| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2015 2501 2561 |
| Дугаар | 2020/ДШМ/1443 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ДШМ/1443
У.М, Х.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б,
шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1499 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн Х.Т, У.М нарт холбогдох эрүүгийн 2015 2501 2561 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Х.Т нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ажнай 76” дугаар байрны 2 дугаар орцны шатны доод хонгилд иргэн С.Жыг гараараа толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж унагаан улмаар толгой хэсэг рүү нь 2 удаа хөлөөрөө дэвсэж суурь ясны шугаман хугарал бүхий гэмтэл учруулж алсан,
У.М нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ажнай 76” дугаар байрны ... дугаар орцны шатны доод хонгилд иргэн С.Жыг Х.Т зодож алсан гэх 2015 2501 2561 дугаартай хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 11 цаг 57 минутад Мөрдөн байцаах албаны уулзалт мэдүүлэг авах 506 тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тэгээд би Х.Тийг за хайраа больё, бузар хэрүүлтэй газар унтахгүй явъя гээд сууж байгаад хажууд байсан модон шатнаас татаад боссон чинь шат наашаа унаад тэр хүний цээж хэсэг дээр зөөлхөн уначихсан юм. ...тэгээд манай нөхөр энэ дандаа энэ бузартай газар байх ёстой юм бэ гэж хэлээд талийгаачийг хагас хажуулдаад хэвтэж байхад тэр хүний дээр унасан байсан шатны гол хэсэгт нь хоёр удаа дэвссэн. ...байхгүй за, байхгүй ч гэж дээ би ч бас хөл, гуя, хаа хавьцаа нь бас өшиглөсөн, хэвтчихсэн байхдаа гарахдаа хөл рүү нь өшиглөсөн. ...” гэж,
мөн 2020 оны 3 дугаар сарын 31-ний 16 цаг 04 минутад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тэр нас барсан хүн архи аягалж байхдаа өөртөө их хийгээд бусдад нь жаахан жаахан хийгээд байсан юм. Тэгэхээр нь би чи яагаад өөртөө их хийгээд бид нарт бага хийгээд байгаа юм бэ гэсэн чинь чи юугаа мэддэг юм, харанхуйд харахгүй байна, ялгаагүй л хийж байна гичий минь, жингэр минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд хажууд байсан хоолойг аваад гараараа саваад хойшоо цохичихсон юм. Толгой нүүр хэсэг рүү нь цохисон байх. Тэгсэн чинь хана руу толгойгоороо саваад урагшаа тонгойгоод суусан юм. ...” гэж тус тус худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр, У.Мгийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Тийг хүнийг алах, шүүгдэгч У. Мг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тт 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тт оногдуулсан 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Мгийн цагдан хоригдсон 19 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 152 цагийг түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, 328 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Тийн цагдан хоригдсон 291 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Х.Төөс 7.828.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хүчин Т болмогц эд мөрийн баримтаар хураагдсан У.Мгийн гэрчээр мэдүүлэг авахдаа дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн сиди 3 ширхэг, ЦЕГ-ын тусгай дугаарын 102 дугаарын дуудлага мэдээллийн сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, сантехникийн хоолойн зөөлөвч 2 ширхэг, 0.75 граммын Бурхан Халдун гэсэн бичигтэй архины шил 1 ширхгийг устгахын тус шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Х.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байр суурьтай байна. Энэ хэрэгт санаатай худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон У.М нь Х.Тийн эхнэр байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болох хугацаанд нас барсан байдаг. Х.Т болон У.М агсан нар 2 ойтой бага насны хүүхэдтэй ба хүүхэд нь асран хамгаалагч байхгүй үлдсэн. Шүүгдэгч Х.Тийн гэм буруугаа хүлээсэн байдал, гэмт хэрэгтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, мөн бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Х.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Х.Т надтай нэг ч удаа уулзаагүй байж ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж байгааг ойлгохгүй байна. Ялыг нь хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Тт оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. У.М нь хавтас хэрэгт нийт 13 удаа мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор Х.Тийг гэмт хэрэг үйлдсэн болохыг эргэлзээ төрүүлэхээр мэдүүлэг өгч байсан нь өөрөө худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл болсон. Шүүгдэгч Х.Тийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Т нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ажнай-76” дугаар байрны 2 дугаар орцны шатны доод хонгилд үл ялих зүйлээр маргалдах явцдаа амь хохирогч С.Жыг гараараа толгой хэсэг рүү нь цохиж унагаан улмаар толгой хэсэг рүү нь хөлөөрөө дэвсэж суурь ясны шугаман хугарал бүхий гэмтэл учруулж алсан болох нь:
шүүгдэгч Х.Тийн: “...талийгаач ахын нүүр рүү гараа атгаж байгаад баруун гараараа 1 удаа цохисон чинь хойшоо унахдаа подвалийн бүргэд хаалганы цементэн довжоог мөргөөд уначихсан юм. Тэгээд босч ирээд над руу дайрах гээд гараа сарвайгаад өндийхөөр нь би баруун хөлөөрөө нүүр рүү нь өшиглөчихсөн чинь унахдаа дахиад нөгөө цементэн довжоог мөргөөд уначихсан. Талийгаач нь өндийх гэж байснаа буцаад хэвтээд өгсөн. Нэг эгч бууж ирээд “явцгаа, цагдаа дуудна шүү” гээд хөөхөөр нь У.М бид хоёр яваад өгсөн, У.М огт цохиж зодоогүй. ...” /3 хх 68-69/,
шүүгдэгч У.Мгийн: “...эхлээд хажууд нь сууж байгаад шанаа руу 1 удаа цохисон чинь цаашаа бүргэд хаалганы доод талын бетон довжоо руу толгойгоороо цохиод унагачихсан юм. Тэгээд л босч ирээгүй хэвтэж байхад нь Х.Т толгой руу нь 2 удаа гутлаараа өшиглөсөн. Би Х.Тийг “хоёулаа эртхэн шиг гаръя” гээд сугадсан чинь гарахдаа цээж, нуруу орчимд нь 1 удаа дэвссэн. ...” /2 хх 209/ гэсэн мэдүүлгүүд,
талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №1957, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №278 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 16-20/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 21-24/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 28-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 40-50/ гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1065 дугаартай: “Х.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, өөрийн үйлдэл учир холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай байна, болсон байдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлтүүдээр шүүгдэгч Х.Т нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч У.М нь энэ хэрэгт холбоотойгоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хоёр удаа мэдүүлэг өгөхдөө тус тус худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч О.Ө-ийн: “...Тэр өдөр манай охин, Х.Т нар архи уугаад сууж байгаад нэг хүнтэй муудалцаад тэр хүнийг Х.Т нь цохиод авсан чинь унахдаа бүргэд хаалганы довжоог мөргөсөн гэж ярьсан. ...Бас манай охинд Х.Т “Амаа нийлүүлэх хэрэгтэй, чи хоолойгоор тэр хүнийг цохисон гэж хэлээрэй. Амаа нийлүүлэхгүй бол чи бид хоёрын хэрэг улам хүндэрч цаашаагаа явна” гэж хэлсэн гэсэн. Мөн архи уух болгондоо үүнийгээ хэлж дарамталдаг гэсэн. “Чи буруу, зөрүү ярьчихав аа, миний ярьснаар байгаарай” гэж дарамталдаг гэсэн. ...” /2 хх 225/
шүүгдэгч Х.Тийн: “...би уурлаад талийгаач ахыг нүүр рүү нь гараа атгаж байгаад баруун гараараа 1 удаа цохисон. ...У.М бид хоёр яваад өгсөн. ...У.М огт цохиж зодоогүй. ...” /3 хх 68/,
шүүгдэгч У.Мгийн хэргээ хүлээн мэдүүлсэн /2 хх 204-205, 207, 3 хх 71/ мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Тийг хүнийг алах гэмт хэрэг, У.Мг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Х.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, У.Мгийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч У.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Х.Тт оногдуулсан 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн "Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү" гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1499 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэм хорын хохиролд шүүгдэгч Х.Төөс 7.828.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэрэгт одоогоор хохирол төлөгдсөн талаарх баримт авагдаагүй, шүүгдэгч хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Мөн шүүгдэгч Х.Т болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын зүгээс “...шүүгдэгч У.М нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нас барсан. ...шүүгдэгч Х.Т бага насны хүүхэдтэй...” гэж давж заалдсан гомдол, болон шүүх хуралдаанд тайлбарлаж байх хэдий ч хавтас хэрэгт У.М нь нас барсан талаарх ямар нэгэн баримт авагдаагүй учир түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, мөн шүүгдэгчийн бага насны хүүхдэд хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалахтай холбоотой бусад асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй, түүнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ