| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2017/0552/Э |
| Дугаар | 475 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 475
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Чинбилиг,
Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708009330115 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Дийн Ц, РД:...,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод өөрийн эхнэр Д.Мийг зодож хүний биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод өөрийн эхнэр Д.Мийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Д.Мийн өргөдөл /хх-5-8/,
- хохирогч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Ц бид 2 хүүхдийн хамт Баянхошуунд айлд очоод гэртээ ирцгээсэн...Охин дэлгүүрээс чихэр авна гэтэл Ц охиноо гэрээ цэвэрлэ гичий минь гээд уурлахаар нь “би өмөөрч хэрүүл болцгоосон”, миний толгой руу хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-9-10/,...зодох үед зүүн гарын ядам хуруу мултарсан байсан. Одоог хүртэл эдгэхгүй хөндүүртэй ажил хийхэд төвөгтэй байна...гэх мэдүүлэг /хх-11-13/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №10321 дугаартай:...Д.Мийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвуунд цус хуралт, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-19/,
- шүүгдэгч Д.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр согтуу эхнэртэйгээ хардалтын улмаас маргасан. Би эхнэрээ Зоригоо гэх хүнтэй хардсан...маргаад нүүрэнд нь 2 цохисон. Эхнэр ч бас миний нүд рүү бөгжтэй гараараа алгадсан. Би Мийн гарыг нь гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Цг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тогтоов.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Цг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цг 470 нэгж буюу 470.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 470.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР