Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1505

 

Н.Ч-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Н.Ч-ын өмгөөлөгч Б.Баярмагнай,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1783 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ч-ын өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн Н.Ч-д холбогдох эрүүгийн 2002 00000 0235 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жилийн хугацаагаар тэнссэн;

Н.Ч нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Номин хотхоны ... дүгээр байр ... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин нийт 79,0954 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг,

Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, цэвэр жин нийт 1,1931 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Ч-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Ч-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Н.Ч-д өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Н.Ч-ыг цагдан хорьсон 73 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 28 грамм ногоон өнгийн ургамал, зип лок түгжээ бүхий гялгар ууттай, уутны хамт 0.4755 грамм шавар мэт зүйл, ногоон өнгийн хуванцар савны хамт 29.3 грамм шавар мэт зүйл, шар өнгийн асаагуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ч-ын өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах нь дээрх бодисыг өөрөө хэрэглэх, бусдад худалдаалж ашиг олох үйлдлээс нийгмийн хор аюулын шинж чанар, учрах хохирол, хор уршгаараа бага юм. Шүүгдэгч Н.Ч нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, шүүгдэгчийн нас, өвчтэй нагац ахтайгаа амьдардаг, дээд боловсролтой зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Н.Ч нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож 5 жилийн хугацаагаар тэнссэн байсан. Гэтэл дээрх хугацаанд дахин тухайн төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн учраас ял шийтгэл тохирсон гэж үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Н.Ч нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Номин хотхоны ... дүгээр байр ... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин нийт 79,0954 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг,

Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, цэвэр жин нийт 1,1931 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Н.Ч-ын: “...Би өвс хэрэглэсэн. 2020 оны 7 дугаар сарын 25-ны үед би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Улаанбаатар хот руу ирэхдээ замаараа Бэлэндалай гэх газраас мансууруулах ургамал түүсэн. Би жаахан түүгээд гэртээ авч ирээд, өвсөө цонхны дээр тавиад 2020 оны 7 дугаар сарын 29-ний орой гэртээ хэрэглэсэн. ...Би гэртээ түүсэн өвсөө хатаагаад, алгаараа үрж байгаад шавар гаргасан. Тэрнээсээ жаахан хэрэглэсэн. ...” /хх 26, 45/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 4253 дугаартай “...цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” дугаарласан ногоон алаг гялгар ууттай ургамал мэт зүйл, ногоон өнгийн савтай бөөрөнхий шавар мэт зүйл, гялгар ууттай шавар мэт зүйл, шар өнгийн асаагуур тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ...” /хх 28-32/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 4254 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Н.Ч 2020.07.30” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/ илрэв. ...” /хх 34-36/,

Н.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, F12 каннабинойдын хэрэглээтэй байсан болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 791 дугаартай /хх 97-98/ дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-9/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 13-14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 25/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Ч-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Н.Ч-д тухайн зүйлд зааснаар 2 жил, өмнөх шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Н.Ч-ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Ч-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авчээ.

Гэтэл Н.Ч нь шүүхээс тэнссэн хугацаа дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тул өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, 2 жил 6 сарын хорих ял шийтгэж, эдлэх ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэхээр хуульчилсан бөгөөд тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар хуульчилсан.

Шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгон ял оногдуулж, нэмж нэгтгэнэ гэдгийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.

Иймд шүүгдэгч Н.Ч-ын өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1783 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1783 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ч-ын өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ