэгт авагдсан материалаас харагдаж байна. Хариуцагчийн зүгээс хэрэг маргаан нь хуулийн хүрээнд явагдана гэж үзэж байна. 2014 оны Сумдын дундын 16 дугаар шүүхийн шийтгэл тогтоол дээр цаашид гарах эмчилгээний зардал болон асаргаа сувилгааны зардлуудаа Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байдаг. Уг зүйл нь 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааж өгсөн байдаг. Хариуцагчаар Завхан аймагт амьдардаг Ш.Б г хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцвал зохих этгээд нь энэ хүн байна гэж үзээд байна. Энэ хүсэлтийг гаргахгүй байгаад цааш үргэлжилбэл хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл гэж бодож байна. 2014 онд болсон асуудлыг шүүхийн шийдвэрээр тогтоосон үнийн дүнг хариуцагч компани нь шийдвэрлэсэн асуудал байдаг гэв. гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... хариуцагч этгээд Б нь 3 жилийн хорих ял аваад, тэнсэн харгалзах ял аваад дахин ажлаа хийгээгүй, холбоо тасарсан. Хохирогч Г.З нь байгууллагаас хохирлоо аваад явсан цаашид гарах зардлыг тухайн байгууллагаас л авмаар байгаагаа мэдэгдсэн. 2024 оны 8 сарын 26-ны өдөр уг осол гарсан. Уг ослоос улбаалсан бие эрхтний хүнд гэмтэл учирсан. Миний хиймэл хөлийг холбогд силикон солих хугацаа болсон. Сугарч унаад байгаа үүнийг дахин солиулах шаардлагатай байна. Хариуцагч гэм буруутай шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Машин техникийн нэхэмжлэл дээр эрүүгийн хэргээс хохирлоо компаниас авсан. Хариуцагч татан нэмэгдүүлэхэд шүүхээс татгалзсан хариу гарлаа. Ирээдүйд гарах зардлыг хуульд зааснаар 505.1-д зааснаар тухайн гэм буруутай этгээдийг хариуцагчаар татуулах шүүгчийн дүгнэлтийг дэмжиж байна. Хуралд орж ирэхээсээ өмнө хэргийн баримттай танилцсан. Миний хувьд хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудыг өөрийнхөө хэмжээнд хянаж үзсэн. Би Солонгос Улсад сурч байсан учраас баримтууд бол баталгаатай байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн гаргасан зардал нь бодит гэж санагдсан. Хариуцагчаар Ш.Б г татах нь үндэслэлгүй байна. гэсэн шүүгчийн шийдвэртэй санал нэг байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлаагаа, Ө.Б гийн иргэний үнэмлэхийн лавлаагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, урилга, төлбөрийн баримт, баримт, захиалгын баталгаажуулалт, Ө.Б гийн хаан банк дахь дансны хуулга, урьдчилсан төлбөрт гар утасны захиалгын маягт, баримт, МИАТ ТӨХК-д Г.З ын гаргасан өргөдөл, нислэгийн тиз, төлбөрийн баримт, фото зураг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн поликлиникийн 2023 оны 3 сарын 30-ны өдрийн Ортопед, протезийн хэрэгсэл олгох нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт, 2023 оны 4 сарны 21-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, миат баримт, төлбөрийн баримт, Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч И ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 28,923,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэргийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд: 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр И ХХК-ийн эзэмшлийн **** АЧ улсын дугаартай чиргүүл бүхий **** ӨМА улсын дугаартай STEYR маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж, эрүүл мэндэд хохирол учруулсан. Орпотед, протезын хэрэгсэл олгох нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр баруун хөлийн протез шинэчлэх нь Монгол Улсад солих боломжгүй байгаа тул Солонгос Улсад хийлгэхээр болсон. 2016 онд энэ компаниас хиймэл хөл худалдан авч, хиймэл хөлийн бортого солиулж байсан. Иймд уг гарсан эмчилгээний зардал болох УБ-СӨҮЛ-УБ 2 талын нислэгийн тийз, МИАТ-2919,300 төгрөг, Буудал 7 хоног 4/22-4/29 кредит картаас татагдсан-3,250,491 төгрөг, Инчоноос Сөүл хүртэл такси- 171,788 төгрөг, Солонгост холбоо барих 2 утасны дугаар- 192,960 төгрөг, Таяг 2 ширхэг-268,000 төгрөг, Силиконон оймс-4,824,000 төгрөг, Бортого буюу углуурга- 16,884,000 төгрөг, Сөүлээс Инчон хүртэл такси -157,852 төгрөг, Орчуулга-255,000 төгрөг, нийт 28,923,391 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжилж байна. гэв.
3.Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А д 2024 оны 3 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах ёстой этгээд биш юм. Иргэний хуулийн 505 дугаар 505.1-д зааснаар нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа уг ослыг гаргасан гэм буруутай этгээд болох автомашины жолооч Ш.Б гаас шаардах нь зүйтэй. Мөн И ХХК нь үйл ажиллагаа явуулахгүй зогсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэж тайлбар гаргажээ.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
И ХХК-ийн ажилтан жолооч Ш.Б нь 2014 оны 8 сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Г боомтын ойролцоо И ХХК-ийн эзэмшлийн **** АЧ улсын дугаартай ачааны чиргүүлтэй *** ӨМА улсын дугаартай Стэйир маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчин эсрэг урсгалаар зорчин явсан Г.З ын эзэмшлийн **** УНҮ улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Г.З ын биед хүнд гэмтэл учруулсан болох нь Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 24-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.З ын гэмтээсэн тээврийн хэрэгсэл нь И ХХК-ийн эзэмшлийнх болох, нэхэмжлэгч Г.З нь тус ослын улмаас хүнд гэмтсэн, нэхэмжлэгч нь баруун хөлсний протезыг шинэчлэх шаардлагатай эсэх, тус протезын шинэчлэлийг зөвхөн Бүгд найрамдах солонгос улсад хийдэг буюу тус улсруу зорчих шаардлагатай эсэх, протезын шинэчлэлийн үнэ болон түүнтэй холбогдох бусад зардал үндэслэлтэй эсэх талаар талууд маргаагүй.
Харин тус зардлыг хариуцах этгээд нь И ХХК мөн эсэх, тус компаний нь өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх талаар талууд маргасан.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Г.З нь 2014 оны 8 сарын 26-ны өдрийн ослын улмаас өөрт хийлгэсэн хиймэл хөлийн протезыг шинэчлэх, түүнтэй холбоотой бусад зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
2014 оны 8 сарын 26-ны өдрийн авто ослын И ХХК-ийн жолооч гаргасан байх тул тус компанийг гэм буруутай этгээд гэж үзнэ. Мөн хариуцагч И ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ хэрэгт авагдсан ба тус компани нь татан буугдсан, эсхүл уг компанийн эрхийг өөр бусад этгээд залгамжлан авсан баримт хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтыг шинжлэн судалбал бортог 6,300,000 вон, зочид буудлын төлбөр 1,203,804 вон, таксины төлбөр 123,000 вон, 2 ширхэг таяг 100,000 вон, силикон оймс 1,800,000 вон, нийт 9,526,804 вон буюу 24,198,082 төгрөг, онгоцны билет 2,919,300 төгрөг, орчуулга 255,000 төгрөг болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч нь гадаад мөнгөн дэвсгэрт буюу воны ханшийг нэхэмжлэл гаргасан өдрөөс өөр өдрийн ханшаар тооцсоны улмаас 1,551,009 төгрөг илүү тооцсон буюу уг хэсэг баримтаар тогтоогдоогүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын захирам хэсгийг хангаж, хариуцагч И ХХК-иас 27,372,382 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.З т олгож, үлдэх 1,551,009 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэдийн төлөөлөгч Н.Б нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүх хуралдааныг явцад хариуцагчаар н.Б г татах тухай хүсэлтийг шүүх татгалзсан нь үндэслэлтэй гэж тайлбарлав. Мөн нэхэмжлэгчийн гаргасан зардал нь бодит бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа талаар дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч И ХХК-иас 27,372,382 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.З т олгож, үлдэх 1,551,009 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 294,812 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ
Ш.ОТГОНБАЯР