Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/00980

 

Ц.Даваанямын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 201/МА2016/00028 дугаар магадлалтай,

Ц.Даваанямын нэхэмжлэлтэй

“Аглут” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 200 290 948 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Давааням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр н.Мөнхжаргал нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн төвд баригдаж буй “Аглут” ХХК-ийн барилгын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байгаад тус компанийн машинд дайруулж зуурдаар нас барсан. Дорнод аймгийн Прокурорын газар гэмт хэргийг үйлдсэн яллагдагч Б.Галсанбатыг Г.Мөнхжаргалыг болгоомжгүйгээр алсан гэж Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, мөн яллагдагч А.Дөлийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахин хамгаалуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар тус тус ял сонсгон гэм буруутай нь нотлогдож байна гэж үзсэн. Б.Галсанбат, А.Дөл нар нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ прокурорын шатанд ирүүлсэн тул тэднийг Өршөөлийн хуульд хамруулан Дорнод аймгийн Прокурорын газрын тогтоол 2015 оны 12 сарын 01-ний өдөр гарсан ч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй байгаа тул талийгаачийн үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсөд бүгд гомдолтой байна. “Аглут” ХХК-аас оршуулгын зардалд 18 000 000 төгрөг, хот хооронд явсан унааны зардал 758 400 төгрөг, хоол болон шуудан, нотариатын зардал 97 020 төгрөг, Дорнод аймагт байх хугацаанд байсан буудлын зардал 585 000 төгрөг, архивын хураамж 30 000 төгрөг, 48 хоногийн цалин 1 854 528 төгрөг, хүү Д.Дэнзэнгийн сургалтын төлбөр 1 036 000 төгрөг, охин Д.Анухатангийн сургалтын төлбөр 11 000 000 төгрөг, талийгаачийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой байсан цалин 12 750 000 төгрөг, талийгаачийн банкны зээл 3 800 000 төгрөг, 3 жилийн цалин 135 150 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15 000 000 төгрөг буюу нийт 182 078 948 төгрөг нэхэмжилнэ.

Би нэхэмжлэлийн үнийн дүнг бодохдоо тооцооны алдаа гаргаж, нийт 200 060 948 төгрөг нэхэмжлэх байтал 182 078 948 төгрөг гэж буруу бичсэн байна. Мөн иргэний хэргийг шүүхээр шийдэх үед гарсан зардал 226 400 төгрөгийг нэмж нэхэмжилсэн боловч хариуцагчийн төлөөлөгч сая төлсөн тул нэмж нэхэмжлэх шаардлагагүй боллоо. Иймд гэм хорын нийт хохиролд 200 060 948 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагчийн төлөөлөгч нь хүүхдүүдийн сургалтын төлбөр, талийгаачийн авах ёстой байсан цалин, банкны зээл, сэтгэл санааны хохирлыг төлөхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Хэрвээ хань маань амьд сэрүүн байсан бол гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийгээд авах ёстой цалингаа авч, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг ч төлөх байсан. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын дагуу талбайн инженер техникийн ажилтны цалинг үндсэн ажлын цалингийн 17 хувиар тооцдог тул 12 750 000 төгрөг нь уг аргачлалаар 3 жилийн цалинг тооцож гаргасан. 2014 оны 1 сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээл авахад талийгаач хамтран зээлдэгч байсан тул хамтран төлөх ёстой учраас нэхэмжилсэн. Эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байх үед хариуцагч сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг төлөхөөр тохиролцон 10 000 000 төгрөг өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохирч хэлцэл хийсэн ч төлөөгүй тул нэхэмжилнэ. Хариуцагч 27 500 000 төгрөг төлсөн нь үнэн. Энэ байгууллагын буруугаас болж хань маань нас барсан тул хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 18 000 000 төгрөг, хот хооронд явсан унааны зардал 758 400 төгрөг, хоол болон шуудан, нотариатын зардал 97 020 төгрөг, Дорнод аймагт байх хугацааны буудлын зардал 585 000 төгрөг, архивын хураамж 30 000 төгрөг, 48 хоногийн цалин 1 854 528 төгрөг буюу нийт 21 324 948 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн журмаар шалгагдаж байх явцад нэхэмжлэгчид 27 500 000 төгрөгийн хохирол төлсөн нь уг нэхэмжлэлийн шаардлагаас хуулийн шаардлага хангасан хохирлуудыг бүгд төлөгдсөн гэж үзэж байна.

Харин хүү Д.Дэнзэнгийн сургалтын төлбөр 1 036 000 төгрөг, охин Д.Анухатангийн сургалтын төлбөр 11 000 000 төгрөг, хохирогчийн гэрээний дагуу авах ёстой байсан цалин 12 750 000 төгрөг, банкны зээл 3 800 000 төгрөг, 3 жилийн цалин 135 150 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15 000 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдэд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах заалтуудыг тусгасан. Гэм хор учруулсны төлбөрийг хохирогчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоодог байхад талийгаач сард хэдэн төгрөгийн цалингаас хүн амын орлогын албан татвар төлдөг байсан эсэх нь тодорхойгүй байна. Талийгаач “Аглут” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, харин “Үйлс-Орд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг тул цалингийн асуудлыг гэрээ байгуулсан компанитайгаа тооцох ёстой. Мөн 3 жилийн цалин нэхэмжилж байгаатай холбоотой иргэний хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд нь эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримтуудтай зөрүүтэй байх тул нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн дагуу сэтгэл санааны хохирол 15 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. н.Зоригтхүү нь “Аглут” ХХК-ийг төлөөлж гэрээ хийх эрхгүй этгээд. Мөн хуульд сэтгэл санааны хохирлыг мөнгөөр төлөх зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Аглут” ХХК-аас гэм хорын хохиролд 200 290 948 /хоёр зуун сая хоёр зуун ерэн мянга есөн зуун дөчин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Даваанямын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.Давааням нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 201/МА2016/00028 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...200 290 948 төгрөг...“ гэснийг “...200 060 948 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Давааням, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

“Аглут” ХХК-ийн барилгын талбайд ажиллах хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч дүрмийг мөрдүүлэх үүргийг хүлээх ёстой. Энэ үүргээ хайнга гүйцэтгэснээс болж барилгын ажилтан Б.Галсанбатыг гэрээнд заагдаагүй аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүйн улмаас зогсолтонд байсан “Маяты” маркийн 86-68 ДОА улсын дугаартай автомашиныг асаагаад авч явахад таслан зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас ажлын байранд осол гарсныг аймгийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэлийн осол гэж гарсан. Иргэний хэргийн хуулийн 498 дугаар дугаар зүйлийн 498.1-д “үүргээ гүйцэтгэж байсан этгээдийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг ажил олгогч хариуцан арилгах”-аар хуульчилсан зохицуулалтаар ажилтны бусдад учруулсан гэм хорыг “Аглут” ХХК хариуцна.

Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэснийг шүүх цалин орлогын тодруулах боломжгүй гэж дүгнэснийг бид Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайдын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 181 дүгээр тушаалыг баримтлан дараах байдлаар нэхэмжилж байна. Тухайлбал талийгаач осол болдог барилгын талбарт ажил гүйцэтгэхээр 10 тоот гэрээ байгуулна 70 хоногийн хугацаанд ажлын нийт хөлсөнд 75 000 000 төгрөг авахаар гэрээ байгуулсныг үндэслэн тооцоход гэрээний ажлын хөлсний 17 хувь болох 12 750 000 төгрөгийн цалинг ажлын 70 хоногт хуваахаар өдөрт 182 143 төгрөгийн цалинг Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр тэтгэмж бодогдох журмын дагуу 1 сарын ажлын дундаж өдөр 21,2 үржүүлэхээр 3 861 473 төгрөг болно. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 36 сараар үржүүлэхээр 139 013 028 төгрөгөөр тооцон үйлдвэрлэлийн ослын хохирлыг гаргах ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх цалин орлогыг тооцох аргачлалыг мэргэжлийн байгууллагаас гаргуулан авахаар буюу шинжээч томилон дүгнэлт гаргуулах боломжтой байсныг ашиглаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь илт хууль зөрчсөн нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Би нэхэмжлэлдээ алдаатай бичсэн бол шүүх түүнийг хүлээн авахаас татгалзан, дахин нэхэмжлэл гаргах боломжийг надад олгох байсан. Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг баримтлалгүй Иргэний хуулийг баримтлан шийдвэрлэсэн  тул хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс буруу шийдвэрлэсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохирол 200 290 948 төгрөгийг “Аглут” ХХК-аас нэхэмжилсэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...амь насанд ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч А. Дөл хариуцан арилгах үндэслэлтэй байна гэжээ.

- Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой байсан цалин орлого 75 000 000 төгрөгийн 17 хувь 12 750 000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэдийгээр талийгаач нь “ Үйлс Орд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч “Аглут” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас амь насаа алдсан. Энэхүү ослыг аймгийн мэргэжлийн хяналтын алба болон Улсын мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэлийн осол мөн гэж батлан дүгнэлтээ гаргасан тул ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжилж буй 12 750 000 төгрөгийг талийгаач барилгын бригад ахалж байгаагийн хувьд гүйцэтгэх ажлын хөлс буюу Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын дагуу талбайн инженер техникийн ажилтанд олгох үндсэн ажлын цалингийн 17 хувиар тооцох журмын дагуу тооцон нэхэмжилсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж заасны дагуу 3 жилийн ажлын хөлс 135 150 000 төгрөг нэхэмжилснийг тооцон гаргахдаа өмнө нь ажилласан болон бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гаргасан ба шүүх хүн амын орлогын албан татвар төлдөг эсэх нь тодорхойгүй байна гэж үзэн шийдвэр магадлалаа гаргасан. Гэтэл талийгаач нь аж ахуй нэгж, байгууллагатай ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ хийж тохиролцсоноор цалин орлогоо тооцон авдаг байсан. Үүнийг нотлох баримт нь талийгаачийн бусадтай байгуулсан гэрээ болон 2013 он дуустал төлсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтэр байдаг. Талийгаач нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр осолдож нас барсан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 01 дүгээр сараас төлөгдөөгүй байсан нь өмнө олж байсан цалин орлогыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй гэжээ. Мөн зүйлийн 508.4-т “..насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл...” гэж заасны дагуу талийгаачийн олох ёстой байсан цалин орлогоос хүүхдийн сургалтын төлбөрт 12 036 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүх хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорыг зөвхөн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал гэж тооцсон. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “...гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу насанд хүрээгүй болон суралцаж байгаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг гэм хор учруулснаас бий болсон хохирол буюу төлөгдөх ёстой нөхөн төлбөр гэж үзэж байна.

Хариуцагч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн дагуу сэтгэл санаа, гэм хор учруулсны нөхөн төлбөрт 20 000 000 төгрөг буцалтгүй тусламж болгон өгөхөөр тохирч 10 000 000 төгрөгийг нь гэрээ байгуулсан өдрөө өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нь шүүх хурлын дараа өгөхөөр тохиролцсон. Хариуцагч талын хүсэлтээр нотариатчаар гэрчлүүлэн хууль ёсоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах 0,5 хувийн алданги тооцон гэрээ байгуулсны дагуу алданги тооцон 15 000 000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч өгөхөө сайн дураар илэрхийлсэн байхад хуулийн зохицуулалтанд хамаарахгүй гэж үзэн хариуцагчаар төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Зоригтхүүгийн мэдүүлэг нотолдог. “Аглут” ХХК-ны захирал шүүх хуралдаанд оролцолгүй төлөөллөө оролцуулсан. Шүүх “Аглут” ХХК-г төлөөлж гуравдагч этгээдтэй хэлцэл хийх эрх олгогдоогүй болох нь тогтоогдож байх тул хэлцлээс үүсэх үр дагаврыг “Аглут” ХХК хариуцах боломжгүй юм гэжээ.

С.Зоригтхүү нь энэ хэрэгт “Аглут” ХХК-ийн захирлын тушаалаар эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар томилогдон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйн улмаас шүүх хурал хойшлогдож байсан ба энэ үедээ дээрх гэрээг захирал А.Дөлийн зөвшөөрөл, заавраар гуравдагч этгээдтэй хэлцэл хийх эрх олгогдсон байсан гэдгийг нотолдог. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нэг талыг хэт барьж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Давааням нь Дорнод аймгийн “Аглут” ХХК-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 200 060 948 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл  гаргажээ.

2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аглут” ХХК-ийн барилгын хашаан дотор “Маяти“ маркийн 89-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Галсанбат нь иргэн Г.Мөнхжаргалыг дайрч, түүний амь насыг хохироож болгоомжгүй алсан, “Аглут” ХХК-ийн захирал А.Дөл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон эрүүгийн гэмт хэрэгт тус тус холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн болох нь Дорнод аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн прокурорын тогтоолоор тогтоогджээ. /хх-ийн 2, 5, 10-11, 12-13 дахь талууд/

Эрүүгийн хэргийг шалгах явцад хариуцагчаас 27 324 948 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Даваанямд өгсөн үйл баримтыг зохигчид маргаагүй байна. Уг мөнгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан 12 төрлийн гэм хорын хохирлоос оршуулгын зардал 18 000 000 төгрөг, унааны зардал 758 400 төгрөг, хоол болон шуудан, нотариатын зардал 97 020 төгрөг, Дорнод аймагт байсан буудлын зардал 585 000 төгрөг, архивын хураамж 30 000 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 48 хоногийн цалин 1 854 528 төгрөг, нийт 21 324 948 төгрөгийн зардалд тооцсон агуулгатай шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс гомдоогүй байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох хүүхдүүдийн сургалтын төлбөр 12 036 000, хохирогчийн гэрээний дагуу авах байсан цалин 12 750 000 төгрөг, банкны зээл 3 800 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15 000 000 төгрөгийг тус тус хангах үндэслэлгүй, энэ нь шаардах эрхийн зүйл болж чадахгүй талаар Иргэний хуульд заасан хохирлын  ойлголтонд нийцүүлэн үндэслэлтэй дүгнэжээ.

Харин хохирогчийн 3 жилийн хугацааны авах байсан цалин 135 150 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, холбогдох хуулийн зохицуулалтаар зөв  тайлбарлаж чадаагүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, хуулийн үйлчлэх хүрээг тус хуулийн 4 дүгээр зүйлд хуульчилжээ. Энэ хууль нь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэнд  үйлчлэхээр заасан байх тул “Аглут” ХХК-ийн ажил гүйцэтгэгч “Үйлс орд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, туслан гүйцэтгэгч болох талийгаач Г.Мөнхжаргалын хөдөлмөрлөх нөхцөлд уг хуулийн зохицуулалт хамаарах юм.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11.-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх,  28.1.15-д зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй байна. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд “Аглут” ХХК нь ерөнхий захиалагч байна. Бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс “Аглут” ХХК-ийн ажлын байранд осол гарч, иргэн Г.Мөнхжаргал хөдөлмөрлөх явцад амь насаа алдсан, тус компанийн ажилтанг Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн гэмт хэрэгт буруутгагдсан баримтууд хэрэгт авагджээ. Үүнээс үзэхэд “Аглут” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажил олгогч мөн.

2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд 28.3, 28.4 гэсэн 2 заалтыг нэмж, 28.3-д “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж, 28.4-д “Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй.” гэж заасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйлдвэрлэлийн осол 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гарсан тул эдгээр зохицуулалт үйлчлэхгүй байна.

Дээрх зохицуулалт хамаарахгүй хэдий ч хөдөлмөр эрхлэгч этгээд нь  хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох ажил олгогчийн үүргийг хангуулахыг шаардах эрхтэй байна. Уг хууль нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэнд үйлчлэх тул нэг талаас ажил олгогч, нөгөө талаас хөдөлмөр эрхлэгч иргэний хоорондох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх харилцааг зохицуулж, эрх үүргийг тодорхойлсон дээрх хэм хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлтэй байжээ.

Тус хуулийн 28.1.15-д заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох гэсэн заалтад нөхөн төлбөр олгох хууль тогтоомж нь Хөдөлмөрийн тухай хууль гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох үүрэгтэй байна. Дээрх нөхөн төлбөрийг шаардахын тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоосон акт, дүгнэлт гаргасан байх, уг актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянаж, шийдвэр гаргасан байх, ажилтны цалингийн хэмжээ тодорхой байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой байна.

Хэрэгт ажил олгогчийн тогтоосон үйлдвэрлэлийн ослын акт авагдаагүй боловч эрүүгийн хэргийн явцад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын болон Автотээврийн хяналтын улсын байцаагч нарын 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр “...тухайн хэрэг үйлдвэрийн ажлын байранд гарсан тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д заасны дагуу үйлдвэрийн осол гэж үзнэ, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг “Аглут” ХХК хариуцна” гэж тогтоосныг хариуцагч маргаагүй байна. /хх-10-13/

Нэхэмжлэгчийн зүгээс нөхөн төлбөрийг тооцох суурь дүнг цалингийн хэмжээгээр бус ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн тодорхой хувиас бодсон нь буруу бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн хэрэгт авагдсан талийгаач н.Мөнхжаргалын нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн цалинг тогтоож, нөхөн төлбөрийг гаргуулах боломжтой байжээ. /хх-16/ Тус баримтаар хөдөлмөр эрхлэгч нь сарын 350 000 төгрөгийн цалинтай байсан байх ба 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр нь 12 600 000 төгрөг байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 28 дугаар зүйлийн 28.11, 28.15-д заасан зохицуулалтаар “Аглут” ХХК нь нэхэмжлэгчид нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Давааням, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 201/МА2016/00028 дугаар магадлалын тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.15 дахь хэсгийг баримтлан хариуцагч “Аглут” ХХК-аас нөхөн төлбөр 12 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Даваанямд олгож, нэхэмжлэлээс 187 460 948 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Аглут” ХХК-аас 216 550 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                    ТАНХИМЫН  ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА