Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1464

 

Б.Ө, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/859 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн, Д.Энхцэцэг нарын давж заалдсан гомдол, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарын хамтарч гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2015 2602 2004 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ө, Б.Т нар нь Ээгий гэх хүнтэй бүлэглэж 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Эко”-ийн 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг фитнесс клубын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлэн угсардаг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ө, Б.Т нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-т эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял, шүүгдэгч Б.Т-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ө, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Т-аас 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгуулж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ө-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Румион” загварын автомашиныг хурааж, улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг компакт дискийг хэрэг хавсарган үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-ын бага насны хоёр хүүхдийн буюу 2009 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Т.Т, 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Т.А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2015 2602 2004 дугаартай хэргээс Ээгий гэгчид холбогдох 1705 01707 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бичгээр гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч С.Даваасүрэн давж заалдсан гомдолдоо: “...Б.Ө нь хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, Ээгий гэх хүний “эхнэрээсээ салж байгаа, юм зөөхөд туслаач” гэсний дагуу тусалсан талаараа 5 жилийн турш тогтвортой, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. ...2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хэрэгт хавсаргасан сиди дээрх бичлэгийг үзэх гэхэд ямар ч бичлэг байгаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, захирамжид энэ талаар дурдсан. Хэргийн материалд авагдсан байсан сидинд бичлэг байгаагүй тул камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бичигдсэн сидийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол нотлох баримтын шаардлага хангахгүй болсон. Уг тогтоолд “...эд мөрийн баримт 1 ширхэг “Sony DVD-R” гэсэн бичигтэй шар өнгийн сидийг хэрэгт хавсарган хадгалсугай. ...” гэсэн. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №267 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид “...Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг нь уг сидийг шүүгчийн туслах Жавхлангаар гаргуулан үзэхэд хэрэгт хавсаргасан гэх сиди бичлэг нь дээр дурдсантай тохирохгүй, уг сиди нь гадна талдаа Sony DVD-R гэсэн бичиггүй, шар өнгийнх биш, мөнгөлөг өнгийн сиди байх ба түүнийг уншигчид уншуулахад ямар нэг бичлэг байхгүй байв. Иймд сиди бичлэг нь эд мөрийн баримтаар хураан авч, хэрэгт хавсаргахаар тогтоолд дурдсанаас яагаад өөр байгаа, уг сиди бичлэг хэрэгт хамааралтай эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай. ...Мөн Ээгий гэгчийг эрэн сурвалжлах зохих ажиллагаа хийгээгүй, хэргийг тусгаарлах үндэслэл тогтоогдоогүй байхад буруу тусгаарласан, дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэж дүгнэж шийдвэрлэж байсан ба энэ захирамж гарснаас хойш хэргийг мөрдөн байцаалтад буцааж дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын санаа бодол буюу гэмт хэргийн субъектив тал, мөн туслах явцдаа хулгайлах гэмт хэрэгт санаатай оролцсон гэж ямар ч нотлох баримтгүйгээр хийсвэрлэн дүгнэсэн байна. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болох нь илт ойлгомжтой байхад тусгаарласнаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.6-д заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй. Хулгайлах гэмт хэргийг нотолсон ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, Б.Ө-ын мэдүүлгээр түүнийг автомашиндаа эд зүйлийг ачиж, хүргэж өгсөн үйлдлийг нотлох баримт гэж үзээд түүний мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж хэлмэгдүүлж байна. Тус гэмт хэрэг 2015 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө үйлдэгдсэн байдаг ба үүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрөөд байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь хүндэвтэр ангиллын гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар 5 жилийн хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ө-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.       

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн  хүсэлтийн дагуу бичгээр гаргасан давж заалдсан гомдлын үндэслэлээс татгалзаж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаардахгүй учраас хохирлоо төлсөн байдал, түүний давж заалдах гомдол зэргийг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх хуулийн зохицуулалтын тухайд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь хуулиар олгогдсон эрх юм. Б.Ө нь “би хулгай хийгээгүй гэж маргаж байсан. Гэхдээ хууль зүйн үр дагаврын хувьд бүлэглэж үйлдсэн болохоо ойлголоо” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн баримт хэрэгт авагдсан, бусдад төлөх төлбөргүй. Түүний өмнө нь холбогдож байсан хэргийн хууль зүйн үр дагавар арилсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул Б.Ө-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч үүнээсээ татгалзаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Б.Т нь бага насны хүүхэдтэй. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Т давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2-оос 11 насны 2 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг. Бага хүү минь төрөлхийн зүрхний ховдол хоорондын цоорол оноштойгоор 2019 оны 5 дугаар сард зүрхний хагалгаанд орж байсан болохоор эмнэлгийн хяналтаас гартал нь би бага хүүгээ гэрийн нөхцөлд байнгын хараа хяналтанд асран халамжилж байсан. Том хүү 6 минь дугаар ангид сурдаг. Би өөрийн буруугаас болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Миний гэм буруугаа хүлээсэн байдал мөн гэр бүлийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Ө, Б.Т нар нь “Ээгий” гэх хүнтэй бүлэглэж 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Эко”-ийн 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг фитнесс клубын лед гэрлэн угсардаг самбарыг ... улсын дугаартай “Тоёота Румион” загварын машиныг ашиглан хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:

хохирогч Б.У-ын: “...лед гэрлэн урсдаг самбарын 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө машинтай хүн ирээд хулгайлаад явсан байсан. ...” /1 хх 22/,

шүүгдэгч Б.Ө-ын: “...2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагийн үед Ээгий эргэж манай тоглоомын төвд ороод ирэхээр нь би Б.Т, Ээгий нарын хамт ажлаас гарч өөрийнхөө 35-33 УБЕ улсын дугаартай “Тоёота Румион” загварын улаан өнгийн машинаар гэмтлийн эмнэлгийн зүүн талын 101 дугаартай байрны гадна, гэмтлийн эмнэлгийн зүүн хойд талд машины зогсоолд шөнийн 03 цагийн үед очиж зогссон. Тэгээд Ээгий машинаас бууж байр руу яваад, хэсэг хугацааны дараа жижиг хар өнгийн гар цүнх барьж гарч ирсэн. Тэгээд буцаж 101 дүгээр байрны баруун талын өнцгөөс босоо байдалтай байсан 2,5 метр орчим урттай 25 см өргөнтэй лед гэрлэн самбарыг тэвэрч авч ирэхээр нь түүний урдаас очоод хажууд нь зогсож байгаад зүүн талын буюу жолоочийн эсрэг талын сандлыг урагшлуулж лед самбарыг лав хийж, тээшээ би өөрөө хаасан. Тухайн үед Ээгий хойд талын суудал дээр, Т урд талын суудал дээр хазайж, хавчигдаж сууж байсан. ...би машинаас бууж тээшээ онгойлгож лед самбарыг буулгаж өгтөл Ээгий надад 20.000 төгрөг өгсөн. ...Т тухайн газар очтол урд талын суудал дээр унтаж явсан. Тэгээд лед самбарыг лав хийх гэж сандал урагшлуулахад сэрсэн. ...бараг 2 метр орчим урттай гэрлийг тэвэрч ирэхээр нь би машиныхаа ард талд ачиж өгсөн юм. ...” /1 хх 37-38, 120/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...02 цаг 47 минутад хар бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн уг фитнесс клубын араар зүүн зүгт өнгөрч яваад 30 секундын дараа нэг эрэгтэй хүн нь буцаж яваад ...03 цаг 27 секундэд нөгөө машин зүүн зүгт явж өнгөрөөд, 03 цаг 01 минут 30 секундэд нөгөө машин арын тээшиндээ дөрвөлжин урт хэлбэртэй зүйл илүү гаргаж ачсан байдалтай ухарч зогсоод дахин зүүн зүгт явна. ...” гэсэн тэмдэглэл, /1 хх 20/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 11-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 13-15/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, лед гэрлэн самбарын үнэлгээ /1 хх 59/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн эрх зүйд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ”, мөн “гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн үндсэн зарчмууд байдаг төдийгүй уг зарчим тус улсын Эрүүгийн хуульд ч мөн тусгалаа олсон.

Тухайлбал, “Машин, механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах” санкцитай бол шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар тус гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэх замаар хүндрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан эрх зүйн байдлыг дордуулсан, оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй тухай зарчмын дагуу шүүгдэгч Б.Ө, Б.Т нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь уг хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар 5 жил байхаар хуульчилсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг гэм буруутайд тооцсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байх тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн тул, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Энхцэцэг нарын “...хорих ялыг тэнсэж өгнө үү...”, шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Ганхуягийн “...шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/859 дугаартай шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар Б.Ө, Б.Т нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн, Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.Ө, Б.Т нар нь нийт 71 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэднийг нэн даруй сулласугай.

 

  1. Шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ