Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0657

 

 Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

                                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                                  болгох тухай

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, “Х*******” НҮТББ-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Талууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгохоор харилцан тохиролцов.

1.2. “Х*******” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч дараах байдлаар биелүүлэхээр тодорхойлсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч эвлэрэв.    Үүнд:

1.2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2014 оны 01 сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд” байршуулсан мөнгөн хөрөнгийн орлого, байгаль орчныг сэргээхэд зарцуулсан мөнгөн хөрөнгийн зарлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг жил тус бүрээр, компани нэг бүрээр гаргаж “Х*******” НҮТББ-д 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж өгөх,

1.2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд” байршуулсан мөнгөн хөрөнгийн орлого зарлагын мэдээллийг цаашид иргэдэд нээлттэй мэдээллийн шаардлага хангасан форматаар өөрийн цахим хуудсанд мэдээллэж байх.

Хоёр. Гэрээний нөхцөл

2.1. Талуудын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд болон нийтийн эрх ашгийг хөндөөгүй болно.

2.2. Талуудын эвлэрлийн гэрээгээр хэлэлцэн тохиролцсон асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй болно.

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлэх болно.

2.4. Нэхэмжлэгч нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолыг үндэслэн гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

2.5 Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсантай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ талууд гаргана...” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

“Х*******” НҮТББ-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээний агуулгаас нь үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* нар гарын үсэг зурсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Х*******” НҮТББ болон хариуцагч, Байгаль орчин аялал жуулчлалын яам нар нь эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “1. Х*******” НҮТББ-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд” байршуулсан баталгааны мөнгөн хөрөнгийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээллэх үүргээ биелүүлээгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Байгаль орчин аялал жуулчлалын яамны “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд” байршуулсан мөнгөн хөрөнгийн орлого, байгаль орчныг сэргээхэд зарцуулсан мөнгөн хөрөнгийн зарлагын талаарх 2014 оны 01 сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээллэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах,

 2014 оны 01 сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Байгаль орчны яамны “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд” байршуулсан мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, буцаан олголтын мэдээг он оноор компани тус бүрээр “Хил хязгааргүй Алхам төв” НҮТББ-д гаргаж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Х*******” НҮТББ болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ