Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 981

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00981

 

 

П.У нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00775 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.У хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан, үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: НШШГГ нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь компанийнхаа бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зорилготойгоор 2018 оны 08 сарын 11-ний өдөр Цогзол финанс ББСБ-аас өөрийн өмчлөлийн хувийн орон сууц болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, өлгий 10 дугаар гудамж, 130 тоот хаягт байршилтай 411 м.кв газар, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, өлгий 10 дугаар гудамж, 130 тоот хаягт байршилтай 500 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, нийт 80.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ч хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрч, Цогзол финанс ББСБ-аас зээлийн гэрээний үүргээ шаардаж, НШШГГд холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн шийдвэр нь 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 1135 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, НШШГГар 105.772.000 төгрөг төлүүлэхээр шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, компанийн эзэмших эрх бүхий 411 м.кв газар болон үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилон үнэлсэн байх бөгөөд шинжээч нь газар, үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 123.270.000 төгрөгөөр үнэлсэн. Газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн тухайн үнэлгээнд гомдож, анхан шатны шүүхэд үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1135 дугаар шүүгчийн захирамжаар НШШГГас 105.115.925 төгрөг гаргуулж Цогзол финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, өлгийн 10 дугаар гудамж, 130 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж албадан дуудлага худалдаанд оруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон. Үнэлгээг 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 4/27503 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдсэн. Мэдэгдэхдээ 2019 оны 12 сарын 02-ны өдөр төлбөр төлөгчийн нөхөрт мэдэгдсэн. Дамжуулж хэлье гэж хэлсэн. 2019 оны 12 сарын 03-ны өдөр төлбөр төлөгч НШШГГ өөрөө хүрэлцэн ирж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай танилцаад үнэлгээн дээр гарын үсэг зурж, хүлээж авсан. Ингэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхцэцэгийг хамт байлцуулж хүлээж авсан. Иймд төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааны дагуу 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан боловч хугацаа хэтэрч гомдол гаргасан тул шийдвэр гүйцэтгах ажилалгаа хуулийн дагуу явагдсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох, Баянзүрх дүүрэг, 5 хороо, Өлгийн 10 гудамж, 130 тоот хаягт байршилтай 540м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023814 дугаар бүртгэлтэй хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 22 хороо, Өлгийн 10 гудамж, 130 тоот хаягт байршилтай, 411м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2204008942 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгүүдийн 176.100.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай П.У нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ тогтоосон тухай мэдэгдэхдээ 7 хоногийн дотор гомдлоо гаргах тухай мэдэгдээгүй, миний бие хууль эрх зүйн мэдлэх дутмаг тул энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжоо алдсан байсан тул Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамж 130 тоот хаягт байршилтай 540 м.квадрат талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023814 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамж 130 тоот хаягт байршилтай 411 м.квадрат талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2204008942 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгүүдийн 176 100 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх үл хөдлөх үнэлгээг гаргасан “Мөнх оргил трейд” ХХК нь хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтийг гаргасан боловч 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4192 дугаар захирамжаар гомдол гаргах эрхгүйгээр, хүсэлтийг хангахаас татгалзаж, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 775 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 775 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч НШШГГ нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1135 дугаар захирамжаар НШШГГас 104 740 000 төгрөгийг гаргуулж “Цогзол финанс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 34-37 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч П.У өмчлөлийн Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамж 130 тоот хаягт байршилтай 540 м.квадрат талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023814 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамж 130 тоот хаягт байршилтай 411 м.квадрат талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2204008942 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх-ийн 38, 39 дүгээр тал/

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан хариуцагч байгууллагын ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн ба төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг 950 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх-ийн 40-41 дүгээр тал/

Хариуцагч байгууллагаас хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

“Мөнх-Оргил” ХХК-ийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамж 130 тоот хаягт байршилтай 540 м.квадрат талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023814 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамж 130 тоот хаягт байршилтай 411 м.квадрат талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2204008942 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 176 100 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 42-59 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэгүйдүүлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлтийн талаарх 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 4/27503 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, төлбөр төлөгч өөрөө 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан болох нь хэргийн 60 дугаар талд  авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч “... хууль эрх зүйн мэдлэг дутмаг тул энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжоо алдсан ...” гэх гомдол гаргах боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Мөнх оргил трейд” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтийг гаргасан байх ба шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 4192 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул энэ талаарх түүний гомдлыг хангах боломжгүй байна. /хх-92,96-97/

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                   Б.НАРМАНДАХ