Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Ч.М-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         Ц.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

Шүүгдэгч                                                         Ч.М

                        Нарийн бичгийн дарга                                  М.Энх-Амгалан нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Мд холбогдох 2212000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тамир” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ч.М

 

Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 08-12 тоотод Ц.Моос тэтгэврийн зээл аваад өгөөч, удаахгүй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төрийн банкнаас 1.695.000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулан авч залилсан,

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийгөө бүх төрлийн утас хямд зардаг гэж итгүүлэн Айфоне экс “Iphone-x” загварын гар утсыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.Бт Улаанбаатар хотоос хүргүүлнэ хэмээн урьдчилгаа 200.000 төгрөгийг өөрийн ээж М.Дын эзэмшлийн 5156013709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төвд гар утас худалдан борлуулдаг иргэн Б.Окт хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авсан, 15 сая төгрөгийн шагнал авсан, ээж мөнгө шилжүүлж чадахгүй байна, 18 цагаас хүлээн авалтад орж ах, эгчдээ гар утас бэлэг болгон өгөх гэсэн юм гэж хуурч “Айфоне 12 про”, “Айфоне Экс эс” загварын хоёр гар утсыг нь залилан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт байрлах “Шим” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сарын 10-18-ны өдрийн хооронд иргэн Ц.Мийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгөнөөс 888.800 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ч.М-г бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгаас 1.695.000 /нэг сая зургаан зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 08-12 тоотод оршин суух Тэрэгчин овогт Ц.М-т, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 20-06 тоотод оршин суух Б.Б-т, 682.348 /зургаан зуун наян хоёр мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 48 дугаар байрны 03-27 тоотод оршин суух Ц.М-д, 1.476.000 /нэг сая дөрвөн зуун далан зургаа мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 31-28 тоотод оршин суух О.З-д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч О.З-ийн нэхэмжилсэн 47.000 /дөчин долоо мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч О.З нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, үлдэх 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Ч.Мд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Мгийн гаргасан давж заалдах гомдолд: Ч.М миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохирогч нарын хохирол төлбөрийг өөрийн цалингаараа төлж барагдуулах болно. Би өөрийн ажиллаж байгаа байгууллагаасаа цалингаа урьдчилж авахаар болсон. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ч.М миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Мд холбогдох хэргийг түүний өөрийнх нь болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх хуралд оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Мд оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэргийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Иймд Ч.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ч.М нь одоо оюутан болох гэж байгаа юм. Түүний өөрийнх нь насны байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг нь багасгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ч.Мгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад  шүүгдэгч  Ч.М нь  2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийгөө бүх төрлийн утас хямд зардаг гэж итгүүлэн Айфоне экс “Iphone-x” загварын гар утсыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.Бт Улаанбаатар хотоос хүргүүлнэ хэмээн урьдчилгаа 200.000 төгрөгийг өөрийн ээж М.Дын эзэмшлийн 5156013709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бын...Би ажил дээрээ явж байгаад утсаа унагааж эвдчихсэн юм. Би ковидын тасагт ажиллахаар байсан учраас тэрнээсээ өмнө яаралтай утас авах шаардлагатай байсан. Тэгээд фейсбүүкт яаралтай утас авна гэж зар тавьсан чинь миний чатаар хямд үнээр утас зарна, бүх төрлийн утас зардаг, та ямар утас авмаар байна гээд мессеж бичсэн байсан. Би тэр хүнтэй эхлээд “Iphone-x” авъя гэж ярьсан чинь болно, өнөөдрийн 19 цагаас өмнө 200.000 төгрөг явуулчих, би утсыг нь орой шууданд тавиад өгье, үлдсэн мөнгөө маргааш утсаа авчхаад өгөөрэй гэсэн. Би аймагт лангуутай, утас зардаг, хотод бас нэг лангуу нээж байгаа, одоо хотод ирчихсэн байна гэж ярьсан. Би ажлаа тараад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 30 минутад өөрийн “Хаан” банкны 5141203185 дугаарын данснаас М.Д гэдэг хүний 5156013709 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Энэ данс руу хийгээрэй, гүйлгээний утга дээр утасны дугаараа биччихээрэй гээд М над руу фейсбүүк мессенжерээр явуулсан юм. Маргааш нь надад утсыг чинь явуулчихсан, орой 22 цагт шуудангаас тосож аваарай гэсэн. Би тэр орой нь шуудан тоссон чинь ямар ч утас тавиагүй байхаар нь тэр дор нь 99373940 гэсэн дугаар руу нь залгаад утас чинь ирээгүй байна гэсэн чинь би 14 цагийн шууданд тавьж амжсангүй, би өөрөө ахтайгаа хамт хотоос гарч байна, өөрөө аваачаад өгье гэсэн. Тэгээд маргааш орой нь ирэхийг нь шөнийн 03 цаг болтол хүлээсэн. Би утас руу нь залгахаар аваад Хар хоринд явж байна, Цэнхэрт явж байна гээд яриад байснаа шөнө 03 цагт залгахад аймагт ороод ирсэн байна, хүмүүсээ буулгаж байна, тэгээд аваачаад өгье гэсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь холбогдохоо больчихсон. Маргааш өглөө нь 12 цагийн үед утас нь холбогдоод би Булган аймгаас аймаг руу орох гээд явж байгаад бие өвдөөд эмнэлэгт хэвтчихлээ, 7 хоногийн дараа гарна, гарахаараа аваачаад өгье гэхээр нь чи чинь Улаанбаатараас аймаг руу гарсан гээ биз дээ гэж асуусан чинь аймагт ирчхээд Булган аймаг руу явсан, таны утас холбогдохгүй байсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь хүнээс нокио аваад барьчихлаа, чамайг хүлээж байя гэж хэлсэн чинь би эмнэлгээс гараад таны утсыг аваачаад өгье гэсэн. Тэгээд утсаа авахаа байгаад намайг блок хийчихсэн байхаар нь би аавынхаа утсаар залгаад аавыг яриулсан чинь би охины чинь утсыг аваачиж өгөх гээд явж байна гэж хэлээд авчирч өгөөгүй...гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Б-ийн...Манай охин Батдолгор хүнээс гар утас худалдаж авна гээд 200.000 төгрөг хүнд өгөөд утсаа авч чадахгүй, мөнгө ч буцааж авч чадахгүй байгаа. Тэр талаараа цагдаад хандсан байсан. 2022 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна, манай охин Батдолгор нөгөө хүнээсээ утсаа авах гээд залгахаар миний дугаарыг авахгүй байна, та нэг залгаад асуугаад өг гээд 99393740 гэсэн дугаар хэлэхээр нь би 99393740 дугаар руу нь залгаад Батдолгорын аав нь байна, хүүхдийнхээ утсыг авъя, чи хаана байгаа юм гэсэн чинь би хотод байж байгаад сая ирж байна, аймгийн зах дээр байна гэхээр нь би очоод утсаа авчихъя гэсэн чинь яах юм бэ ах, би унаатай явж байна, өөрөө аваачаад өгье гэхээр нь би Батдолгорын аймгийн төвд байдаг хаягт аваачаад өгөөрэй гэсэн чинь за за гээд одоог хүртэл өгөөгүй байна. Б.Б нь хохирлоо барагдуулж аваагүй байгаа... гэх мэдүүлэг,

 

гэрч М.Дын...Цагаан сарын өмнө манай том охин М нь М-г асуудал тариад амьтан хүн фейсбүүк дээр зургийг нь тавиад байна гээд утсаар ярьсан. Тэр үед М Улаанбаатар хотод байсан. Тэгээд дуудаж авчирсан. Тэгээд би яасан, ийсэн гээд аашилж загнаад, аргадаж гуйгаад ч надад юу ч ярьж, хэлэхгүй байна. Би өөрөө мэдэж байна ш дээ, би өөрөө зохицуулчихна гээд уурлаад гараад явчихдаг. Манай охин М ээжээ картаас чинь мөнгө аваадахъя гээд аваад явдаг. Би өөрөө картаасаа мөнгө гаргаж чаддаггүй болохоор нэг бол М, нэг бол хүүтэйгээ явж авдаг юм. Би 200.000 төгрөг орсныг мэдээгүй. Миний карт ихэвчлэн Мд байдаг...гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд Ч.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Ч.М нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 08-12 тоотод Ц.Моос тэтгэврийн зээл аваад өгөөч, удаахгүй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төрийн банкнаас 1.695.000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулан авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Мын мэдүүлсэн...2021 оны 11 дүгээр сарын 10-даар Д-ын том охин Ч.М нь манай гэрт хүрч ирээд дүүд нь мөнгөний хэрэг болоод байна, та дүүдээ тэтгэврийн зээл аваад өгөөч гэхээр нь би ах нь тэтгэврийн зээлтэй ш дээ гэсэн чинь зүгээрээ зээл аваад 6 сар болчихсон бол дахиад авч болдог юм, би 2021 оны 11 дүгээр сарын 15-нд мөнгөтэй болно, дүү нь танд удаахгүй өгнө гээд гуйгаад байхаар нь хамт Төрийн банк руу ороод тэтгэврийн зээлээ 2022 оны 05 дугаар сарыг хүртэл аваад 1.695.000 төгрөгийг Ч.Мд бэлнээр өгсөн. Тэрнээс хойш зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй, өдий хүрч байна. Манай Улаанбаатар хотод байдаг охинтой чатаар холбогдоод маргааш өгнө, 1 дэх өдөр өгнө, 4 дэх өдөр болъё гээд хойшлуулаад байдаг юм билээ...гэх мэдүүлэг,

 

гэрч О.Л-ын...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай хадам эгч О над руу залгаад та нар зээл авсан юм уу, аавын данснаас мөнгө гарсан байна гэхээр нь үгүй гэж хэлээд аав руу ярьсан чинь аав манай хашаанд байсан М гэдэг охинд зээл аваад өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд одоог хүртэл буцааж авч чадаагүй байгаа юм... гэх мэдүүлэг, 

 

гэрч М.О-ийн...Миний гар утсанд манай аав, ээж хоёрын тэтгэврийн зээл орж ирсэн мэдээлэл нь гарч ирдэг ба 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний дансанд мөнгө орж ирсэн болохоор нь тухайн өдрөө анзаараагүй бөгөөд маргааш өдөр нь анзаараад харахад манай аавын дансны мэдээлэлд тэтгэврийн зээл Ц.М, 1.694.962 төгрөг орж ирэхээр нь би тэр дороо төрсөн дүү М.Нэргүй рүү утсаар залгаад яах гэж ааваар тэтгэврийн зээл авхуулсан юм бэ гэж асуухад манай дүү мэдээгүй байсан ба түүний дараа аав, ээжтэй утсаар ярихад тэтгэврийн зээл аваагүй гэж байсан ба сүүлд нь ааваасаа сонсоход Цэцэрлэг хотод манай аавын хашааг түрээслэн амьдардаг байсан М гэдэг эмэгтэй манай аавыг дагуулж банкинд очоод тэтгэврийн зээл авхуулсан байсан. М нь тухайн үед 2-3 хоногийн хугацаатай мөнгөний хэрэг боллоо гэж манай аавд хэлж гуйж байгаад тэтгэврийн зээл гаргуулан авсан байсан. М нь манай ааваас авсан мөнгийг эргүүлэн төлөөгүй...гэх мэдүүлэг, 

 

мөрдөн байцаалтын шатанд Ч.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, бичгийн нотлох баримт, зээлийн дансны төлбөрийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Ч.М нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багт байрлах “Шим” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сарын 10-18-ны өдрийн хооронд иргэн Ц.Мийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгөнөөс 888.800 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Мийн...Би 2022 оны 02 дугаар сард цахимаар хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хүн ажилд авна гэж зар тавьсан юм. Үүний дагуу Ч.М гэх эмэгтэй зарын дагуу ирж уулзсан юм. Ингээд тухайн хүнийг 1 сарын 800.000 төгрөгөөр цалинжуулаад ажиллуулахаар болоод амаар гэрээ байгуулаад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орой бараагаа тоолоод нийт 32 сая төгрөгийн бараа хүлээлгэн өгч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ч.М дэлгүүрт худалдагчаар ажиллах болсон. Би өдөр бүр дэлгүүр хаагаад өдрийн орлогоо тооцоо шахаж авдаг байсан. Эхний өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орлогоо авахад 29.000 төгрөг бэлнээр дутсан. Үүнийг М мэдэхгүй байна, ямар сонин юм бэ гэдэг байдлаар хэлсэн. Дараагийн өдөр буюу 02 дугаар сарын 11-ний өдрийн орой тооцоо шахаж үзэхэд мөнгө дутаагүй, 02 дугаар сарын 12-ны өдрийн орой тооцоо шахаж орлого авахад 40.000 төгрөг бэлнээр дутсан. 02 дугаар сарын 13-ны өдрийн орой 179.000 төгрөг бэлнээр дутсан. 02 дугаар сарын 14-ний өдрийн орой 475.000 төгрөг бэлнээр дутсан. 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ямар нэгэн мөнгө дутаагүй, кассын тооцоо таарч байсан бөгөөд 02 дугаар сарын 17-ны өдрийн орой 56.000 төгрөг дутсан. Энэ бүх мөнгө дутсан зүйлийг Ч.М эсвэл мэдэхгүй байна, манай танил эгч мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлж тайлбарладаг байсан. Тухайн мөнгө мобайлаар миний дансанд орж ирдэггүй байсан юм. Тэгээд М, бид хоёрын тооцоо нийлдэг дэвтэр дотроос миний авсан зүйлс гээд барааг үнийн дүнтэй нь бичсэн цаас гарч ирсэн. Үүнийг би өөрөөс нь асуухад миний авсан зүйлс байгаа юм, би нийлүүлж байгаад мөнгийг нь хийх гэж байсан юм тайлбарласан. Тухайн зүйлийн үнийн дүнг бодож үзэхэд 135.900 төгрөг болж байсан. Нийт манай дэлгүүрт 888.800 төгрөгийн мөнгө болон бараа дутаасан юм. Ч.М нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өглөө ажилдаа ирээд кассаас дутаасан 475.000 төгрөгөө олоод ирье гэж хэлж яваад буцаж ирээгүй. Тэгээд утас руу нь залгахаар огт утсаа авдаггүй, фейсбүүк чатаар зурвас илгээдэг, тухайн зурвас дээр орой, өдөр, өглөө ирнэ гэх утгатай зурвас илгээдэг байсан...гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Д-ын...Би тухайн дэлгүүрт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр туслах ажилтнаар орж ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ковид тусаад гэрээрээ эмчлүүлж байгаад буцаж ажилдаа орох гэсэн чинь өөр хүн ажилд авчихсан байсан. М дэлгүүрт ажилд орохдоо бараа тоолж авсан бөгөөд 02 дугаар сарын 09-ний өдрийн орой М, түүний нөхөр Н, М, бид нар тоолоод 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө 05 цаг хүртэл тоолж Мд хүлээлгэж өгсөн юм. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна, бүтэн сайн өдөр буюу амралтын өдөр байсан юм, М надад кассаас бэлэн 100.000 төгрөг аваад АТМ рүү хийгээд өг, ээждээ юм захиалах гэж байгаа юм, урьдчилгаа мөнгө өгөх ёстой юм гэж хэлсэн. Би тухайн мөнгийг нь хэлсэн дансанд нь хийсэн чинь Г гэсэн нэр гарч ирж байсан. Бас 10 жилийн гэхээр 2 эрэгтэй хүүхэд орж ирээд Мгаас утасны мөнгө өг гээд нэхээд байдаг байсан. Тэгээд би ямар учиртай мөнгө нэхээд байгаа юм гэхэд би өмнө нь утасны лангуу ажиллуулдаг байсан юм, энэ хоёр утас өгнө гэж хэлээд мөнгө авчихсан юм гэж байсан. Тэгээд 02 дугаар сарын 14-ний өдөр шиг санаж байна, нөгөө хоёр хүүхэд 13 цаг өнгөрч байхад орж ирээд мөнгө нэхсэн чинь М орой 17 цагийн үед ирээд авчих гэж хэлээд явуулсан. Тэгээд орой 17 цагийн үед нөгөө хоёр хүүхэд орж ирээд гараад явсан. Би дэлгүүрийн хойд зааланд юм хийж байсан. Тэгээд урд зааланд орсон чинь М мөнгийг нь өгчихлөө гэж хэлсэн байсан. Миний бодлоор тэр мөнгийг утасны мөнгө нэхээд байсан хоёр хүүхдэд өгсөн байх гэж бодож байна... гэх мэдүүлэг,

 

эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар, 

 

шүүгдэгч Ч.М нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төвд гар утас худалдан борлуулдаг иргэн Б.Окт хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авсан, 15 сая төгрөгийн шагнал авсан, ээж мөнгө шилжүүлж чадахгүй байна, 18 цагаас хүлээн авалтад орж ах, эгчдээ гар утас бэлэг болгон өгөх гэсэн юм гэж хуурч “Айфоне 12 про”, “Айфоне Экс эс” загварын хоёр гар утсыг нь залилан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.О-ийн...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг лангуун дээрээ гар утсаа зарж байхад өдөр 14 цагийн орчим үл таних эмэгтэй ирээд миний зарж байсан гар утаснуудыг үзэж байгаад “Ipone 12 Pro”, “Ipone 12 Pro Max”, “Ipone Xs” загварын гурван ширхэг гар утас худалдаж авахаар болоод тухайн гар утаснуудад өөрийнхөө гар утасны сим картыг хийж хүнтэй утсаар ярьж шалгаж үзсэн. Тэгээд төлбөр тооцоогоо хийх болсон чинь нөгөө хүүхэн манай ээж гар утасны үнийг хөдөөнөөс шилжүүлнэ, та дансны дугаараа өгөөч гэхээр нь би өөрийн “Хаан” банкны дансны дугаарыг нөгөө эмэгтэйд хэлж өгсөн. Гэтэл нөгөө хүүхэн миний лангууны хажууд зогсоод нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад гар утасны мөнгөө шилжүүлээч гэж гар утасны чанга яригч дээр тавьж байгаад ярихад утсаар ярьж байгаа эмэгтэй хүн нь одоо банк руу явж байна, мөнгөө шилжүүлэх гэж байна гээд л яриад байсан. Тэгж байгаад нөгөө хүүхэн би 18 цагаас хүлээн авалтад орох гэж байгаа юм, яараад байна гээд мөнгө шилжүүлэхийг хүлээгээд байсан. Орой 19 цаг болоод ажил тараад явах гэсэн чинь нөгөө хүүхэн эгчээ та гурван гар утсаа надад өгөөд явуулчих, манай ээж одоо мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед би үнэхээр л хүн мөнгийг нь шилжүүлэх гэж байгаа юм байна даа гэж бодоод гурван ширхэг гар утсаа аваад дэлгүүрээ хаагаад гарсан. Гэтэл нөгөө надтай хамт явж хүнтэй утсаар ярьж байгаад эгчээ манай эгч, ээжийн виза картыг аваад явчихсан байна, манай ээж хөдөөгийн хүн болохоор мөнгөө шилжүүлж мэдэхгүй байна, маргааш өглөө гэхэд би гурван гар утасны чинь мөнгийг өгье, би өөрөө хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод хүрэл медаль авсан юм, хүрэл медалийн шагнал 15 сая төгрөг манай ээжийн дансанд орсон байгаа, манай ах, эгч нар миний медалийг угаах гээд энд нэг газар хүлээн авалт хийж байгаа юм, энэ арга хэмжээг тохиолдуулаад би ах, эгч, найз залуудаа гар утас бэлэг болгож өгөх гэж байгаа юм, тийм болохоор таны гар утас яг одоо хэрэг болоод байгаа юм гээд гуйсан. Тэгэхээр нь түүний ярьсан зүйлд итгээд нээрээ л ээжид нь шагналын мөнгө нь байгаа юм байлгүй гэж бодоод итгээд чамд ямар нэгэн бичиг баримт байна уу гэсэн чинь нөгөө хүүхэн манай ахын гэрт миний иргэний бичиг баримтын хуулбар байгаа гэхээр нь дагаад Шанд багт нэг айлд очсон. Би өөрөө тэр айл руу ороогүй, нөгөө хүүхэн ороод өөрийнхөө бичиг баримтын лавлагааг авч гарч ирээд өөрийнхөө бичиг баримтын лавлагааг өгсөн. Тэгээд нөгөө охинд маргааш өдөр гэхэд гар утасны үнийг өгнө гэсэн бичиг хийгээд өг гэсэн чинь нөгөө хүүхэн зээлийн гэрээ гэсэн зүйл бичиж өгсөн. Тухайн хоёр баримтыг би өргөдлийнхөө хамт цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа. Тэгээд надаас “Ipone 12 Pro”, “Ipone Xs” маркийн гар утаснуудыг аваад явсан. Гэтэл маргааш өдөр нь нөгөө охин ирээгүй. Гар утас руу залгаад ярихаар мөнгийг чинь өгөх гэж байна, одоо очиж байна гэх мэтээр худлаа хэлээд яриад байгаа юм...гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч О.Згийн...Би Ч.М гэж хүний гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг худалдан авч тухайн гар утасны төлбөрт 1.476.000 төгрөг төлсөн бөгөөд тухайн гар утсаа гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гэдгийг мэдэж ойлгоод цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Одоо гар утасны төлбөрт Ч.Мд өгсөн 1.476.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлттэй байгаа учир би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...гэх мэдүүлэг,

 

гэрч О.О-ын...Тэр өдрийнхөө орой А, 18-20 орчим насны эмэгтэй хүн дагуулж ирээд манайд үлдээсэн. Агийн дагуулж ирсэн хүүхнийг Ч.М гэдэг эмэгтэй байсан бөгөөд тэр үед Ч.Мтай анх танилцсан. Ч.М манай гэрт ирснээсээ хойш манай гэрт 3 хоноод явсан. Гэтэл үүнээс хойш 2-3 хоноод эргээд ирсэн бөгөөд үүнээс хойш манайд ирээд нэг хоёр хоноод явдаг болсон. Ч.М өөрийгөө Улаанбаатар хотод гар утасны наймаа эрхэлдэг, одоогоор лангуун дээрээ Б гэж хүнийг ажиллуулж байгаа, өөрөө Архангай аймгаас гараад Улаанбаатар хот руу явж байгаа, замаараа Булган, Орхон аймгуудаар дайрч яваа гэж ярьж байсан. Ч.М манай гэрт байхдаа миний гар утсыг хараад та надад өөрийнхөө барьж байгаа гар утсыг өгчих, харин би танд “Ай фоне экс эс” гар утас бэлэглэж болж байна, харин та надад хүүтэй 2 сая төгрөг зээлдүүлээд өг, хүү нь хэдэн хувь ч байж болно гэж ярьж байсан. Үүнээс хойш нэг хоёр хоногийн дараа манай хамаатны хүүхэд З манай гэрт ирээд байж байсан чинь Ч.Мд Зд би Улаанбаатар хотод гар утас зардаг, та урьдчилгаа өгөөд гар утас хувь зээлээр авч болно шүү гэж хэлсэн чинь З ямар утас байгаа юм бэ, нөхөртөө нэг утас аваад бэлэг болгоод өгчих юм сан гэж хэлсэн чинь Ч.М “Ай фоне 12 Про” загварын гар утас зээлээр өгч болно гэж хэлээд салсан. Гэтэл үүнээс хойш 1-2 хоногийн дараа З над руу яриад танай гэрт байсан хүүхэн гар утас зарах юм болов уу, яах бол гэхээр нь Зд би мэдэхгүй байна, чи өөрөө ярь гээд гар утсаа өгсөн чинь Ч.М, Зтой утсаар ярьж байгаад урьдчилгаа мөнгө авахаар болоод миний “Хаан” банкны 5120041115 дугаарын дансаар 583.000 төгрөгийг Згоос авсан. Згоос авсан мөнгөнөөсөө өөрийнхөө гар утасныхаа төлбөр 100.000 төгрөгийг төлүүлээд, надаас зээлсэн байсан 40.000 төгрөгөө авч үлдээд үлдсэн мөнгийг нь Ч.Мгийн найз Очироо гэж залуугийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш Ч.М Улаанбаатар хотоос гар утас ирж байгаа гээд ярьж явж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой манай гэрт ирсэн бөгөөд ирэхдээ хар саарал өнгийн “Ай фоне Экс эс”, “Ай фоне 12 Про” загварын 2 ширхэг гар утас авч ирсэн. Тэгэхээр нь би З руу утсаар яриад чиний захисан гар утас чинь ирлээ гэж хэлсэн чинь З манайд ирээд Ч.Мгийн авч ирсэн хөх өнгийн “Ай фоне 12 Про” загварын гар утсыг аваад явсан. Ч.М миний өөрийн барьж, ашиглаж байсан “Ай фоне 7 плас” загварын гар утсыг аваад надад “Ай фоне Экс эс” гар утсыг бэлэглэсэн. Үүнээс хойш Ч.М манай гэрээр орж гарч явж байгаад Архангай аймаг руугаа явсан...гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Н-ийн...2021 оны 12 дугаар сарын дундуур аавынхаа гэрт очсон чинь Ч.М гэж хүүхэн манай гэрт байж байсан. Тухайн үед юун хүүхэн юм бэ гэхэд миний төрсөн дүү Отгонцацрал манай найзын дүү байгаа юм, манайхаар ирж очоод яваад байгаа юм гэж ярьсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа мөн аавын гэрт очсон чинь Ч.М Улаанбаатар хотоос 2 лангуун дээрээс 2 ширхэг гар утас авч ирээд нэгийг нь миний дүү Отгонцацралд, нэг гар утсыг нь манай хамаатны дүү Зд зарсан гэж байсан. Тэр үед Ч.М надтай ярьж байгаад эгчээ надад 400.000 төгрөгийн хэрэг байна, та дүүдээ хүүтэй ч хамаагүй 400.000 төгрөг зээлдүүлээч гээд гуйхаар нь түүнд итгээд өөрийн танил Ариунсан гэж хүнээс 400.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад Ч.Мд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн. Ч.М руу залгаад мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэдэг бөгөөд сүүлдээ Згоос гар утасны мөнгө авах ёстой, тэр мөнгөнөөс ав гэхээр нь би Зд энэ талаар хэлсэн чинь З би гар утас лизинг хийж авсан юм, мөнгийг нь цувуулаад өгч байгаа гэж хэлээд надад Ч.Мгийн надаар хүнээс зээлдүүлсэн 400.000 төгрөгийг хүү 100.000 төгрөгтэй нь нийлүүлээд 500.000 төгрөг авсан байгаа... гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.О-ийн...Манайд байх хугацаандаа өөрийгөө Улаанбаатар хотод гар утасны наймаа хийдэг гээд манай охин Отгонцацрал, хамаатны хүүхэд болох З нарт гар утас авчирч зарж, Отгонцацралтай гар утсаа сольж барьсан. Ч.М манай гэрээр ирж, очоод явж байх хугацаандаа надад цагаан сарын баярын үеэр хэрэглэх хямд үнэтэй цагаан идээ Архангай аймгаас авчирч өгнө гээд бэлэн 200.000 төгрөг авсан. Цагаан сарын үеэр Ч.Мгаас цагаан идээгээ авах гээд утсаар ярьсан чинь одоо явуулж байна, одоо өгөх гэж байна гэх мэтээр яриад байсан. Тэгж байгаад сүүлдээ би танай хамаатан Згоос гар утасны мөнгө авах ёстой, Згоос цагаан идээнийхээ мөнгийг авчих гэхээр нь би Зд энэ талаар нь хэлээд Згоос 200.000 төгрөгийг нь авсан... гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Н-ийн...Би нийтийн худалдааны төвийн гар утасны лангуунд худалдагч авна гээд зар тавьсан чинь урьд нь ажил хийж байгаагүй, ээжтэйгээ хамт амьдардаг, би ажиллах хүсэлттэй байна гээд ирсэн. Би нас бага болохоор нь эхлээд нэг сар ажиллуулаад үзье гээд авсан юм. Тэгсэн чинь нэг сар суугаад дутагдал гаргачихаар нь чи дандаа ингэж дутагдал гаргаад байвал хэцүү ш дээ, би цалинг чинь суутгачихсан, одоо больё, ажлаа хүлээж авъя гэж хэлсэн чинь дахиад намайг 14 хоног суулгачих гээд гуйгаад байсан. Тэгсэн чинь сунгасан хугацаанд нь Архангайн зарын групп дээр хүний утас дээрэмддэг гэсэн зар гарчихсан байсан. Би өөрийн дүү шигээ санаад чи яагаад хэл ам татлаад байгаа юм бэ гээд загнасан чинь тийм зүйл байхгүй, хүмүүс буруу ташаа юм яриад байгаа юм гэсэн. Д.М нь 45 хоног ажиллахдаа 1.600.000 төгрөгийн дутагдал гаргасан. Тэгээд цалингийн 600.000 төгрөгийг нь суутгахаар надад 1.000.000 төгрөгийн өгцөөтэй болчхоод байгаа юм. Би Д.Мгаас мөнгөө нэхэхээр өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж байнга худал ярьдаг...гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч У.Б-ын...2021 оны 12 дугаар сарын үед М гар утас авах уу гэж зурвас бичихээр нь би ямар утас гэхэд “Ай фоне про макс” нэртэй утас хямд зарна гэж хэлсэн. Тэгээд би авахаар болсон юм. Надад 700.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. М надаас урьдчилгаа болгож 120.000 төгрөг авсан. Би 20.000 төгрөг Долгоржав гэсэн данс руу хийсэн бөгөөд 100.000 АТМ-с Д гэх данс руу хийсэн юм. Тэгээд М утсаа өгөхгүй болохоор нь мөнгөө буцааж авахаар болсон. Тэгээд холбоогүй барихгүй байж байгаад Архангай аймгийн “Шим” хүнсний дэлгүүрт найзтайгаа хамт орсон чинь М тухайн дэлгүүрийн худалдагч хийгээд сууж байсан. Тэгээд би мөнгөө авъя гээд нэхсэн чинь хэд хоногоос өгье, ажилд дөнгөж орж байна гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр очсон чинь үдээс хойш хүрээд ир гэж хэлээд явуулсан. Би үдээс хойш 17 цагийн үед очсон чинь М халааснаасаа 25.000 төгрөг, үлдсэн 95.000 төгрөгийг кассаас авч өгсөн. Тэгээд би одоо хоёулаа өр цайрлаа гэж хэлээд мөнгөө аваад явсан...гэх мэдүүлэг,

 

 мөрдөн байцаалтын шатанд Ч.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, “Далай ван Аудит” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/02-02 тоот шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

  Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Ч.Мгийн бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын хувьд түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ч.М... Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохирогч нарын хохирол төлбөрийг өөрийн цалингаараа төлж барагдуулах болно. Би өөрийн ажиллаж байгаа байгууллагаасаа цалингаа урьдчилж авахаар болсон. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ч.М миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

 

               Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг тохирсон байна.

 

              Хэдийгээр шүүгдэгч Ч.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирол төлбөрөө төлөөгүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа боловч хэзээ хэрхэн төлөх нь тодорхойгүй байгаа тул түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй юм.

 

  Түүнчлэн шүүгдэгч нь сургуульд суралцах тохиолдолд эрх бүхий байгууллагад оршин суугаа газраа өөрчилж байгаа тухайгаа мэдэгдэн хуульд заасан арга хэмжээг хэрэглэж суралцах боломж нь нээлттэй байна.

 

Иймд шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                     

                                                        ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                    Н.ЭНХМАА