Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/139

 

188/2019/1191/Э

 

 

 

 

  2020          01            30                                             2020/ДШМ/139    

 

М.Г-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1189 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Г-эд холбогдох 1903009500430 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

М.Г- нь 2019 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 23 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хархорин” захын хойд талын замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон. ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэж заасныг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Toyota prius 30” загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Г-О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: М.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, М.Г-ийн В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ..... дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Г- нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Г-О-од энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2019 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө УБулсын дугаартай Toyota prius 30” загварын автомашинтайгаа ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ 21 дүгээр хороолол орохоор Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “Хархорин” захын арын замаар явж байхад явган хүний гарцан дээр ногоон гэрэл асаад урд талын машин зогсохоор нь зогссон. Замын хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асаад урд талд зогсож байсан машин 2 дугаар эгнээнээс хөдлөөд 1 дүгээр эгнээ рүү шилжин орсон. Би араас нь 2 дугаар эгнээгээр явахад машин доогуур чимээ гараад буугаад хартал согтуу эрэгтэй хүн хэвтэж байсан. Би тэр дор нь түргэн тусламж, цагдаа дуудаж шуурхай арга хэмжээ авсан. Удалгүй түргэн тусламж, авто замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж тэр хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Би хохирогч Б.Г-О-ын араас очиж анхан шатны бүх үзлэг, шинжилгээнд оруулж, сахиж хонон эмчилгээний зардлыг бүрэн төлж, 3.800.000 төгрөгийг нөхөн төлбөр болгон өгч чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. Энэ болсон явдалд би үнэн сэтгэлээсээ гэмшиж, өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй, анхааралгүй байдлаасаа болж бусдыг болон өөрийгөө хохироосондоо өдөр бүр харамсан бодож өөрийгөө буруутгаж сууна. Эхнэр Б.Уянга Улаанбаатар их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан бөгөөд бид хоёр бага насны охинтой. Би гэр бүлийнхээ санхүүгийн хэрэгцээг зохицуулахын тулд өдөр нь барилгын туслах ажил хийж, зарим оройдоо давхар таксинд явж гэр бүлээ тэжээдэг.

Иймд миний гомдолд дурдсан нөхцөл байдал, залуу хүний алс ирээдүй, гэр бүлийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Г-ийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 434 дугаартай дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал баримтлах үүрэггүй болов ч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэсэн үндэслэлээр өмгөөлөгчийн зүгээс шүүхийн тогтоолын үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг дараах байдлаар үгүйсгэж байна.

Үүнд, М.Г-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлгүй, техникийн зөрчилгүй, ар, өврийн, хол, ойрын гэрэлтүүлэг бүрэн байсан тул жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-гийн а-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд урд хоёр оврын гэрэл өнгийн гэрэлтэй байсан гэдэг болов ч уг гэрлийг тавихыг хориглосон эрх бүхий этгээдийн акт хэрэгт байдаггүй. Тэрчлэн тэрхүү өнгийн гэрлийг тавьснаас үзэгдэлтэд буюу осол гарахад нөлөөлснийг нотолсон ямар ч баримт хэрэгт байхгүй. Харин ч лед гэрэл нь ердийн гэрлийг бодоход илүү тод гэрэлтэй харагддагийг шүүгдэгч мэдүүлдэг. Жолооч гэрлэн дохиотой явган хүний гарцан дээр улаан гэрэл ассан үед урд зогссон машины ард зогсож, ногоон гэрлээр хөдөлгөөн хийсэн нь хуульд заасан журмын дагуу гэсэн үг. Ийнхүү хөдөлгөөн үйлдэхдээ зам орчны байдлаа шалгаж, явган зорчигч явж буй эсэхийг харсан, хойноос урдаас явган зорчигч байгаагүй тул зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор хөдөлгөөн үргэлжлүүлсэн. Урд зогсож байсан машин урд явган хүний гарц дээр хүн хэвтэж байгааг хараагүй гэдэг. Урд талын машин гэрлэн дохиогоор гарцны шугаман дээр зогссон тул гарц дээр хэвтэж буй хүнийг хараад тойрч гарсан. М.Г- уг автомашины араас хөдөлгөөн хийсэн тул гарцан дээр хэвтэж байсан хүнийг харах боломжгүй, тэнд хүн хэвтэж байгаа гэж таах ч боломжгүй тул хоёр талаа хараад ногоон гэрлээр нэвтрээд орчихсон ийм л асуудал болсон.

Түүнчлэн жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт зөрчсөн гэх асуудал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг бүрэн, тоормос бүрэн явсан нь тодорхой байдаг. Жолооч зөвшөөрөгдсөн гэрлээр явган хүний гарцыг нэвтэрсэн, гарцны хоёр талаас явган хүн явж буй эсэхийг хянасан тул шинжээчийн дүгнэлтэд заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин хохирогчид учирсан хор уршиг нь тэрээр өөрөө 3.4 промиль спиртийн агууламж бүхий алкоголь хэрэглэсэн, хүнд хэлбэрийн согтолттой, амиа хорлоно гэж зориуд санаатай явган хүний гарц дээр хэвтэж хөдөлгөөнд саад хийж Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д заасныг зөрчсөнөөс үүссэн нь ойлгомжтой, тодорхой байна. Үүнд М.Г- гэм буруугүй. Өөрөөр хэлбэл, хохирогч зам дээр хэвтээгүй байсан бол ийм хэрэг гарахгүй байсан гэж үзэж байна.

Иймд М.Г-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Г- нь тухайн үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан. Тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн бөгөөд энэ нь ямар ч үед бүх тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага юм. Тэр дундаа энэ зам тээврийн осол нь шөнийн цагаар үйлдэгдсэн, их гэрэл нь стандартын шаардлага хангахгүй байсан гэдэг нь маш бүдүүлэг алдаа юм. Өмгөөлөгч хэм хэмжээний актыг хэрэгт хавсаргаагүй гэж яриад байна. Бид хууль хэрэглэж байгаа хүмүүс, Замын хөдөлгөөний дүрмийг хуулбарлаж хэрэгт хавсарган, түүнийгээ уншаад зогсож байж болохгүй байх. Замын хөдөлгөөний дүрэм нь захиргааны хэм хэмжээний акт мөн. Өмгөөлөгч энэ дүрмийг уншаад, тайлбарлаад зөв зүйтэйгээр үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжтой шүү дээ. Нөгөөтэйгүүр шүүгдэгч М.Г- нь “би тэр хүнийг зам дээр хэвтэж байгааг хараагүй” гэж яриад байна. Жолоо барьж яваа хүн замаа харахгүй, өөр юу харж явах ёстой юм бэ. Зам дээр хүн хэвтчихсэн, урд нь явж байгаа тээврийн хэрэгслүүд тойроод гараад байгаа шүү дээ. Хөндлөнгөөс харж байсан гэрч “М.Г-ийг машиныхаа хөгжмийг маш чанга тавьчихсан явж байсан” гэж мэдүүлснээс үзэхэд анхаарал нь сарничихсан байсан гэсэн үг. Өөрөө ийм байдалтай явж байсан байж хохирогчийг амиа хорлоно гээд зам дээр хэвтэж байсан гэж яриад байж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч М.Г- нь 2019 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 23 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хархорин” захын хойд талын замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон. ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэж заасныг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Toyota prius 30” загварын 6146 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Г-О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хавсарсан гэмтэл, уушигны няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, хий шингэнийг соруулах мэс ажилбарын дараах байдал, олон хавирганы хугарал, нурууны TH 2, 3, 4 дүгээр нугалмын хугарал, зүүн шанаа, баруун шуунд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Г-О-ын “...би Хархорин захын хойд талын зохицуулдаггүй явган хүний гарцаар ганцаараа яг ямар гэрлээр орсон болохыг мэдэхгүй байна, ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах үед 2 дугаар эгнээнд зүүнээс баруун чиглэлтэй нэг машин зогсох шиг болсон ба үүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. ...” /хх 22-24/,

            гэрч Т.Төрөөгийн “...манай найз М.Г- “Toyota prius 30” загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон би хажууд нь суугаад Циркээс 21 дүгээр хороолол орох гээд Сонгинохайрхан дүүргийн нутаг “Хархорин” захын хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад гэрлэн дохиотой зохицуулагддаг явган хүний гарц дээр зогсчихоод дөнгөж хөдөлтөл түс тас хийгээд чимээ гарсан. Энэ үед би утсаар оролдоод явж байсан. М.Г- машинаасаа буугаад буцаж ирээд найз нь хүн мөргөчихлөө, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөрэй гэсэн. ...” /хх 31/,

            гэрч Б.Энхбаярын ”...23 цаг өнгөрч байхад замын хойд талаас хойноосоо урагшаа чиглэлтэй гэрлэн дохиотой явган хүний гарцаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн зам хөндлөн гарч яваад зүүнээс баруун чиглэлтэй явах гэрлэн дохиотой явган хүний гарцан дээр хөндлөн байдалтай хэвтээд өгсөн. Машинууд тухайн хүнийг тойрч гараад байсан. Ойролцоогоор 20 гаруй минутын дараа зүүнээс баруун чиглэлтэй явах 1, 2, 3 дугаар эгнээнүүдийн харалдаа машинууд ирээд улаан гэрэл асах үед зогссон. Энэ үед машиныхаа хөгжмийг нилээн чангалсан нэг машин байсан. Ногоон гэрэл асах үед 2 дугаар эгнээний машинууд 1 дүгээр эгнээ рүү шилжиж ороод явж байсан. Гэтэл 2 дугаар эгнээ сулартал мөнгөлөг өнгийн “Toyota prius 30” загварын УБулсын дугаартай тээврийн хэрэгсэл чигээрээ явахдаа гарцан дээр согтуу хэвтэж байсан тэр эрэгтэй хүний дээгүүр гараад зогссон. Тухайн үед тэр машин нь ямар нэгэн зогсоох арга хэмжээ авсан зүйл байхгүй. Осол болох үед би машинаасаа гарсан, найзтайгаа юм яриад зогсож байсан. ...” /хх 32-33/,

            М.Г-ийн яллагдагчаар өгсөн “...найз Төмөрөөгийн хамт Циркээс 21 дүгээр хороолол орох гээд Сонгинохайрхан дүүргийн нутагт, “Хархорин” захын хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад улаан гэрэл асахаар нь зогссон. Энэ үед миний машины урд талд ямар нэг машин байхгүй байсан. Тэгээд ногоон гэрэл асахаар нь хөдөлтөл түс тас гэх чимээ гарсан. Машинаасаа буугаад хартал машины ард талд согтуу байрын нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. ...” /хх 85-87/ гэх мэдүүлгүүд,

 

“...Б.Г-О-ын биед хавсарсан гэмтэл, уушигны няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, хий шингэнийг соруулах мэс ажилбарын дараахь байдал, олон хавирганы хугарал, нурууны TH 2,3,4 дүгээр нугаламын хугарал, зүүн шанаа, баруун шуунд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1176 дугаартай дүгнэлт /хх 254-255/,

 

“...“М. Г- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 10.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн талаарх...” Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 434 дугаартай дүгнэлт /хх 77-78/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-13/, “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 267 дугаартай дүгнэлт /хх 43-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Г-ийг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцон, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин Б.Г-О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч М.Г-ийн автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Г-О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Г- нь “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нь “... М.Г- Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. …гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

 “...жолооч М.Г-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь урд хоёр оврын гэрэл стандартын бус өнгийн гэрлийн чийдэнтэй, улсын дугаарын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал, баруун гар талын их гэрлийн ойр болон холын тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй, автомашины салхины шилний дээд ирмэгт хар тень наасан, доод хэсэгт наалддаг туузан бичиг наасан...” гэх Автотээврийн үндэсний төв ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 267 дугаартай дүгнэлт,  гэрчүүдийн “...машинууд тухайн хүнийг тойрч гараад байсан, ...энэ үед машиныхаа хөгжмийг нилээн чангалсан нэг машин чигээрээ явахдаа гарцан дээр согтуу хэвтэж байсан тэр хүний дээгүүр гараад зогссон. ...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд М.Г- нь зам дээр хэвтэж байсан хохирогчийг харах боломжтой байсан бөгөөд дээрх техникийн шаардлага хангаагүй, зөрчилтэй байдал нь жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлаж, осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгч М.Г-ийг гэм буруугүй гэж маргаж байгаа боловч шүүгдэгч М.Г- нь “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол, тайлбар гаргав.

 

Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ хамтарсан нэг байр сууринаас шүүгдэгчид ашигтай байдлаар эрх зүйн туслалцаа үзүүлж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдлыг бий болгох ёстой. Өмгөөлөгчийн өөр байр суурьтай байгаа нь шүүгдэгчийн хүсэл зориг, байр суурийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

 

Шүүгдэгч М.Г- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “зан үйлээ засах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Г- нь хохирогч Б.Г-О-од гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,800,000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар /хх 99/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Г-ийн “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн “...М.Г-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж,

  4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Г-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Г-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай. …” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч М.Г-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.Г-эд мэдэгдсүгэй. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай.

           

            4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            5. Шүүгдэгч М.Г- нь 78 /далан найм/ хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Г-О-од 3.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН