Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Г.Г, М.Г, У.Л, Ө.Э

             нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         Ц.М

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Г.Э, Ц.Б,

                                                                        О.Б

Шүүгдэгч                                                         Г.Г, М.Г

                        Нарийн бичгийн дарга                                  М.Энх-Амгалан нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Г, М.Г, У.Л, Ө.Э нарт холбогдох 2212000000120 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.Г

 

Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.Г

 

Монгол улсын иргэн, 2006 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, У.А

 

Монгол улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ө.Э

Шүүгдэгч Г.Г, М.Г, өсвөр насны шүүгдэгч У.Л, Ө.Э нар нь бүлэглэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 08-01 тоот хашааны гаднаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.Гын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Г.Г, М.Г, У.Л, Ө.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.Г, М.Г, өсвөр насны шүүгдэгч У.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Э нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч У.Лыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Ө.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, шүүгдэгч М.Г, өсвөр насны шүүгдэгч У.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Э нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Э, өсвөр насны шүүгдэгч У.Л нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Э, У.Л нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Э, өсвөр насны шүүгдэгч У.Л нар нь шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г, М.Г, өсвөр насны шүүгдэгч У.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийн үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Г.Гаас 225.000 төгрөгийг шүүгдэгч М.Гөөс 225.000 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч У.Лаас 225.000 төгрөгийг, шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Ө.Эгаас 225.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг эзэмшигч Д.Г-д буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох ягаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн  мотоциклийг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, шүүгдэгч М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Лад шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, өсвөр насны шүүгдэгч Ө.Эд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1,8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, М.Г, өсвөр насны шүүгдэгч Ө.Э, өсвөр насны шүүгдэгч У.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, шүүгдэгч М.Г нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч У.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Гын  гаргасан давж заалдах гомдолд:  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Жанцан гэх газар оршин суух Г.Г намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.Гын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ шийтгүүлсэн байгаа. Энэ хэргийг үйлдэхээс 2-3 хоногийн өмнө бусдын мал хулгайлах үйлдэлд холбогдон одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдан ял сонсоод байна. Миний энэ үйлдсэн хоёр хэрэг цаг хугацааны хувьд ойрхон, үргэлжилсэн хэрэг байсан юм. Би энэ хоёр хэргээ нэгтгүүлэн нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлмээр байна. Бид малын хулгайн хэрэгт холбогдсон юм. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож маргахгүй байгаа хэдий ч хоёр хэргээ нэгтгүүлээд нэг шийтгэх тогтоолоор шийдүүлэх нь миний эрх зүйн байдал дээрдэх байх гэж бодож буй учир 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Энэ хэргийг шийдэхэд өмнөх хэрэг илрээгүй байсан юм. Би давж заалдах шатны шүүхэд Г.Э өмгөөлөгчийг сонгон авч, хэргээ өмгөөлүүлэх хүсэлттэй байна. Дахин шалгагдаж буй хэрэгтээ Г.Э өмгөөлөгчийг авсан байгаа болно. Иймд миний 2212000000120 дугаартай хэргийг Г.Э өмгөөлөгчид танилцуулж, намайг Г.Э өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцэхэд оролцож байна. Шүүгдэгч Г.Г болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан бөгөөд мөн холбогдох тайлбарыг хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гын үйлдсэн хэргийг хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой байгаа учраас шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Хэлэх санал байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Г.Гын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний хувьд хэлэхэд шүүгдэгчийг хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийтгэх болон хоёр хэргийг нь нэгтгээд шийтгэхэд шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал нь доордох, дээрдэх асуудал яригдана гэж үзэж байна. Иймд шүүхээс хуульд нийцүүлэн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Г.Гын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Г, М.Г, өсвөр насны шүүгдэгч У.Л, өсвөр насны шүүгдэгч Ө.Э нар нь бүлэглэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 08-01 тоот хашааны гаднаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.Гын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч О.Гын...хөдөөнөөс ирээд гэрийнхээ гадаа мотоциклоо тавиад гэртээ орж цайгаа уучхаад хөдөө гэр лүүгээ явах гээд хашаанаас гартал хашааны гадаа үлдээгээд орсон мотоцикл маань байхгүй байсан...гэх мэдүүлэг, гэрч Д.П-ийн...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр би А Хайрхан колонкод түгээгчээр гарч байхад өдөр яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна тэгсэн 2 мотоциклтой 4 банди ирээд ягаан өнгийн мотоциклдоо 18.000 төгрөгт АИ-92 бензин хийлгэж аваад явсан. Тухайн үед ягаан ногоон өнгийн мотоциклтой явж байсан....гэх мэдүүлэг, 2022 он 03 дугаар сарын 25-ны өдрийн 627 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 он 03 дугаар сарын 25-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

  Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Г.Г, М.Г, өсвөр насны шүүгдэгч У.Л, Ө.Э нарын бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдгээрт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн  байна.

 

  Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Гийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж  шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, тэдгээрийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

  Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.Лыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Ө.Эыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Э, өсвөр насны шүүгдэгч У.Л нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1  жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Э, У.Л нарт 1 жилийн хугацаагаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн О.Гын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ шийтгүүлсэн байгаа. Энэ хэргийг үйлдэхээс 2-3 хоногийн өмнө бусдын мал хулгайлах үйлдэлд холбогдон одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдан ял сонсоод байна. Миний энэ үйлдсэн хоёр хэрэг цаг хугацааны хувьд ойрхон, үргэлжилсэн хэрэг байсан юм. Би энэ хоёр хэргээ нэгтгүүлэн нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлмээр байна. Бид малын хулгайн хэрэгт холбогдсон юм. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож маргахгүй байгаа хэдий ч хоёр хэргээ нэгтгүүлээд нэг шийтгэх тогтоолоор шийдүүлэх нь миний эрх зүйн байдал дээрдэх байх гэж бодож буй учир 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэж  давж заалдах гомдол гаргажээ.

 

             Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.

 

             Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...гэж хуульчилсан байна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Г.Г нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэгт баримт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх, нэгтгүүлэхээр буцаах үндэслэл байхгүй байна.

 

            Түүнчлэн шүүгдэгч Г.Г нь малын хулгайн хэрэгт шалгагдаж байгаа талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан үйлдэл зэргийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэхгүй.

 

              Мөн эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон хэргийг нэгтгэх талаар зааж хэргийг буцаах нь гэм буруугийн зарчимд нийцэхээргүй байна.

 

           Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх явцад шүүгдэгч Г.Г, М.Г нар нь 105 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

                

                                                        ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, М.Г нарын цагдан хоригдсон 105 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

            

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Н.ЭНХМАА