Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1465

 

Б.Б, Э.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгч Э.Н,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Батсүрэнгийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Б, Э.Н нарт холбогдох эрүүгийн 2009 00000 1163 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, Э.Н нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Н-тай маргалдаж, улмаар түүнийг зодож Т.Н-ын эрүүл мэндэд хоншоор ясны зүүн талын урд, арын хана, зүүн хацрын нумны далд хугарал, тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зүүн завжны салстын язрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Б, Э.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Н, Б.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор С.Батсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байхад улсын яллагч нь дээрх зүйл, хэсэгт байхгүй, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч нартай тохиролцож, анхан шатны шүүх улсын яллагчийн үндэслэлгүй саналыг үндэслэн шүүгдэгч нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны зарчмыг зөрчиж, тухайн зүйл хэсэгт байхгүй ял шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгч Б.Б, Э.Н нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан торгуулийн хэмжээ нь 2.700 нэгжээс эхэлж байна. Гэтэл прокуророос торгуулийн ялыг тохиролцохдоо хуульд байхгүй хэмжээ буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлж алдаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ийм хуулийн санкцитай байдаг эсэхийг Э.Н бид хоёр мэдээгүй. Мөрдөгч бидэнд тайлбарлаж өгөхдөө ийм байдаг гэж байсан. Мөн прокуророос ялын санал гаргахдаа 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан.” гэв.

Шүүгдэгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б-тэй адил саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг: 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгөөр торгох...”-оор хуульчилжээ.

Гэтэл хэргийн 29, 33, 58, 62,63 дахь талд авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, Прокурорын яллах дүгнэлт, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулсан тэмдэглэл зэрэг баримтуудад шүүгдэгч Б.Б, Э.Н нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг” гэж хуульд байхгүй зүйл ангиар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заагаагүй 600 нэгжээр торгох саналаар яллагдагч нартай тохиролцсоноор хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх энэхүү алдаа зөрчлийг нягтлан тодруулалгүйгээр “прокурорын саналын хүрээнд” гэсэн тайлбартайгаар хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Б, Э.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад байхгүй “600 нэгжээр торгох ял” оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж...” буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрх хэмжээг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгожээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Э.Н нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хуульд нийцүүлэн зөвтгөх, түүнд өөрчлөлт оруулж “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, эсхүл “зургаан сараас гурван жилийн хугацаагаар хорих ял” шийтгэж ялыг хүндрүүлэх нь тэдний эрх зүйн байдал дордохоор байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй юм.

Нөгөө талаас, шүүгдэгч Б.Б, Э.Н нарт анхнаасаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй зүйл ангиар яллагдагчаар татаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг ноцтой зөрчсөн байгааг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэл болов.

Иймд давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Э.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Э.Н нарт холбогдох 2009 00000 1163 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Б, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

                     ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ