Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 897

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00897

 

 

 

 

 

Ч.Мын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00579 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Мын хариуцагч Ц.Гэд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Г нь 2015 онд “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Далан даваа” ХХК-ийг төлөөлөн оролцохдоо ажлын хөлс 5,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Далан даваа” ХХК-иас авсан. Мөн оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн зардал зайлшгүй хэрэгтэй байна, нэмж өмгөөлөгч авна гэж 100,000,000 төгрөгийг Ч.Маас авсан. Тухайн үед шүүхийн зардал гэдэг ойлголт нь авилгал байсан гэдгийг хожим ойлгосон хийгээд Ц.Гэд хэлэхэд маргааныг чинь ялуулах гэж байна гэж хэлсэн. Тухайн үед тус маргаан ялж дууссан бол мөнгийг шүүгчид өгсөн гэж бидэнд ойлгуулах байсныг сүүлд ухаарсан. Иймд Ц.Г нь тус мөнгийг ямар зардалд яаж зарцуулсан талаар тайлбар хийхгүй байгаа нь тухайн үед биднийг итгүүлж худал хэлж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Мөн уг үйл явдлыг Ц.Г өөрөө хүлээн зөвшөөрч худал хэлж авсан 100,000,000 төгрөгөө буцаан төлөхөөр болж эхний 55,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буцаан өгөөд үлдэх 45,000,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч Ц.Гээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Далан даваа” ХХК-нд холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор эхлээд 2015 оны 01 дүгээр сард 5,000,000 төгрөгийн ажлын хөлс авсан. Дахиад Ч.Маас 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100,000,000 төгрөгийг авсан. Энэ 100,000,000 төгрөгийг авахдаа тус маргаан дээр сайн өмгөөлөгч авч орох хэрэгтэй байна гэдэг талаар хэлсэн байдаг. Ц.Г нь н.Цэнгэнбаяр гэх өмгөөлөгчтэй 2015 оны 11 дүгээр сард уулзаад, энэхүү өмгөөлөгчид анхан шатны шүүх хуралд би заргаа авч чадсангүй, хэрвээ та энэ шүүх хуралдаанд оролцоод заргаа авбал 50,000,000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Гэтэл н.Цэнгэнбаяр өмгөөлөгч нь тэр хуралд ялагдсан бөгөөд Ц.Гээс ямар ч мөнгө төгрөг аваагүй байсан. Хэрвээ энэ газрын маргаанд ялчихвал Ч.М нь цаашдаа захирал болох байсан учраас 100,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд шүүх хурлын дараа Ч.М нь анх Ц.Гийг танилцуулж өгсөн н.Лхагвасүрэн гэдэг хүнд та Ц.Гээс тэр 100,000,000 төгрөгийг авч өг гэдэг байдлаар хэлсэн. Гэтэл Ц.Г өгөөгүй. Ингээд н.Лхагвасүрэн нь Ц.Гийг Баянгол дүүргийн цагдаад өгсөн. Хэрэг үүсгэгдээд  шалгагдаж байх явцад Ц.Г нь 100,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буцаагаад өгье гэсний дагуу Ч.М эхний 55,000,0000 төгрөгөө авсан. Дараа нь прокурор дээр ч энэ нөхцөл байдлаа хэлж илэрхийлсэн байдаг. Иймд үлдэгдэл 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Далан даваа” ХХК-ийн захирал Ч.Маас олгосон итгэмжлэлийн дагуу “Далан даваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Хэрэг маргаан шийдэгдсэний дараа н.Лхагвасүрэн гэдэг хүн Ц.Гийг залилагч, авилга өгөгч, албан тушаалд үгсэн хуйвалдсан зэргээр дайрч давшлан эрүүгийн хэрэг үүсгүүлж 2017 он хүртэл энэ хэрэг үргэлжилсэн. Үүнтэй холбоотой сүүлд хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан баримт ирсэн. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын тогтоол байгаа. Ч.М бол энэ хэргийн жинхэнэ нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Учир нь  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2216 дугаар тогтоол, мөн хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн захиргааны хэргийн шийдвэр, магадлалаас энэ хэргийн нэхэмжлэгч нь “Далан даваа” ХХК юм байна гэж харагддаг. Ц.Г нь иргэн Ч.Мын биш, “Далан Даваа” ХХК-ийн хүсэлтээр энэ хэрэгт төлөөлөгчөөр орсон. Энэ талаар ч нэхэмжлэгч тал маргадаггүй. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж заасан байдаг. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Далан даваа” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ч.М биш өөр хүн гэдэг нь лавлагаагаар хангалттай харагддаг. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Далан даваа” ХХК татан буугдсан. Нэхэмжлэгч талаас 5,000,000 төгрөг, 100,000,000 төгрөг гэж яриад байна. Эдгээр мөнгийг бэлнээр тушаасан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Гүйлгээний утга дээр юу л бол юу гэж бичиж болно энэ бол мөнгө тушаасан хүний эрхийн асуудал. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2216 дугаар тоот хэрэг бүртгэлийг хаах тогтоолд “Далан даваа” ХХК-тай холбоотой газрын маргаанд Ц.Г нь хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон байна. “Далан даваа” ХХК-ийн захирал Ч.Маас өмгөөлөгч Ц.Гэд хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр гэж үзэн хэргийг хаасан. Сүүлд ирсэн прокурорын тогтоол байгаа. Энд өмгөөллийн үйлчилгээ бүрэн үзүүлээгүй гэж  үзэж байгаа тул хөлсөө гаргуулахаар прокурорт гомдол гаргасан байдаг. Өмгөөллийн үйлчилгээ бүрэн аваагүй гэж юу гэж байгаа юм бэ? гэж асуумаар байна. Өөрийнх нь талд шийдвэр гарснаар өмгөөллийн үйлчилгээг бүрэн авсан гэж үзэх үү. Ц.Г өмгөөлөгчийн хувьд 3 шатны шүүх хурлаар явж, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Энийг өмгөөлөл үзүүлээгүй гэж хэлэхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ..

Шүүх: 1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ц.Гээс 45,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Мыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж зохигчдын эрхийг хангаагүй. Шүүгч 2019 оны 11 сарын 19 нд үндэслэлгүйгээр хууль бусаар нэхэмжлэгчийг сольсон. Тухайлбал нэхэмжлэгч Лхагвасүрэн нь нэхэмжлэл гаргаж, өөрийгөө төлөөлж нэхэмжлэгчээр оролцох эрх олгосон итгэмжлэлийг О.Өлзийсайханд олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийг солих эрх олгогдоогүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайхан нь нэхэмжлэгчийг солих болсон үндэслэл шалтгаанаа хариуцагч Гансүх нь Лхагвасурэнгээс мөнгө аваагүй гэж маргаж байгаа тул гэж хариуцагчийн хүсэл сонирхлыг хангах төлөөлүүлэгчийнхээ эрх хүсэл сонирхлын эсрэг илт хууль бус хүсэлт гаргасан. Мөнхжаргалыг нэхэмжлэгчээр солиулах эсэх талаар итгэмжлэл олгосон Лхагвасүрэндээ мэдэгдэлгүй түүний зөвшөөрөл саналыг авалгүйгээр нэхэмжлэгчийг солиулах хүсэлт гаргасан байхад шүүх энэ талаар асууж тодруулалгүй, анхаарч хянаагүй хүсэлтийг хангасан нь шүүх нэхэмжлэгч Лхагвасурэнгийн эрхийг зөрчиж ,ИХШХШТ хуульд заасан нэхэмжлэгчийг солих журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Солигдсон нэхэмжлэгч Мөнхжаргал нь өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг О.Өлзийсайхан, Ганчулуун нарт олгосон бөгөөд хэн нэгэнд олгосон итгэмжлэлийг хүчингүй болгоогүй байхад 2020-02-18 ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны товыг Өлзийсайханд мэдэгдээгүйгээр, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж нэхэмжлэгчийн төлөөлөгч Өлзийсайханы шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах боломж олгоогүй нь нэхэмжлэгчид захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Даландаваа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байдаг. Мөн үүнээс хойш шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөр бус итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх тул түүнд нэхэмжлэгч тал болон иргэн Лхагвасүрэн нар өмгөөллийн хөлс төлөх үүрэг үүсээгүй болохыг нотолж байна. Гансүх нь Мөнхжаргалыг эзгүйд тус компаны маргаантай газар дээр барилга барьж байсан Уран ган ХХК-ийн захирал Лхагвасүрэнтэй уулзаж ,танай оффисын газартай холбоотой маргаан дээр Даландаваа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа өмгөөлөгч байна. Энэ маргаанд ялагдвал танай Уранган ХХК-ийн эрх ашиг хөндөгдөнө. Иймд үүнийг ялахын тулд шүүх дээр танай эрхийг хамгаалж, газрыг авахад чиглэсэн тодорхой нэмэлт зардал хэрэг болоод байна, бас наад зах нь сайн чадвартай, мэрэгшсэн өмгөөлөгчийг өндөр хөлсөөр хөлсөлж авч өмгөөлөгчөөр оруулах шаардлагатай байна гэж ойлгуулж, ялагдвал эргүүлж төлнө гэж тохирч түүнээс дансаараа 100 сая төгрөгийг шүүхийн зардал гэж Мөнхжаргалын нэрээр шилжүүлүүлж авсан. Гансүх бүх шатны шүүх хуралдаан дээр ялагдаж, Далан даваа ХХК-ийн эрх, Лхагвасүрэнгийн эрхийг ч хамгаалж чадаагүй тохирсны дагуу мэрэгшсэн өмгөөлөгч аваагүй, хөлсөлж авсан өмгөөлөгчдөө ямарч өмгөөллийн хөлс мөнгө төлөөгүй, зардалд авсан мөнгөө зориулалтаар нь зарцуулаагуй, хөрөнгийн үнэлгээний зардлаас өөр ямарч зардалд зарцуулсан баримтгүй өөртөө завшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байсан учир Лхагвасүрэн нь 2018 оны 12 сарын 18 нд Гансүхтэй уулзаж, тохирсон хэлцлээ дүгнэж, түүнд өгсөн 100 сая төгрөгийг буцаан өгөхийг шаардаж, Гансүх уг шаардлагыг хүлээн зөвшөөрч, 52 сая төгрөгийг буцаан өгч, 3 сая төгрөгийн үнэлгээний хөлс төлсөн зардлыг хасаж, үлдэгдэл 45 сая төгрөгийг Гансүх 2019-07-11-ний дотор буцааж төлж барагдуулахаар тохирч төлбөр барагдуулах хэлцэл хийсэн байна .Энэ хэлцэл нь талууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, сайн дураараа, нотариатаар баталгаажуулж хийсэн, ямар нэг хуульд харшлаагүй, хүчин төгөлдөр хэлцэл болох нь хэргийн 4 хуудсанд авагдсан. Төлбөр барагдуулах гэрээ, гэх бичгийн баримт, Баянгол дүүргийн прокурорын 2018-11-02-ны тогтоолд тэмдэглэгдсэн.уг хэргийн гэрч Эрдэнэбилэгийн 2015-05-26-нд Лхагвасүрэн захирал над руу залгаад Гансүх өмгөөлөгчид яаралтай 100 сая төгрөг шилжүүлэх шаардлагатай байна, чи Голомт банкнаас мөнгө аваад Гансүх өмгөөлөгчийн Хаан банкны данс руу хийчих гээд надад Гансүх өмгөөлөгчийн дансыг өгсөн гэсэн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон байдаг. Иймд Лхагвасүрэн өөрөө Гансүхтэй тохирч түүний санал болгосны дагуу мөнгөө өгсөн учираас уг тохирсон хэлцэлээ талууд дүгнэсэн. Үүнийхээ дагуу Гансүхтэй хийсэн төлбөр барагдүүлах тухай хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байхад шүүх энэ хэлцлийн талаар ямар нэг дүгнэлт хийлгүй зөвхөн Гансух 100 сая төгрөгийг өмгөөллийн хөлс авсан эсэх, “Далан даваа” ХХК-аас авсан өмгөөлөгчөөр орсон ажлын хөлс мөн эсэх талаар өрөөсгөл дүгнэлт хийж хууль бусаар авч, өөрөө завшиж үрэгдүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгийг буцааж төлөх үндэслэлийн талаар өрөөсгөл хандаж, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00579 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Ц.Гэд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 45 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ч.М нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... Ц.Г нь “Далан даваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа шүүхийн зардал гэх зориулалтаар авсан 100 000 000 төгрөгийг хэрхэн зарцуулсан болох нь тодорхойгүй байх тул үлдэгдэл 45 000 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ...” гэх агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ “...“Далан даваа” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэн, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд уг ажлын хөлсөнд авсан төлбөр” гэж тайлбарласан.

“Далан даваа” ХХК-аас Ц.Гэд олгосон итгэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож ажиллахдаа талууд 5 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байх бөгөөд тус компанийн захирал Ч.М нь уг хөлсийг 2015 оны 01 сарын 23-ны өдөр Ц.Гэд шилжүүлэн төлжээ./хх-6/ Энэ талаар зохигчид маргаагүй байна.

            Хэргийн 4 дүгээр талд авагдсан “төлбөр барагдуулах гэрээ” гэх баримтыг Ц.Г, Б.Лхагвасүрэн нар үйлдсэн байх ба уг баримтыг 100 000 000 төгрөгийг буцаан төлөхтэй холбоотой хийсэн гэж зохигчид тайлбарладаг. Тухайн 100 000 000 төгрөгийг 2015 оны 05 сарын 26-ны өдөр Ц.Гэд “шүүхийн хөлс Мөнхжаргал” гэх утга заан шилжүүлжээ./хх-5/

Эдгээрээс үзэхэд хэргийн зохигчдын эрх зүйн байдал тодорхой бус, маргааны зүйл болж буй мөнгөн хөрөнгийг хэн шаардах эрхтэй болох нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.Мыг жинхэнэ нэхэмжлэгч гэж тодорхойлон нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнг солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 102/ШЗ2019/14789 дугаар захирамж гаргаснаар цаашид хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр Ч.М оролцсон./хх-42/ Энэ тохиолдолд гуравдагч этгээд Б.Лхагвасүрэнгийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг шүүх тодруулсан эсэх талаарх баримт хэрэгт байхгүй байна.

Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Түүнчлэн хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-т зааснаар мэтгэлцсэн гэж үзэх үндэслэлгүй.

Маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянаж шийдэрлэх ажиллагааны талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Хэргийн 3 дугаар талд авагдсан итгэмжлэлээр Б.Лхагвасүрэн нь О.Өлзийсайханд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг олгосон байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Мөн нэхэмжлэгч хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон  ба шүүх нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, оролцуулан хэргийг хянан шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. Учир нь, хуралдааны товыг мэдэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч  цааш мэдэгдэх боломжтойгоос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00579 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 382 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Б.НАРМАНДАХ