Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00477

 

 

 

   2024             05            08     

                          130/ШШ2024/00477

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ө аймгийн О сумын 5 дугаар багт оршин суух, У овогт Х М

Хүсэлтийн шаардлага: Ө  аймгийн О сумын Е ауыл нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч М нь Ө аймгийн О сумын Е нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие У сумын 10 жилийн сургуулийг 1987 онд төгсөж, ахын хамт мал дээр гарсан. 1988 онд О сумын уугал иргэн О.Ө гэр бүл болсон. Би О.Ө гэр бүл болсноос хойш 1988 оноос 1991 он хүртэл О сумын Е  нэгдэлд малчнаар ажилласан болно. Би тэтгэвэрт гарах болж нийгмийн даатгалд хандахад хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон гарсан тушаал архиваас гарахгүй байна гэж шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд миний Ө аймгийн О сумын Е  нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.М хүсэлттэй танилцлаа. Уг хүсэлтийг шийдвэрлэхэд ямар нэгэн татгалзах зүйлгүй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Өаймгийн О сумын Засар даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2/122 дугаартай тодорхойлолт, 1988, 1989, 1990, 1991 онуудын цалин хөлсний баримтууд, К.И, Д.Т А.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, О.Ө олгосон итгэмжлэл,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Өаймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс А.Ж-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

5. Шүүхийн журмаар Өаймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 514 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч М болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, К., Д., А.  нарыг асуусан гэрчийн тэмдэглэл, Өаймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 194 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэж бичиг баримтаа бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад хандахад ажилд томилсон тушаал гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд миний Ө аймгийн О сумын Е нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.

8. Хүсэлт гаргагч М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

9. Хүсэлт гаргагч М нь Ө аймгийн О сумын Е нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

9.1. Өаймгийн О сумын З нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай “Ээлжийн амралт олгох  тухай” тушаалд “... 2. Амралт авсан ахлах малчин, саальчдын нэрсийг 1-р хавсралтаар, албан хаагчдын нэрс/амралтын тооцоог 2-р хавсралтаар тус тус баталсугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 166 дугаарт “М” гэж бичигдсэн байдал,

9.2. О сумын Е компанийн хөрөнгө оруулалтын бичгийн Х олгосон мал хөрөнгийн үнэ: 4,400” гэж бичигдсэн байдал,

9.3. Ө аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 194 дугаартай “Хүсэлт гаргагч Х.д холбогдох Ө аймгийн О сумын Е нэгдлийн 1989-1991 онуудын цалин хөлсний баримтуудыг хүргүүлэв” гэх лавлагаа болон тус архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн О сумын Е ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс хүсэлт гаргагч Х.М-ийн 1989, 1990, 1991 онуудад ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилт байна.

9.4. Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 514 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.М-ийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1 /А/ маягтад “...14.Ажилладаг байгууллага: Е ауыл, эрхэлдэг ажил: төлчин” гэж, хүсэлт гаргагчийн 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүүхэд Ө.Е-ийн Төрснийг бүртгэх анкет ХААТР-11/А/ маягтад “8.эхийн нэр: Х, ажилладаг байгууллага: Нэгдэлд, эрхэлдэг ажил: төлчин” гэж бичигдсэн байна.  

9.5.Ө аймгийн О сумын 2 дугаар багийн иргэн  К.И, Д.Т, А.Х нарын “Хүсэлт гаргагч М нь Ө аймгийн О сумын З зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

10. Хүсэлт гаргагч М нь Ө аймгийн О сумын З нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.1. Учир нь, Ө аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1988 оны цалин хөлсний баримтад М гэж бичигдсэн байх ба энэ нь хүсэлт гаргагч М холбогдох цалин хөлсний баримт гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. 

10.2. Ө аймгийн О сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2/122 дугаартай “М нь 1988-1991 онуудад мал аж ахуй эрхэлж хөдөө амьдарч байсан иргэн мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтыг өгсөн боловч энэхүү тодорхойлолтын эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй буюу ямар баримт бичгийг үндэслэж тодорхойлолт өгсөн тодорхойгүй байна. 

10.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ө аймгийн О сумын З нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Өаймгийн О сумын З нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Хүсэлт гаргагч Х.М-ийн  хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ***** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон ***** дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй, мөн Ө аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр ирүүлсэн О сумын Знэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаал нь тамгагүй байх зэрэг нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

12. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.М-ийн  Ө аймгийн О сумын З нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоож, Ө аймгийн О сумын З нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан У овогт Х М нь Ө аймгийн О сумын З нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б