Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/03368

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/03368

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын гудамж *** байрны *** тоотод оршин суух Б овогт А ийн У  /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Хүсэлт гаргагч: А.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч А.У нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч миний бие 2009 оны 1 дүгээр сарын 04-ны өдөр өөрийн эцэг Г.О, ээж С.У нарын ууган охин болон төрсөн. Миний эмээ Д.А нь 2011 онд тэтгэвэртээ гарах гээд намайг үрчлэн авсан бөгөөд 3 удаа миний овог нэрийг өөрчилсөн. Одоо дахин овог нэр өөрчлөх боломжгүй болсон ба энэ жил суурь боловсролын гэрчилгээ авах гэтэл хувийн хэрэг дээр Г.О овогтой бичиг баримтын зөрчилтэй байна. Би төрсөн цагаасаа хойш аав, ээж дүү нартайгаа амьдарсан. Өөрийнхөө асран хамгаалагч аав, ээжээрээ овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.

 

Хүсэлт гаргагч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Саяхан шалгалт өгөөд хувийн хэрэг болон төрсний гэрчилгээ зөрүүтэй байсан учраас шалгалтдаа орж чадаагүй. Төрсөн цагаасаа эхлээд аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Бичиг баримт дээр өөр хүний нэр дээр байхад надад хүндрэлтэй байдаг. Тийм учраас нэхэмжлэл гаргасан. гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.О шүүхэд гаргасан тайлбартаа: О.У ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн үеийн амьдралын нөхцөл байдлаас ийм үйл явдал болсон. Одоо бол охиныгоо эцэгээрээ овоглуулахыг хүсэж байна. Шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.У ийн 2024 оны 5 сарын 10-ны өдрийн үрчилсний бүртгэлийн лавлагаа, А.У гийн төрсний бүртгэлийн лавлагаа, М ХХК-ийн 2024 оны 2 сарын 23-ны өдрийн 24/18 дугаар тодорхойлолт, гарын үсгийн бүртгэлийн хуудас, 2024 оны 3 сарын 5-ны өдрийн 0073 дугаар гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Б.Д гийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдлийн хуулбар, А.У ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.01.02-ны өдрийн 1 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны засаг даргын 2024 оны 5 сарын 1-ны өдрийн тодорхойлолт, Ү-****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.09-ний өдрийн 129/ШЗ2024/00158 дугаартай шүүгчийн захирамж,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.О оос тайлбар шүүхэд гаргаж өгсөн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч А.У нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.О оос өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

1.Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний эмээ Д.А нь 2011 онд тэтгэвэртээ гарах гээд намайг үрчлэн авсан, энэ жил суурь боловсролын гэрчилгээ авах гэтэл хувийн хэрэг дээр Г.О овогтой бичиг баримтын зөрчилтэй байна. Би төрсөн цагаасаа хойш аав, ээж дүү нартайгаа амьдарсан. Өөрийнхөө асран хамгаалагч аав, ээжээрээ овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. гэв.

 

Хүсэлт гаргагч А.У нь 2009 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд төрсөн цагаасаа Д гийн А ээр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь 2009 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Гэвч Д.А нь өндөр насны тэтгэвэрт гарах шалтгаанаар өөрийн хүү Г.О ын охин А.У ийг 2011 онд үрчлэн авч, өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан, одоо өндөр настай болсон тул охин А.У ийг төрсөн эцэг Г.О оор овоглоход татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан бичигт ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ гэж тус тус заасны дагуу О.У /*******/-ийн үрчлэлтэй холбоотой асуудлыг тус хэлтэс шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандана уу... гэжээ.

 

Мөн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 0007 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаараар Д.А нь А.У ийг үрчилж авсан нь тогтоогдож байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн А.У ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж үрчлэлтийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.У ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 145.2.3-д зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Б овогт А ийн У ийг Б овогт Д гийн А т үрчилсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 0007 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГОНЧИГСУМЛАА