| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0530/Э |
| Дугаар | 478 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 478
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр
Улсын яллагч Ц.Ариунтуяа,
Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жын Мт холбогдох 1708001560105 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Жын М, /РД:.../,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Хэргийн зүйлчлэлийн талаар.
Прокуророос Ж.Мт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/-р хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Уг гэмт хэрэг нь 2017 оны 06 сарын 16-ны шөнө үйлдэгдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Ж.Мт холбогдох гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийн обьектив талын “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан”, мөн хуулийн 100 дугаар зүйлд заасан “байнга зодсон, тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн” гэх шинжүүд тогтоогдоогүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмын дагуу мөн хуулиар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн.Учир нь тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ шинж нь шинээр хуульчлагдсан, уг хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт уг шинжээр хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байгаа тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг зөвтгөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ж.М нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр хороо ... тоотод байрлах хадам ээж н.Бгийн гэрт 2017 оны 06 дугаар сарын 16-ны шөнийн 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр /2017 оны 08 сарын 11-ний өдөр гэр бүлээ цуцлуулсан хх-ийн 72-73 х/ Б.Шийг “гадуур зугаацлаа, архи уулаа гэх” шалтгаанаар гэртээ орж ирэх үед нь гараараа болон гутлаар толгой, хүзүүн тус газруудад нь цохиж “тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун мөр, бугалганд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судлуулсан дараах нотлох баримтуудаар.Үүнд:
- Хохирогч Б.Шийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 04 цагт өөрийн ээжийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо ... тоот байранд нөхөр М нь согтуу зодож хүзүү, нүүр, цээж гар болон бусад биеийн хэсгийг зодож гэмтээсэн тул шалгаж өгнө үү”. ... намайг хаалга онгойлгоод ортол шууд үгийн зөрүүгүй цохиод авсан тэгээд би манараад газар унасан, тэгсэн дээрээс М гартаа гутал барьж байгаад нуруу, цээж, гээд бүх биеийн хэсгүүдээр цохиж эхэлсэн тухайн үед гэрт манай 2 дүү байсан, маргаан болоход босч ирээд салгасан, тэгээд би бас зодуулсандаа уур хүрээд өөдөөс нь жоохон маргалдсан юм. Тэгээд л тайвширсан. М гэрээс гарч яваад удалгүй буцаж орж ирээд миний хажууд хамт байж байгаад өглөө явсан. Харин би өглөө нь Гэмтэл Согог үндэсний төв рүү явсан. Учир нь миний хүзүү хөдлөх болгонд л өвдөөд байсан. Тэгээд очоод үзүүлэхэд хүзүү чинь гэмтсэн байна, бас цагдаад ханд гэсэн. Тэгээд л өргөдөл өгсөн юм. ...намайг ямар их зугаацаж явдаг юм бэ гээд л зодоод байсан”. ...”Би Баясгалан гэх хүнд 415,000 төгрөгний баримт гаргаж өгсөн, хохиролд 450,000 төгрөг авсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа….” гэх мэдүүлэг /хх 4 ,8-10, 49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Шүүгдэгч Ж.Мийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“....Тухайн өдөр би гэртээ байж байгаад орой 02 цагт хадам ээж Бгийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо ... тоотод очсон. Ямар учраас шөнө очих болсон бэ гэвэл би эхнэр Штэй уулзах гэж очсон, намайг очих үед Ш гэртээ ирээгүй байсан, тэгээд би гэрт нь 04 цаг хүртэл хүлээж байх хугацаандаа тогтмол утас руу нь залгасан боловч ирээгүй, тэгэхээр нь 4 удаа мессэж бичсэн, тэгээд 04 цаг өнгөрч байхад манай эхнэр гаднаас согтуу ирсэн. Тэгэхээр нь би “чи хаана юу хийж яваад ирж байгаа юм бэ” гэхэд манай эхнэр чамд ямар хамаатай юм, чамд хамаагүй гэх мэтийн зүйл хэлж байсан. Тухайн үед би жоохон архи уучихсан согтуу байсан, тэгээд архины халуундаа ч тэр тухайн үед уураа барьж чадалгүй эхнэрийнхээ зүүн хацар дээр нь 1 удаа алгадсан, тэгсэн гэрт байсан 2 дүү нь босч ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үедээ тэгээд хэрэлдэж байгаад би эхнэрийнхээ нуруунд 2 удаа алгадсан бас толгойн ар хэсэг рүү нь нэг удаа алгадсан, тэгээд нилээн хэрэлдэж байгаад тайвшраад юм ярьж байгаад гарах гэж байсан чинь манай эхнэр над дээр хүрч ирээд чи зайл гээд байсан. Тэгэхээр нь би гутлаа барьж байгаад нуруу руу нь хоёр удаа цохисон, тэгээд гараад явсан, гадаа гарч тамхи татаж жоохон сууж байгаад буцаж ороход манай эхнэр орондоо орчихсон байсан, тэгээд би хажуугаар нь ороод бид хоёр хамт унтаад өглөө нь салсан”. ... гэх мэдүүлэг /хх 5, 60-61 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /
- Гэрч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн эгч болох Ш нөхөр болох Ж.М нар нь сүүлийн 1 жилийн хугацаанд байнга хжрүүл маргаантай байсан. Зарим тохиолдолд зодож цохих асуудал байсан. Эгч маань сүүлийн 1 жилийн хугацаанд нөхөр маань зодчихлоо гээд гар, хөл, нүд нь хөхөрчихсөн манайд ирдэг байсан. Тэгээд 2017оны 06 сарын 15-наас 2017оны 06 сарын 16-ны шилжих шөнө 23-00 цагийн орчимд хүргэн ах М нь согтуу эгчтэй уулзах гэж манайд ирсэн тухайн үед эгч маань ээлжийн ажилтай байсан тул гэрт байгаагүй. Тэгээд би унтчихсан байсан тэгээд эгчийнхээ орилох дуунаар сэрсэн. Тэгээд би том өрөөнөөс үүдрүү очсон чинь манай эгч газар уначихсан байсан. Тэгээд би дүү Чын хамтаар тэр 2-ыг салгах гэж оролдоод дийлээгүй учир нь манай хүргэн ах биерхүү том хүн байдаг. Тэгсэн манай эгч бие засах өрөөрүү зугтаж ороод дотроосоо түгжсэн.Тэгсэн хүргэн ах 00-ын өрөөний хаалгыг татаад эвдэж ороод эгчийг зүүн гараараа толгойруу нь алгадаад хана мөргүүлээд дээрээс нь хэд хэдэн удаа цохисон. Тэр хооронд манай эгчийг элдэв янзаар доримжлоод байсан. Тэгээд хүргэн ахыг тайвшруулаад одоо унт гээд унтуулсан. Тэгээд өглөө нь буюу 2017 оны 06 сарын 16-нд 07 цагийн орчимд хүргэн ах М гэрээс гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 50-52 х/
- Гэрч Б.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 06 сарын 15-наас 16-нд шилжих шөнө 23 цагийн орчим гэртээ байж байтал манай хүргэн ах М нь эгч Штэй уулзах гэж манай гэрт ирсэн. Тухайн үед эгч маань ээлжийн ажилтай байсан тул гэрт байгаагүй, тэгээд би өглөө нь эрт ажилтай гээд эртхэн унтаж байсан. Тэгээд хүмүүс шуугилдаад байхаар нь сэрэхэд манай эгч ирчихсэн, М “чи хаагуур яваад байгаа юм бэ” гээд орилоод байсан. Тэгээд би очоод салгасан ба эгч 00-ын өрөө рүү ороход хүргэн ах 00-ын өрөөний хаалгыг татаж эвдлээд эгчийг зүүн гараараа толгой руу нь алгадаад хана мөргүүлээд дээрээс нь хэд, хэдэн удаа цохисон. Тэгээд би эгч Сийн хамт хүргэн ах Мыг аваад өрөө рүүгээ орсон. Тэр хооронд манай эгчийг дахиж цохиж зодохгүй гээд надтай гар бариад эгчийн байсан жижиг өрөө рүү орсон. Тэгээд би том өрөөнд бага эгчийн хамт унтсан. Тэр 2 дахиж маргалдаагүй, чимээгүй болсон. ...гэх мэдүүлэг /хх-53-54 х /
- Шинжээчийн 7982 тоот дүгнэлт
1.Б.Шийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун мөр, бугалганд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх 12 х / зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ж.Мийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.
Хувийн байдлын талаар.
- Гэрч Б.Мэндээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ж.М бол миний төрсөн хүү байгаа юм. Би 4 хүү, 5 охинтой бөгөөд хамгийн бага эрэгтэй хүүхэд минь байгаа юм. Доороо 1 эмэгтэй дүүтэй, дээрээ 5 эгч, 3 ахтай хүн. Манай хүү М нь 1981 онд Улаанбаатар хотод 1-р төрхөд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр болон цэцэрлэг, сургуулиар явж хүмүүжсэн. 10 жилийн сургуулиа 1998 онд төгсөөд, Сэрүүлэг дээд сургуульд элсэн орж суралцаад 2002 онд Бизнесийн удирдлага менежмент мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөөд хувийн компанид ажиллаж байгаад Штэй 2007 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэд гаргасан. Гэрлэлтээ албан ёсоор 2008 онд батлуулж байсан. энэ оны 08 сард гэр бүлээ цуцлуулж салсан ба одоо том хүү Тэнгис бид 3 хамт амьдарч байна. …Манай хүү цэцэрлэг сургуулиар хүмүүжиж боловсрол эзэмшиж сайхан гэр бүл зохиож байсан. Манай хүү түргэн ууртай, гэхдээ амархан уур нь гарчихдаг, хүнд муу юм санаад, өс бодоод байдаггүй, цайлган сэтггэлтэй хүүхэд байгаа юм. Ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг, байнга л үр хүүхдээ гэж бодож явдаг л хүн байгаа юм. Ажил төрөлд бол сайн, өөрийн гэсэн бодолтой даруухан хүн байгаа юм. Хаа нэг архи уудаг, уухаараа гэртээ ямар нэгэн авир гаргаад байдаггүй бусдаар бол яадаг талаар мэдэхгүй байна. Ах дүү хамаатан садан хамт олны дунд бол нэр хүнд сайтай. Амьдралынх нь хувьд бол би хэн хэнийх нь л буруу гэж хэлнэ. Хүү бол огцом догшин ууртай, бэр бол зөрүүд зантай, гадуур дотуур зугаа цэнгэл их хөөцөлдөж явдаг. Тэгээд л хоорондоо таарамжгүй харьцаатай болсон байх. Би уг нь бэрдээ их хайртай. 4 хүү төрүүлээд дархан бэр гээд их л хайрлаж эрхлүүлж байсан, хүүхдүүд нь бүгд л над дээр өссөн хүүхдүүд байгаа. Одоо ийм байдалтай болсонд их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 55-56 х /
- Ж.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х /
- Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 33 х /
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 х / зэргээр Ж.М нь хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь тус тус тогтоогдсон.
Хохирлын талаар.
- Натур эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 28 х/
- Жинст эмнэлгийн кассын баримт /хх-ийн 28 х/
- Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 113 х/ зэргээс дүгнэлт хийхэд хохирогч Б.Ш нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд нийт 415,000 төгрөгийн зардал гарсан болох нотлогдсон, уг хохирлын төлбөрт шүүгдэгч Ж.М 450,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 113 х/-аар тогтоогдсон тул энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн. Харин хохирогч “цаашид толгой, хүзүүнд эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд энэ талаар баримт бүрдүүлж ирүүлээгүй тул шүүхээс урьдчилсан байдлаар зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Ж.Мийн үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Ж.Мийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.
Иймд Ж.Мийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд их биш, шүүгдэгч ажил, хөдөлмөр хийх бүрэн боломжтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд шүүхээс 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Ж.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Б овогт Жын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мийг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Мт мэдэгдсүгэй.
5.Ж.Мийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 450,000 төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ