| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/05244/И |
| Дугаар | 102/ШШ2024/04149 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/04149
| 2024 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/04149 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: П.Д-т
Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч П.Д, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Хүүхэд маань 2019 онд төрсөн. Төрсний гэрчилгээг нь авах гээд нөхөртэйгөө хамт очтол хууль солигдсон гэрлэлтийн гэрчилгээгүй бол эхээр нь овоглоно гээд надаар овоглосон. Сургуульд орохоос нь өмнө эцгээр нь овоглох хүсэлтэй байна.” гэв.
2. Хариуцагч П.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ”Бид хоёр 2015 оноос нэг гэрт амьдраад, 2016 онд том охин маань гарсан. Тэр маань миний нэр дээр байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хоёр дахь охин маань төрсөн. Тэгээд төрсний гэрчилгээг нь авах гэтэл хууль өөрчлөгдсөн гэрлэлтийн баталгаа байхгүй бол ээжээр нь овоглоно гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 3/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 5/, охин М.Г төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 6/, хүүхэд эрүүл өсөж бойжиж байгаа тухай /хх 4/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх Б.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчтай хамтран амьдрах хугацаанд төрсөн охин М.Г төрсөн эцэг нь П.Дмөн болохыг тогтоолгохоор шаардаж байна гэж тодорхойлсон.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн охин М.Г төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгааг нотолсон Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хорооны Засаг даргын тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
Зохигчид 2015 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин М.Г төрж, түүнийг эх Б.М-р овоглосон ба охин эцэг, эхийн асрамжид эрүүл бойжиж байгааг Өрхийн эрүүл мэндийн төвөөс тодорхойлсон байна.
7. Б.М, П.Д нар эр, эмийн буюу дотно харилцаатай байсан гэдэг нь зохигчдын тайлбар тогтоогдох бөгөөд хариуцагч охин М.Г-г өөрийн төрсөн охин биш гэж маргахгүй байх тул эдгээрийг үндэслэн П.Днь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин М.Г-н эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин М.Г-н эцэг мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ