| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 181/2020/00119/и |
| Дугаар | 884 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 884
| 2020 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2020/00884 |
А.Жгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/0642 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Жгийн хариуцагч “Х.Б” ХХК-д холбогдуулан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мон вакуум цонх ХХК болон иргэн А.Баясгалан нар нь Х.Б ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 7119 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 24 сарын хугацаатай 80,000,000 төгрөг зээлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А.Ж нь Хасбанк ХХК-тай мөн өдөр 711901 дугаар Баталгаат ипотекийн гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 61 тоот хаягт байрлах 41 мкв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. “Мон вакуум цонх” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээний төлбөрт Ханбогд рессиденс хороолол орон сууц хотхонд байрлах 40,74 мкв орон сууцыг өгч зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн. А.Жгийн хувьд 7119 дугаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул Х.Бинд хандан орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх гэтэл банк зээлийн гэрээний үүрэгт 4 280 000 төгрөгийн төлөлт дутуу байна, уг төлбөрийг төлчихвөл орон орон сууцыг чөлөөлж өгнө гэсний дагуу А.Ж 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,280,000 төгрөг Х.Б ХХК-д төлсөн боловч Х.Б ХХК-аас 5001017119-01 дугаартай Зээлийн гэрээний баталгаат ипотекийн гэрээг дуусгавар болгосон, орон сууцыг чөлөөлөх тухай бичиг хийж өгөх үүргээ биелүүлээгүй. А.Жгийн зүгээс Х.Бинд орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг удаа дараа шаардаж ирсэн ба өмгөөлөгч ч 2019 оны 09 дүгээр сард орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг өгсөн боловч банк бичгээр бидэнд хариу өгөөгүй. Мөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол банкинд Х.Бны хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан ба 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б-6/1399 тоот албан тоотоор болон амаар бид банкны үйл ажиллагаанд шууд нөлөөлж, шийдвэр гаргах боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Ийнхүү А.Ж нь орон сууцаа Х.Бны барьцаанаас чөлөөлүүлж авч чадахгүй байх тул Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20-61 тоот хаягт байрлалтай, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 5001017119-01 тоот баталгаат ипотекийн гэрээнээс чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Б ХХК нь Мон вакуум цонх ХХК болон А.Баясгалан нартай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сая 5001017119 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан, тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаат ипотекийн гэрээг байгуулан А.Ж, Б.Ариунбат, А.Очирхүү, А.Амар нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 61 тоот хаягт байршилтай 41 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн Х.Б ХХК-д Мон вакуум цонх болон А.Баясгалан нартай 2013 оны 04 сарын 03-ны өдөр 1570029 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээг үүргийн гүйцэтгэл хангуулахаар 1570002990-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Мон вакуум цонх ХХК-ийн 4815 мкв газар эзэмших эрх, Ч.Агвааночирын өмчлөлийн У2024029318 дугаартай, 74,2 мкв талбайтай, 3 өрөө орон сууц болон үйлдвэрийн зориулалттай барилга зэрэг эдгээр хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч Мон вакуум цонх ХХК-д тус зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлөөгүй байсан тул Х.Б ХХК нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэр гарсан, Мон вакуум цонх ХХК болон н.Баясгалан нараас зээлийн гэрээний үүрэг болон бусад заалтад 716,868,274 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлд барьцаат хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016Ш/0536 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1 дугаар зүйлд заасны дагуу Мон вакуум цонх ХХК болон Баясгалан нараас 716,868,274 төгрөгийг гаруулж, Х.Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 158, 175 дугаар зүйлд заасны дагуу Мон бавуум цонх ХХК болон Баясгалан нар төлбөрийг эс төлбөл нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20-61 тоот хаягт байршилтай 41 мкв талбайтай 3 өрөө орон сууц болон өмнө нь дурдсан хөрөнгүүдээр өөрөөр хэлбэл маргаад байгаа энэ хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэж 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгөөр хангуулахаар гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 02927 дугаар шүүгчийн захирамж, 327 дугаар гүйцэтгэх хуудас гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Тус нэхэмжлэлд дурдсан Мон вакуум цонх ХХК болон Баясгалан нар нь Х.Б ХХК-тай байгуулсан 7119 дугаар Зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулсан нь дансны хуулгаар тогтоогдож байгаа. Хасбанк ХХК нь Мон вакуум цонх ХХК болон Баясгалан нарын хооронд байгуулагдсан 167002990 дугаар барьцаат зээлийн гэрээний төлбөр нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 572,676,299 төгрөгийн үлдэгдэлтэй хэвээр байгаа юм. Барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болдог. Энд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан байгаа. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийсний дагуу барьцаалагчийн шаардлага хангасан гэж үзнэ гэж заасан. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрээс үзэх юм бол нийт төлбөрийг хариуцагчаас бүрэн төлж барагдуулаагүй учраас банкны эрх ашиг өнөөдрийг хүртэл хөндөгдсөөр байгаа. Банкны барьцааны эрх дуусгавар болоогүй гэж үзэж байна. Иймд Мон вакуум цонх ХХК болон Баясгалан нар шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч А.Жгийн маргаан бүхий эд хөрөнгө буюу 20-61 тоот хаягт байрлах 41 мкв талбайтай 3 өрөө орон сууцын үнийн дүнгээс тус барьцааг хангуулах эрхтэй нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дах заалтад зааснаар нэхэмжлэгч А.Жгийн хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Х.Б ХХК болон Мон вакуум цонх ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 5001017119 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006752 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Х.Б ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05036 дугаар шийдвэрээр 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 157002590 дугаар Барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5001017119 дугаартай зээлийн шугамын гэрээтэй буюу тусдаа 2 гэрээтэй холбоотой шаардлагыг хамтатган шийдвэрлэсэн, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5001017119 дугаар зээлийн шугамын гэрээний үүргийг хариуцагч нар биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх заалтад барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гэж заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х.Б ХХК болон А.Ж нарын хооронд байгуулагдсан 5001017119-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээ гэх нэртэй гэрээний дагуу үүссэн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзнэ гэсэн байна. Баянзүрх дүүргийн 5036 дугаар шийдвэрээр 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1570002590 дугаар Барьцаат зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар сайн дураар эс төлбөл Мон Ваакум цонх ХХК-ийн Улаанбаатар, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах ГД:0231826 дугаартай 4815 м.кв газар эзэмших эрх, Ч.Агваан-Очирын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 81 дүгээр байрны 29 тоот хаягт байрлах, Ү-2204029318 дугаартай 74.2 м.кв 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж, 262б тоот хаягт байрлах Ү-2204022671 дугаартай 40 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262б тоот хаягт байрлах Ү-2204008682 дугаартай, 86,4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгын үнийн дүнгээс 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5001017119 дугаар Зээлийн шугамын гэрээний төлбөрийг хариуцагч нар сайн дураар эс төлбөл Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах байдлаар тухайлан салгаж шийдвэрлээгүй, Мон Ваакум цонх ХХК, А.Баясгалан нар төлбөрийг сайн дураар эс төлбөл нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 4/46 дугаар албан бичгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05036 дугаар шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөр өнөөдрийг хүртэл бүрэн төлөгдөөгүй, банкны эрх ашиг хөндөгдсөн хэвээр байгаа. Мон Вакуум цонх ХХК болон А.Баясгалан нар нь шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч “Х.Б” ХХК-д холбогдуулан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
“Х.Б” ХХК, А.Ж нар нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5001017119-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Х.Б” ХХК болон “Мон вакуум цонх” ХХК нарын хооронд байгуулагдсан 5001017119 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.Ж, Б.Ариунбат, А.Очирхүү, А.Анар нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоот хаягт байршилтай, Ү-2203006752 дугаарт бүртгэлтэй 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05036 дугаар шийдвэрээр “Х.Б” ХХК-ийн зээлийн төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. /хх 63-70, 113-119 дүгээр тал/
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан хэдий ч хуульд заасны дагуу үндсэн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд барьцааны гэрээний дагуу шаардах эрх дуусгавар болох учиртай.
“Х.Б” ХХК болон “Мон вакуум цонх” ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 5001017119 дугаар зээлийн гэрээний үүрэг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хамгийн сүүлд зээлдэгч 4 280 000 төгрөг төлснөөр энэхүү зээлийн гэрээний үүрэг биелэгдэж, “Х.Б” ХХК болон А.Ж нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 5001017119-01 тоот Баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон нь хэрэгт авагдсан Х.Бин дах “Мон вакуум цонх” ХХК-ийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон. /хх-97-99/ Энэ талаар талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно” гэж зааснаар Х.Бны барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул түүний барьцааны эрх дуусгавар болжээ. Тодруулбал, А.Ж нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоот хаягт байршилтай, Ү-2203006752 дугаарт бүртгэлтэй 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангагдах шаардлага болох 80 000 000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч “Мон вакуум цонх” ХХК нь бүрэн төлж дуусгасан байх тул “Х.Б” ХХК орон сууцыг А.Жд буцаан өгөх үүрэгтэй. Учир нь, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч А.Ж нь “2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5001017119 дугаар зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн” үндэслэлээр барьцааны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй болно.
Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05036 дугаар шийдвэрээр хоёр гэрээний буюу 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1570002590 дугаар Барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5001017119 дугаар Зээлийн шугамын гэрээтэй холбоотой шаардлагыг хамтатган шийдвэрлэсэн. Зээлдэгч төлбөрийг сайн дураар эс төлбөл Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс 1570002590 дугаар Барьцаат зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг ч бас хангуулах ёстой гэх агуулга бүхий тайлбар, гомдол гаргах боловч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөр төлөгдөөгүй 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1570002590 дугаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар тохиролцсон болон барьцаалсан, гэрээнд өөрчлөлт оруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гомдол үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, барьцааны гэрээний эрх дуусгавар болсон учир нэхэмжлэгчийн 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “Х.Б” ХХК-нд даалгах үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иймд, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/0642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Б.НАРМАНДАХ