| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00290/И |
| Дугаар | 130/ШШ2024/00525 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2024/00525
| 2024 05 22 | 130/ШШ2024/00525 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баймгийн Р сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогт Мийн Г
Хариуцагч: Баймгийн Р сумын 11 дүгээр багт оршин суух, М овогт Хийн С
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 1,867,000 /нэг сая найман зуун жаран долоон мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн М.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Х.Сд холбогдуулан хохирол 1,867,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн Х.С-ны орон сууцны ** тоот байрны тагт хуучирч муудсан, бэхэлгээ муутай байсны улмаас 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө салхинд хийсээд миний эзэмшилд байгаа Nissan juke ***** машин дээр унаж, миний машинд ноцтой хохирол учирлаа. Энэ байрны эзэн Н нь балконоо бэхлээгүй, аюулгүй байдлыг хангаагүй, тагтны бүрэн бүтэн байдалд хяналт тавиагүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж хуучирч муудсан тагт нь салхинд хийсэж, миний машинд унаж, 1,867,000 төгрөгийн хохирол учирлаа. Машины хохирлын үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр гаргуулсан.
1.2. Осол гарсан өдөр аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлаас холбогдох албан тушаалтнууд ирж, газар дээр нь үзлэг хийж, баримтжуулсан. Мөн байрны эзэн болох Х.С-ны аав, ах хоёр нь ирж, нөхцөл байдлыг үзэж харсан. Миний бие Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, аймгийн Прокурорын газраас хүчингүй болгосон байна.
1.3. Иргэн Н нь Оюу толгойд ажилладаг, Б аймагт байдаггүй тул утсаар удаа дараа холбогдож, миний машины хохирлыг барагдуулж өгөөч ээ гэсэн боловч иргэн Н миний балкон эвдэрч хохирол амслаа, би төлж чадахгүй гэсэн хариу өгсөн. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.
1.4. Миний бие өрх толгойлсон ганц бие эмэгтэй, оюутан ганц хүүхэдтэй бөгөөд иргэн Х.С-ны хариуцлагагүй байдлаас бэхэлгээ муутай балкон нь миний машинд унаж эвдсэнд гомдолтой байна.
1.5. Иймд миний хувийн эзэмшлийн Nissan juke маркийн ***** дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 1,867,000 төгрөгийг Т.С-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хариу тайлбартаа: Миний бие Н ХХК-д кординатор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Миний эзэмшлийн Р сумын 11 дүгээр багт байршилтай Н сууцнаас 2 өрөө байрыг 2023 оны 3 дугаар сард худалдан авсан юм. Худалдан авсны дараа засвар үйлчилгээ хийлгэж, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ч.М-т түрээслүүлсэн юм. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ны өдөр шилжих шөнө Р сумын нутаг дэвсгэрт салхи 20-24 метр секунтад хүрч хүчтэй салхилж аюулын хэмжээнд хүрсний улмаас миний эзэмшлийн орон сууцны тагтны битүүмж унаж иргэн М.Г-ны тээврийн хэрэгслийг эвдсэн байв. М.Г нь иргэн М.Б-аас “тухайн байрны балкон нь хөдөлгөөнтэй, савлагаатай сул учраас бэхэлгээ хийгээрэй гэж тухайн байрны өмнөх эзэмшигч Х.Өд хэлж байсан” хэмээн, иргэн З.Маас “С-ны балкон сул хөдөлгөөнтэй, бэхэлгээгүй, зөвхөн сликоноор тогтоосон” хэмээн худал тодорхойлолтуудыг бүрдүүлэн надаас мөнгө нэхэмжилсэн байна. Миний худалдаж авсан байрны балкон нь бэхэлгээтэй байсан бөгөөд ямар нэгэн сул хөдөлгөөнтэй байгаагүй. Тэгээд ч надад болон өмнөх эзэмшигч Х.Ө-д хэн нэгэн энэ талаар ярьж байгаагүй мөртлөө худал тодорхойлолт олгож байгаад гомдолтой байна. Тухайн барилгыг байнгын ашиглалтад авсан улсын комисс шийдвэр гаргаж хүлээн авч байсан. Ямар ч бэхэлгээгүй, хүний эд хөрөнгө амь насанд аюултай барилгыг Улсын комисс ашиглалтад хүлээж авдаггүй юм. Энэхүү болсон явдал нь гамшигт үзэгдлийн улмаас болсон байхад тухайн эд хөрөнгийн хохирлыг төлүүлж авахын тулд иргэдээс худал тодорхойлолт бичүүлж авч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргасан байна. М.Г нь тээврийн хэрэгслээ орон сууцны барилгад нааж тавьсан нь буруу бөгөөд тухайн байрлалд тээврийн хэрэгслээ тавих ёсгүй байсан. Тодруулбал: Зогсоолын бус эрсдэлтэй талбайд тээврийн хэрэгслээ байрлуулсан байжээ. Байгалын гамшигт үзэгдлийн улмаас орон сууцны барилгын гаднах хэсэг буюу балконы тагт салхинд хийсч, М.Гд гэм хор учруулсанд би буруугүй. Тухайн барилгыг иргэн А гэдэг хүн барьж ашиглалтад оруулсан гэж сонссон. Хэрэв иргэн М.Г-ны хохирлыг хэн нэгэн арилгах үүрэгтэй бол тухайн барилгын үндсэн хийц загвар болох тагтны битүүмж нь салхинд хийссэнтэй холбоотой гэм хорыг барилга барьж ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээд эсхүл тухайн барилгыг байнгын ашиглалтад авсан Улсын комисс хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Б аймгийн Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 059/03 дугаартай акт, Б аймгийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай прокурорын тогтоол, А ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээ, фото зураг, Б аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай тодорхойлолт, Р сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.М З., И.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Б аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт, фото зураг, Х.Өны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, өмгөөллийн гэрээ, С.Н-т олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
5. Хариуцагч талын хүсэлтээр шүүх Б аймгийн Р сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 15 дугаар сарын 14-ний өдрийн 3/252 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19/154 дугаартай албан бичгийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчийн М.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө салхинд хийсээд миний эзэмшилд байгаа Nissan juke ****** машин дээр унаж, миний машинд ноцтой хохирол учирлаа. Энэ байрны эзэн нь Х.С-ны балконоо бэхлээгүй, аюулгүй байдлыг хангаагүй, тагтны бүрэн бүтэн байдалд хяналт тавиагүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж хуучирч муудсан тагт нь салхинд хийсэж, миний машинд унаж хохирол учирсан. Иймд миний хувийн эзэмшлийн Nissan juke маркийн ***** дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 1,867,000 төгрөгийг Т.Саас гаргуулж өгнө үү гэв.
8. Хариуцагч Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө салхинд хийсээд иргэн М.Г-ны эзэмшилд байгаа Nissan juke ******* машин дээр унаж гэмтээсэн асуудалд миний буруутай үйлдэл байхгүй. Хэрэв иргэн М.Г-ны хохирлыг хэн нэгэн арилгах үүрэгтэй бол тухайн барилгын үндсэн хийц загвар болох тагтны битүүмж нь салхинд хийссэнтэй холбоотой гэм хорыг барилга барьж ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээд эсхүл тухайн барилгыг байнгын ашиглалтад авсан Улсын комисс хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
9.1. Б аймгийн Р сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н байрны 2 давхрын 8 тоотын тагтны вакум хаалт 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнө салхинд унаж М.Г-ны өмчлөлийн Nissan juke маркийн ******* дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх ба түүнд талууд маргаагүй болно.
9.2. Нэхэмжлэгч М.Г нь өөрийн өмчлөлийн Nissan juke маркийн ****** дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1,867,000 төгрөгийг хариуцагч Х.С-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... миний буруутай үйл ажиллагаанаас болж М.Г-ы машинд хохирол учраагүй гэж маргасан.
Хариуцагч Н нь ... М.Г нь тээврийн хэрэгслээ орон сууцны барилгад нааж тавьсан нь буруу бөгөөд тухайн байрлалд тээврийн хэрэгслээ тавих ёсгүй байсан. Байгалын гамшиг үзэгдлийн улмаас орон сууцны барилгын гаднах хэсэг буюу балконы тагт салхинд хийсч, М.Г-д гэм хор учруулсанд би буруугүй. Хэрэв иргэн М.Г-ны хохирлыг хэн нэгэн арилгах зэрэгтэй бол тухайн барилгын үндсэн хийц загвар болох тагтны битүүмж нь салхинд хийссэнтэй холбоотой гэм хорыг барилга барьж ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээд эсхүл тухайн барилгыг байнгын ашиглалтад авсан Улсын комисс хариуцах ёстой гэж үгүйсгэж шүүхэд тайлбар гаргасан боловч энэхүү эс зөвшөөрч байгаа үйлдлээ нотолж чадаагүй болно.
9.3. Хариуцагч Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлийн талаар нотолж чадаагүй болно.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ... эд хөрөнгөд хууль бусаар ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 500 дугаар зүйлийн 500.1-т зохих ёсоор арчилж хамгаалаагүй ... улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж тус тус зааж зохицуулсан ба дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Х.С-аас эд хөрөнгөд учирсан гэм хор хохирлыг шаардах эрхтэй байна.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс онцгой нөхцөл байдлын хохирол учирсан учраас хариуцагч Н хариуцлага хүлээхгүй, тухайн өдөр хүчтэй салхитай байсан, тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан этгээд хариуцлага хүлээнэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
11.1. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Р сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” байрны 2 давхрын 8 тоотыг буюу орон сууцыг хариуцагч Ннь худалдаж авсан, тухайн орон сууцны өмчлөгч нь хариуцагч Н болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Ннь Р сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” байрны 2 давхрын 8 тоот өмчлөгч бөгөөд орон сууцны тагтыг зохих ёсоор арчилж хамгаалаагүй, бэхэлгээ сайн хийгээгүйн улмаас тухайн өдрийн цаг агаарын нөхцөл байдал буюу салхины улмаас орон сууцны тагт унаж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн байна.
11.2. Нэхэмжлэгч М.Г нь Цагдаагийн байгууллагад Р сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” байрны 2 давхрын 8 тоотын тагтны вакум хаалт 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр салхинд унаж улсын бүртгэлийн ******* дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэх гомдол гаргасан байх ба энэ талаар Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 23 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол гарсан байна.
Энэхүү Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай ...NISSAN Juke-YF15 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл YF000002 арлын дугаартай, 2012 онд үйлдвэрлэсэн, Монголд 2017 онд орж ирсэн, Б аймгийн Р сумын 5-р багийн иргэн М.Гны эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна. Уг тээврийн хэрэгслийн салхины шилд тагт унасны улмаас дараах эвдрэл гэмтэл үүссэн байна. Үүнд : Салхины шил хагарсан /солих/, капот зарим хэсгээр дотогш хонхойсон /засах/, зүүн урд дохионы гэрэл хагарсан /солих/, зүүн урд корыло хонхойж гажсанаас болж зүүн урд хаалга бүрэн онгойхгүй байгааг засах, салхины шилний хүрээ зүүн хэсгээр дотогш хонхойсныг засах зэрэг эвдрэл гэмтэл үүссэн байна. Дээрх эвдрэл гэмтлүүдийг засаж, хагарсан эд ангиудыг сольсны дараа тээврийн хэрэгслийг ашиглаж болно гэж дүгнэв … гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэх үндэслэлээр бүртгэлийн ГМ-819 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна.
11.3. Нэхэмжлэгч М.Гы өмчлөлийн Nissan juke маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангид нийт 1,867,000 төгрөгийн хохирлын үнэлгээг 2023 оны 12 дугаар сарын 05-ний өдөр А ХХК нь гаргасан байна.
11.4. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 059/03 дугаартай “Нийтийн байрны балконы тагт автомашины дээр унасан тухай” Б аймгийн Онцгой байдлын газар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн акт гаргасан байна. Үүнд : Р сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н Тан-2” орон сууцны *-р орцны ** тоотын оршин суугч иргэн Х.С-ны балконы тагт М.Г???????/-ы NISSAN Juke маркийн ****** улсын дугаартай автомашины дээр унасан нь тогтоогдсон байна. Автомашины техникийн эвдрэл, хохирол тогтоох комиссын үнэлгээгээр М.Гүлман БЮ********/-ы NISSAN Juke маркийн ******* улсын дугаартай автомашинд 1,867,000 /нэг сая найман зуун жаран долоо мянган/ төгрөгийн хохирол учирсан байна гэжээ.
11.5. Нурлы Тан-2 байрны оршин суугч С.М нарын... 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Р хот орчимоор салхи 20-24м/с хүрч хүчтэй салхины улмаас манай байрны 2 давхарт байгаа иргэн Х.С-ны байрны балкон нь салхинд хийсэж доор байсан NISSAN Juke маркийн ****** улсын дугаартай машины дээрээс унаж урьд шил /том/, гэрэл, капут, зэргийг гэмтээж их хэмжээний хохирол учруулсан болно гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтуудаар, мөн нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн тухайн үйл явдал болсон үеийн фото зургаар тус тус нотлогдож байна.
Дээрх бичмэл нотлох баримт болон дүгнэлтүүдээр нэхэмжлэгч М.Г-ны эзэмшлийн NISSAN Juke маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудад гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
12. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай албан бичиг болон хариуцагчийн гаргаж өгсөн Б аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар албан бичигт “2023 оны 12 дугаар сарын 03-ны 22 цаг 37 минутад Р хот орчмоор хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 11 минутад зогссон” гэх боловч тус өдөр Р сумын нутаг дэвсгэрт давтагдашгүй хүчин зүйл болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
12.1. Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Х.Ө-ны тайлбарт ... Б аймгийн Б сумын 4 дүгээр багт бүртгэлтэй М овогт Хийн Ө би Р сумын 11 дүгээр багт байршилтай Норон сууцнаас 2 өрөө байртай байсан ба уг байрыг 2023 оны 03 дугаар сард дүү Н худалдан авсан юм. 2023 оны 12 дугаар сарын 03-04-ны шилжих шөнө Р сумын нутаг дэвсгэрт салхи 20-31 метр секундэд хүрч хүчтэй салхилж аюулын хэмжээнд хүрсний улмаас тухайн орон сууцны балконы тагт унаж иргэн М.Г-ны тээврийн хэрэгслийг эвджээ гэж тайлбар бичсэн мөртлөө, М.Г нь иргэн М.Б-аас “тухайн байрны балкон нь хөдөлгөөнтэй, савлагаатай сул учраас бэхэлгээ хийгээрэй гэж тухайн байрны өмнөх эзэмшигч Х.Ө-д хэлж байсан” хэмээн тодорхойлолт бичүүлж авч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэн М.Б нь Х.Ө надад огт балконы талаар хэлж байгаагүй. Миний талаар худал тодорхойлолт бичиж, уг хуурамч баримтыг үндэслэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбар бичсэнээс харахад дээрх хавтаст хэрэгт авагдсан М.Б-ын тодорхойлолт нь хуурамч баримт гэж байгаа үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
13. Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асгарсны улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй гэж заасан байна.
13.1. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Х.Сны өмчлөлийн орон сууцны тагт нь нэхэмжлэгч М.Г-ны өмчлөлийн Nissan juke маркийн ***** дугаартай тээврийн хэрэгсэлд унаж хохирол учирсан нь дээрх хуульд заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол биш байх тул хариуцагч Ннь гэм хор учруулсны хохирлыг барагдуулахаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
14. Иргэдийн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч Б.Г нь зохих зогсоолд машинаа тавиагүй, нэхэмжлэлийн үндэслэлгүй” гэж дүгнэлт гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодит хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
15. Зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бодит хохирол 1,867,000 төгрөгийг хариуцагч Х.Саас гаргуулж нэхэмжлэгч М.Г-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зохицуулсан тул хариуцагч нэхэмжлэгч М.Г-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-аас 44,822 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Гд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1-д заасныг тус тус баримтлан овогт Х-ийн С-аас хохирол 1,867,000 /нэг сая найман зуун жаран долоон мянган/ төгрөг гаргуулан овогт М-ийн Г-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Г-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-аас 44,822 /дөчин дөрвөн мянга найман зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.
ШҮҮГЧИД А
К.Б