Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 477

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Ж.Ганзориг,

            улсын яллагч Ж.Энхжаргал,

            шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дийн Бод холбогдох эрүүгийн 201724000407 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн байцаалт

            Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, Говьсүмбэр аймаг, Шивээговь, 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Дийн Б, /РД:.../

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 16:00 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин хотхоны зүүн хойд замд ... УБА улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа,...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас О.Гын жолоодож явсан Л.Нын эзэмшлийн ... УНЕ дугаартай Тоёота Приус маркийн автомашины араас мөргөж зорчигч А.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Нт 1.655.000 төгрөгийн шууд, 2.290.000 төгрөгийн нийт хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэрэгийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

 

            Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 16:00 цагийн орчим Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин хотхоны зүүн хойд замд согтуугаар ... УБА улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашин жолоодож яван Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн О.Гын жолоодож явсан Л.Нын эзэмшлийн ... УНЕ дугаартай Тоёота Приус маркийн автомашины араас мөргөж зорчигч А.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Л.Нт 1.855.000 төгрөгийн шууд, 2.290.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсан тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-20х/

 

            Жолоочийн согтууралах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: /1.42%/  /хх-ийн 21х/

 

            Хохирогч А.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчим би гэртээ байж байгаад хажуу хашааны айлдаа орсон чинь айлын эзэн болох О эгч, хамтран амьдрагч Оогий гээд залуу, О эгчийн охиных нь хүүхэд, тэгээд машинтай нэг залуу 4 явах гээд хашаан дотроо байж байхаар нь хаачих гэж байгаа юм гэсэн чинь 2 буудлын цаана энэ айлынхаас гээд машинтай залууг заагаад юм авчихаад ирье гэхээр нь цуг суугаад нөгөө айлд очиж юм авчаад буцаад явж байхдаа Баянхошууны 7-р хорооноос доошоо уруудаад Хилчин хотхоны ойролцоо явж байгаад гэнэт  нэг машины араас мөргөчихсөн. Би автомашины арын суудлын голд суугаад миний зүүн гар талд хүүхэд суугаад баруун гар талд О эгч суугаад, урд талд жолоочийн хажууд Оогий гээд залуу суугаад машины эзэн нь өөрөө машинаа бариад 5-уулаа явж байсан. Ослын улмаас миний зүүн гар хугарсан, бусдаар өөр гэмтэл учраагүй. Надаас өөр гэмтсэн хүн байгаагүй. Би гудамж руу эргэх гэж байсан машины араас гэнэт мөргөчихлөө гэж харсан. Би ослын дараа жолоочийг уусан байсныг нь мэдсэн. Шүүхийн эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би эмчилгээндээ нийт 176.500 төгрөг зарцуулсан, баримт нь байхгүй. Хохирлоо төлүүлсэн болохоор одоо гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/

 

            Иргэний нэхэмжлэгч Л.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчим хамт ажилладаг Гад би “....” ХХК-ийн нэр дээр байгаа өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ... УНЕ улсын дугаартай автомашиныг гэрээсээ аранз аваад ирье гэж хэлэхэд нь машинаа өгч явуулсан. Га гэрээсээ гараад ажил руугаа ирж явах үед нь Тоёота Эстима маркийн ... УБА улсын дугаартай автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн явж байгаад миний машиныг мөргөж, нийт 2.290.000 төгрөгийн хохирол учруулсан болно. Миний машинд учирсан хохирол болох 2.290.000 төгрөгийг Д.Бын эхнэр Б.Мт 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлсөн. Одоо миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33х/

 

            Гэрч О.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай хажуу хашааны хүүхэн Ц манайд орж ирээд сууж байтал Б манайд очиж зурагт авъя гээд бөөнөөрөө машинд суусан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Нилээн согтсон байсан, Бын гэрт очиж зурагт авсанаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хүүе буугаач ээ болсон. Тухайн үед би охиныхоо 4 настай хүүхэдтэй нь цуг явж байсан болохоор тэвэрч буугаад замын хашлаган дээр суусан. Тэгээд яаж харьсанаа сайн санахгүй байна. Жолооч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сүүлийн архинаас хэр их уусан талаар мэдэхгүй байна. Цэргийн ангийн хойд талын колонкийн орчим замд Приус маркийн автомашинтай мөргөлдсөн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38х/

 

            Гэрч О.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 16:00-17:00 цагийн орчимд найз Нын эзэмшлийн ... УНЕ дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодоод ганцаараа зүүнээс баруун тийшээ Хилчин хотхоны зүүн хойд замаар 2 дугаар эгнээгээр явж байхад хойноос нэг машин маш их хүчтэй мөргөсөн. Нэг хэсэг шоконд орсон. Мөргөсөн машинаас нэг согтуу залуу бууж ирсэн. Хиймэл хөлтэй залуу байсан. Тэгээд цагдаа дуудсан. ...Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 42х/

 

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6670 дүгнэлтэд: “...1/ А.Цгийн биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 45х/

 

      Замын цагдаагийн албаны шинжээчийн №296 дүгнэлтэд: “...1/ Т.Эстима маркийн ... УБА  дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-ийн 62х/

 

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 16:00 цагийн орчимд Мын эзэмшлийн ... УБА дугаартай Т.Эстима маркын автомашиныг жолоодоод Ц, О нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг Хилчин хотхоны зүүн хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээгээр 50 орчим км/цаг-ийн хурдтай явж байгаад 1 дүгээр эгнээнд орохдоо ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээнд явсан Т.Приус маркийн автомашины баруун хойд буланд мөргөсөн. Эмчилгээний болон мөргөсөн машины хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...Тухайн үед би архи уусан байсан. Их согтуу байсан. Машины хөдөлгөөн бага байсан. Урдаа явсан машиныг анзаараагүй. Гэнэт тулаад мөргөсөн. Осол миний буруугаас болсон. Буруугаа ойлгож байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 6670, 296 тоот дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч Д.Бын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 1.42% хувийн согтолттой байхдаа тээврийн хэрэгслийг жолоодож явсан, улмаар урдаа болон хажуугийн эгнээнд яваа машинтай мөргөлдөж шүргэлцэхгүйн тулд машин хоорондох зайгаа тохируулж яваагүй нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

            Иймд шүүгдэгч Д.Быг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхжаргалын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 214 дугаартай яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж харъяалах  шүүхэд хүргүүлэхээр дурдсан атлаа тогтоох хэсэгт “... Д.Быг ...хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ  үйлдсэн үйлдэлд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлдийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар  зүйлчлэхээр тогтоосугай...” гэснийг бичиглэлийн алдаа гарсан байна гэж дүгнэн,  зөвтгөсөн болохыг тэмдэглэв.

            Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан Д.Бын үйлдсэн гэх хэргийн агуулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан гэмт хэргийн шинжийг өөртөө агуулсан, энэ нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93х/, замын цагдаагийн албаны шинжээчийн №296 дүгнэлт /хх-ийн 62х/ зэргээр давхар тогтоогдож байна.

 

      Шүүгдэгч Д.Б нь  гэм буруу дээр маргаагүй тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулсан болохыг дурдав.

 

            Шүүхээс, шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

            Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул шүүгдэгчид тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.           

     

            Шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэж байгаа тул түүний В ангиллын 1008725 дугаартай жолооны үнэмлэхийг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй.

 

      Д.Бын хувийн байдлын талаар:

      Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69х/

      Говьсүмбэр аймаг Шивээговь сумын 1 дугаар багийн тодорхойлолт /хх-ийн 70х/

      Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 74-75х/ зэргээр тогтоогдлоо.         

      Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 76х/

     

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Бын үйлдлийн улмаас хохирогч А.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх боловч шүүгдэгч нь хохирогчид 176.500 төгрөгийг төлсөн, хохирогч нь цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх, /хх-ийн 28х/,

иргэний нэхэмжлэгч Л.Нт нийт 2.290.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Д.Бын хамтран амьдрагч Б.Мт нь бүрэн төлсөн тухай мөнгө хүлээлцсэн баримт, хэлцэл хэрэгт хавсаргагдсан, иргэний нэхэмжлэгч Л.Н нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 33х, 78х/

 

Шүүгдэгч Д.Бын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Д.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дийн Быг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг  тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч Д.Бын В ангиллын 1008725 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор,  оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г. АЛТАНЦЭЦЭГ