Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 507

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

насанд хүрээгүй хохирогч 7 настай Э.Энхрийлэнгийн хууль ёсны төлөөлөгч /эх/

Г.Жаргалсайхан,

иргэний нэхэмжлэгч Э.Долгорсүрэн

иргэний хариуцагч С.Нямдаваа

шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн

хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн

Хархорин суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч

мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт

оршин суух хаягтай, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-

ын нэгдүгээр баазад тээвэрлэлт, үйлчилгээний албаны 3 дугаар хэсэгт жолооч

ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн

145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн

хугацаагаар хянан харгалзсан,

2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн 59 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн

99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн

71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн

Б т холбогдуулж яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010039 дугаартай хэргийг 2017 оны 10

дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б  2017 оны 7 дугаар сарын 27-ны 14:00 цагийн үед Баянгол

дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн урд замд Тоёота

Приус маркийн 77-42 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “зөвшөөрсөн гэрэл дохио

асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй

яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/

явган зорчигчид зам тавьж өгнө“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч

Э.Долгорсүрэн, Э.Энхрийлэн нарыг мөргөж Э.Энхрийлэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр,

Э.Долгорсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь

бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй.

Болсон үйл явдлын талаар яллах дүгнэлтэн дээр үнэн зөв бичигдсэн байна. Тухайн үед

би гэмтэж бэртсэн хүнийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байсан. Хүнд туслах гэж

яваад ийм асуудал боллоо. Би 22 жил жолоо барьж байна. Би анхаарал болгоомжгүй

яарч сандарч явснаас болж осол гаргачихлаа. Хохирсон хүүхдүүдийн эмчилгээнд

нийтдээ 1.150.000 төгрөг төлсөн. Цаашдаа эмчилгээнд шаардагдах мөнгийг ажил хийж

төлнө. Яг одоо гаргаад өгчих мөнгө төгрөг алга байна гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Энхрийлэнгийн хууль ёсны төлөөлөгч эх

Г.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манай

хүүхдүүд Э.Долгорсүрэн, Э.Энхрийлэн нар маань явган хүний гарцан дээр явж байгаад

осолд орсон. Энэ ослоос болж 7 настай Э.Энхрийлэн аарцаг яс нь хугарсан. Манал-

Оточ эмнэлгийн төлбөрийг Б  төлнө гэчихээд төлөөгүйгээс болж тэр эмнэлэг

манай хүүхдэд дутуу дулимаг үйлчилгээ үзүүлсэн гэж бодож байгаа. Б  1.050.000

төгрөг өгсөн. Үүнээс 640.000 төгрөг нь охин Э.Долгорүсүрэнгийн эмчилгээнд, 410000

төгрөг нь Энхрийлэнгийн эмчилгээнд зарцуулагдсан. Охин Энхрийлэн 1-р улиралд

хичээлд яваагүй. Одоо өрөөсөн хөл нь халуун хүйтнийг мэдрэхгүй байгаа.

Э.Энхрийлэнтэй холбогдуулж Б аас 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд

эмийн зардалд 1.800.000 төгрөг, манай нөхөр сумандаа хувийн компанид сарын 600000

төгрөгийн цалинтай ажилладаг, нөхөр маань охиноо гурван сар асарсан тул нөхрийн

ажилгүй 3 сарын хугацааны цалин 1.800.000 төгрөг, наашаа ирж очсон замын зардалд

168.000 төгрөг болсон. Б т маш их гомдолтой байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Долгорсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр би төрсөн

дүү Э.Энхрийлэнгийн хамт зам алхаж байгаад гарцан дээр осолд орсон. Манал-Оточ

эмнэлгийн төлбөрт 500.000 төгрөг, толгойн томографи хийлгэхэд 120.000 төгрөг,

хүзүүний бэхэлгээний 20000 төгрөг нийтдээ 640.000 төгрөг Б  төлсөн. Одоогийн

байдлаар миний толгой байнга өвддөг, бөөр нуруугаар бас өвддөг болсон. Энэ осолд

орсноос болж зорьсон, төлөвлөсөн ажил төрлөө хийж чадахгүй хохирч байна.

Б аас замын зардал болон цаашид гарах эмчилгээнд нийт 2.800.000 төгрөг

нэхэмжилж байна. Энэ хүнийг мөнгөтэй болтол дүү бид хоёр шинжилгээ, эмчилгээ

хийлгэж чадахгүй явах юм болж байна уу гэв.

Иргэний хариуцагч С.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт: Би Б ын гэр бүлийн

хүн байна. Тухайн осол болоход би хамт явж байсан. Зам дээр осолд орсон хүн туслаач

гээд гуйхад нь Б  гэмтлийн эмнэлэг рүү хүргэх гэж яваад ийм осол болсон. Тоёота

Приус маркийн 77-42 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 60 хувийг нь төлөөд 40

хувьд нь би зээл авч ББСБ-аас лизингээр авсан, сард 540000 төгрөг төлдөг юм гэв.

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Э.Энхрийлэн мөрдөн байцаалтад”...Би эгч

Долгорсүрэнгийн баруун гарнаас нь хөтлөөд явган хүний гарцаар ногоон гэрэл асахаар

нь зам хөндлөн гарч явсан. Нэг мэдэхэд машин зам дээр уначихсан хөл өвдөөд байсан.

Би машины урд унасан, эгч машины хажуу талд хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг ирээд

эгч бид хоёрыг эмнэлэг рүү аваад явсан. Гэрлэн дохио ажиллаж байсан. Эгч бид хоёр

ногоон гэрэл асахаар нь гарсан. Машинууд зогсохоор нь зам хөндлөн гарсан. Мөргөсөн

машин хир хурдтай ирсэнийг мэдэхгүй. Одоо салтаа, хөлөөр өвдөж байгаа. Явахаар

өвдөөд байгаа...”/хх-ийн 18/ гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жаргалсайхан мөрдөн байцаалтад”

Хүүхдүүдээ осолд орсон талаар тухайн өдөр нь мэдсэн. Долгорсүрэн утсаар над руу

залгаад машинд мөргүүлсэн талаар надад хэлээд би шууд гэмтлийн эмнэлэгт очсон.

Хөдөлгөж болохгүй, хэвтрийн дэглэм бариарай гэж байгаа. Умдаг ясны далд

хугаралтай гарсан. Өвчтэй зовиуртай байгаа, дахин зураг авахуулна гэсэн. Одоогоор

эмчилгээний болон бусад зардал гээд 500.000 төгрөг гаргаад байна. Эмнэлэгийн

төлбөр хийгдээгүй байгаа. Жолоочоос толгойны зураг авахуулахад 120.000 төгрөг

гаргасан. Дараа нь 40.000 төгрөг өгсөн...гомдолтой байна. Цаашид эмчилгээ хийх

шаардлагатай байгаа. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Э.Долгорсүрэн мөрдөн байцаалтад” 2017 оны 7 дугаар сарын

27-ны өдөр 14 цагийн орчимд дүү Энхрийлэнгийн хамт Баянгол дүүргийн нутаг 3,4

дүгээр хорооллын эцсийн буудлын Оргил худалдааны төвийн урд талын явган хүний

гарцтай гэрэл дохиотой замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зам хөндлөн

гарахаар явган зорчигчийг гарахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асахад 1,2 дугаар эгнээнд

явсан машинууд зогсохоор нь зам хөндлөн гарч явахад миний зүүн гар талаас Т.Приус

маркийн автомашин гэнэт орж ирээд дүү бид хоёрыг мөргөсөн. Би уначихаад босож

чадахгүй байсан. Түргэн цагдаа хоёр ирээд дүү бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү аваад

явсан. Машины хөдөлгөөн дунд зэрэг зам хуурай байсан. Ногоон гэрэл асахаар дүү бид

хоёр зам хөндлөн гарсан. 1,2-р эгнээнд машинууд зогсож байсан. 3-р эгнээгээр орж

ирсэн машин зогсоогүй орж ирээд дүү бид хоёрыг явган хүний гарцан дээр гэрэл дохио

зөрчин мөргөсөн. Машин гэнэт л орж ирсэн. Машин хир хурдтай орж ирснийг мэдэхгүй

гэхдээ маш их хүчтэй мөргөсөн. Зам хөндлөн гарч явахад Энхрийлэн миний баруун гар

талд явсан. Би машины баруун талд унасан. Энхрийлэн машины урд унаад уйлаад

байсан. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг

Гэрч Э.Тамир мөрдөн байцаалтад”...2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 14

цагийн орчимд Оргил худалдааны төвийн урд буюу машин замынхаа хойд талаар

ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явдаг замаар автомашинууд явж байгаад

гэрэл дохион дээр ирж зогсох үед 2 дугаар эгнээгээр явсан Т.Приус маркын автомашин

шууд 3 дугаар эгнээгээр ороод гэрлэн дохион дээр зогсолгүй чигээрээ явахдаа

замынхаа хойноос урагшаа зам хөндлөн гарч явсан хоёр эмэгтэй хүүхдийг мөргөөд

зогссон. Мөргүүлсэн хоёр хүүхэд шидэгдэж машин зам дээр унасан. Би өөрийнхөө гар

утсаар 102 руу дуудлага өгсөн. Мөргүүлсэн хоёр хүүхэд эгч дүү хоёр байсан. Нилээд

хурдтай шууд гэрэл дохио зөрчөөд улаан гэрлээр орсон. Хоёр явган зорчигч

зөвшөөрсөн ногоон гэрлээр явж байсан. Тухайн өдөр замаар машины хөдөлгөөн сийрэг

байсан...”/хх-ийн 66/ гэх мэдүүлэг

Гэрч В.Хишигсайхан мөрдөн байцаалтад” 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би

ганцаараа 3,4-р хорооллын замаар явж байхад Оргил худалдааны төвийн урд байдаг

явган хүний гарцтай гэрэл дохиотой зам дээр 2 эмэгтэй хүүхдийг Т.Приус маркийн

автомашин мөргөөд зогссон. Би осол болсон газарт очиход эгч нь босож чадахгүй, дүү

нь уйлаад байсан. Жолооч залуу утсаар ярьж байсан...би харсан 2 хүүхэд зэрэгцээд

явж байсан. Машины зогсох улаан гэрэл ассан. Явган зорчигчийг явахыг зөвшөөрсөн

ногоон гэрэл асаж байсан. 1,2 дугаар эгнээнд машин зогссон. Хүүхэд мөргөсөн машин 3

дугаар эгнээгээр хурдтай орж ирээд 2 хүүхдийг хоёуланг нь мөргөөд унагасан...” /хх-ийн

70/ гэх мэдүүлэг

Иргэний хариуцагч С.Нямдаваа мөрдөн байцаалтад” 2017 оны 7 дугаар сарын 27-

ны өдөр 14 цагийн орчимд манай нөхөр Б  миний эзэмшлийн 77-42 УБГ

дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодоод зуун айлаас гэмтлийн эмнэлэг

орохоор танихгүй гурван зорчигчийн хамтаар Оргил худалдааны төвийн урд замаар

ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа 2 эмэгтэй хүүхэд зам хөндлөн гэнэт гараад

ирэхээр нь мөргөлөө ш дээ гэж хэлэхэд манай нөхөр тоормос гишгээд машины урд

хэсгээр мөргөөд зогссон. Тэгээд Б  бид хоёр машинаасаа буугаад мөргүүлсэн

хоёр хүүхэд дээр явж очоод дуудлага өгсөн. Машинд эвдрэл гэмтэл учраагүй. Үнэлгээ

хийлгэхгүй. Машинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 74-75/ гэх мэдүүлэг

Яллагдагчаар Б  мөрдөн байцаалтад”...2017 оны 7 дугаар сарын 27-ны

өдөр 14 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн 77-42 УБГ дугаартай Т.Приус маркын

автомашиныг жолоодоод эхнэр Нямдаваа, танихгүй 3 зорчигчийн хамтаар Гэмтлийн

эмнэлэг орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ Баянгол дүүргийн нутаг

Оргил худалдааны төвийн урд замаар гэрэл дохиотой явган хүний гарцтай замаар 3

дугаар эгнээгээр гэрэл дохиог анзаараагүй 20-30 орчим км/ цагийн хурдтай орох үед

хоёр эмэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа буюу миний баруун гар

талаас гэнэт зам хөндлөн ороод ирэхээр нь тоормос гишгээд л мөргөөд зогссон. Тэгээд

машин руугаа очоод машинд сууж явсан 3 зорчигчийг буулгаад явуулсан...машин

байхгүй байхаар нь гэрэл дохиог анзаараагүй шууд явж орсон. Мөргүүлсэн хоёр хүүхэд

явган хүний гарцаар зам хөндлөн гарч ирсэн. Эмнэлэгт хэвтсэн 2 хүүхдийн эмнэлгийн

ор хоногийн мөнгө болох 750000 төгрөг, 2 хүний томографийн зураг авахуулахад мөнгө

төгрөг гарсан.

Нийт 1.150.000 төгрөг хоёр хүний эмчилгээнд зарцуулсан. Би ВСДЕ ангилалтай 23

жил автомашин жолоодож байна...” /хх-ийн 111/ гэх мэдүүлэг

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9685 дугаартай: Э.Энхрийлэнгийн

биед зүүн талын умдаг ясны доод салаа, суудал ястай холбогдох хэсгийн зөрөөгүй

далд хугарал, дух, зүүн шагай, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх

гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 78/

гэх дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9679 дугаартай:

Э.Долгорсүрэнгийн биед тархи доргилт, хүзүү, ар нуруу, зүүн бугалга, тохой, баруун гуя,

шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл

нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид

ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 80/ гэх

дүгнэлт

Замын цагдаагийн албаны: Т.Приус маркийн 77-42 УБГ дугаартай автомашины

жолооч Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “зөвшөөрсөн

гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн

гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд

хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй

байна. Явган зорчигч Э.Долгорсүрэн, Э.Энхрийлэн нар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн

заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 104/ гэх дүгнэлт, хохиролтой холбоотой

/хх-ийн 30-34, 36-41, 125/ болон шүүх хуралдаан дээр гаргасан баримтууд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, гэрэл зургийн

үзүүлэлт /хх-ийн 11-12/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 14/,

тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/,

хохирогч Э.Долгорсүрэнгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 83-93/, насанд

хүрээгүй хохирогч Э.Энхрийлэнгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 94-102/

шүүгдэгч Б ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар

/хх-ийн 112/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113/, оршин суугаа хаягийн

тодорхойлолт /хх-ийн 114/, жолоочийн түр зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 116/,

техникийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 119/, ял шалгах хуудасны хуулбар /хх-ийн

126/, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний

өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 128/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7

дугаар сарын 8-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130-142/ зэрэг

болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б  нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны 14:00 цагийн үед Баянгол

дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн урд замд Тоёота

Приус маркийн 77-42 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “зөвшөөрсөн гэрэл дохио

асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй

яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/

явган зорчигчид зам тавьж өгнө“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч

Э.Долгорсүрэн, насанд хүрээгүй 7 настай Э.Энхрийлэн нарыг мөргөж Э.Энхрийлэнгийн

эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Долгорсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Э.Энхрийлэнгийн”...нэг мэдэхэд машин зам дээр

уначихсан хөл өвдөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч Г.Жаргалсайханы”...хүүхдүүдээ осолд орсон талаар тухайн өдөр нь мэдсэн.

Долгорсүрэн утсаар над руу залгаад машинд мөргүүлсэн талаар надад хэлээд би шууд

гэмтлийн эмнэлэгт очсон...”гэх мэдүүлэг /хх-ийн 21/, иргэний нэхэмжлэгч

Э.Долгорсүрэнгийн “...зам хөндлөн гарч явахад миний зүүн гар талаас Т.Приус маркийн

автомашин гэнэт орж ирээд дүү бид хоёрыг мөргөсөн...”гэх мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч

Э.Тамирын”...Т.Приус маркын автомашин шууд 3 дугаар эгнээгээр ороод гэрлэн дохион

дээр зогсолгүй чигээрээ явахдаа замынхаа хойноос урагшаа зам хөндлөн гарч явсан

хоёр эмэгтэй хүүхдийг мөргөөд зогссон. Мөргүүлсэн хоёр хүүхэд шидэгдэж машин зам

дээр унасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 66/, гэрч В.Хишигсайханы”...явган хүний гарцтай

гэрэл дохиотой зам дээр 2 эмэгтэй хүүхдийг Т.Приус маркийн автомашин мөргөөд

зогссон...”гэх мэдүүлэг /хх-ийн 70/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9685

дугаартай дүгнэлт /хх-ийн 78/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9679

дугаартай дүгнэлт /хх-ийн 80/, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн

104/ хохиролын гэх баримтууд /хх-ийн 30-34, 36-41, 125/ зам тээврийн осол, хэргийн

газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/ зэрэг

нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б ыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд

нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл

мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн

хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг

нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүхээс

шүүгдэгч Б т ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас

анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1

дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн

нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил

хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Насанд хүрээгүй хохирогч Э.Энхрийлэнгийн эрүүл мэндэд учирсан хохиролтой

холбогдох баримтуудаас хэргийн 30, 31, 33 дугаар талуудад авагдсан нийт 389.000

төгрөгийн, шүүх хуралдаан дээр гаргасан баримтуудаас замын зардал болон эмийн

зардлын нийт 191.900 төгрөгийн баримтуудыг шүүх үнэлэх боломжтой гэж дүгнэв.

Эдгээр буюу (389.000+191.900) нийт 580.900 төгрөгийг баримтуудыг нотлох

баримтын шаардлага хангасан баримт гэж шүүх дүгнээд үүнээс 410.000 төгрөгийг

мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б  нь Э.Энхрийлэнгийн эмнэлгийн зардалд

төлсөн талаар талууд маргаагүй тул төлөгдсөнд тооцож (580.900-410.000)

Б аас энэ тогтоолоор 170.900 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль

ёсны төлөөлөгч Г.Жаргалсайханд олгохоор шийдвэрлэв.

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс охин Э.Энхрийлэнг 3

сар асарсан нөхөр С.Эрдэнэбилэгийн ажилгүй байсан хугацааны цалинд 1.800.000

төгрөг нэхэмжилж энэ талаар шүүх хуралдаан дээр гаргасан “Рашаантын цагаан гэрүүд

ХХК-ний захиралын тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт” гэх тус тус

нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд холбогдох бусад /хөдөлмөрийн гэрээ,

ажилд томилогдсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг/ давхар

нотлосон баримтгүй нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж энэ

талаархи нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич

нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч Э.Долгорсүрэнгийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэргийн

36-41 дүгээр талуудад авагдсан нийт 1.082.550 төгрөгийн үнийн дүн бүхий баримт

авагдсан, мөн шүүх хуралдаан дээр замын зардалтай холбогдуулан нэхэмжилсэн

92.100 төгрөгийн баримтыг тус тус нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж

үзнэ. Иргэний нэхэмжлэгч Э.Долгорсүрэнгийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох эдгээр

(1.082.550+92.100) нийт 1.174.650 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх

үндэслэлтэй бөгөөд үүнээс мөрдөн байцаалтын явцад 640.000 төгрөг төлөгдснийг

хасаж энэ тогтоолоор 534.650 төгрөгийг Б аас гаргуулж Э.Долгорсүрэнд

олгохоор шийдвэрлэв.

Холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Нөгөөтэйгүүр Тоёота Приус маркийн 77-42 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл

нь Еэс капитал ХХК-ний өмчлөлийнх болох нь техникийн тодорхойлолтоор тогтоогдсон

бөгөөд /хх-ийн 119/ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон С.Нямдаваа нь Еэс

капитал ХХК-тай уг автомашиныг барьцаалж зээлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 122/

Өөрөөр хэлбэл Еэс капитал ХХК-тай байгуулсан гэрээний нэг тал С.Нямдаваа нь

тухайн автомашины эзэмшигч болох бөгөөд уг автомашины ашиглалтаас үүссэн

хохирол, гэм хороос чөлөөлөгдөхгүй тул насанд хүрээгүй хохирогч Э.Энхрийлэнтэй

холбогдох эмчилгээний зардал болон иргэний нэхэмжлэгч Э.Долгорсүрэнгийн иргэний

нэхэмжлэлтэй холбогдох зардлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Б  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар

хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10

дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ыг автотээврийн

хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд

нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний

эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.

2. Шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын

найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Б т

мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, Б  цагдан хоригдсон хоноггүй болохыг

тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Б аас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Г.Жаргалсайханд 170.900 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Долгорсүрэнд 534.650 төгрөг

олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч

нар холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба

шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч,

хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тогтоолыг өөрөө гардан

авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

шүүгдэгч Б т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан

сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ