| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00470/И |
| Дугаар | 130/ШШ2024/00568 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2024/00568
| 2024 06 05 | 130/ШШ2024/00568 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Б овогт Ж.Б
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Жыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ж-ыг эрэн сурвалжлуулахыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймгийн Ө сумын * дугаар багийн иргэн Ж.Б би 2020 оны 04 дүгээр сарын үед Өлгий сумын 3 дугаар багт оршин суух Б.Ж-тай танилцаж, улмаар Б.Ж нь өөрийн эзэмшлийн 500 м.кв газрыг Ж.Б миний нэр дээр шилжүүлж өгөхөөр бид хоёр хооронд тохиролцсон. Б.Ж нь надад тухайн үед уг газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураглалын бичиг баримтуудын шилжүүлж өгнө гэж амлаж байсан. Ингээд Ж.Б би 2020 оны намар Б.Ж-ын эзэмшлийн гэх газарт нүүж очоод хашаа болон эсгий гэрээ барьж одоо эхнэр, хүүхдийн хамт тэнд 5 дахь жилдээ байнгын амьдарч байна. Дараа нь Ж.Б би уг газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахаар Б.Ж-тай удаа дараа уулзсан боловч тэрээр өнөө маргааш шилжүүлж өгнө гэж хэлээд 4 жилийн нүүр үзлээ. Энэхүү маргааныг шийдвэрлүүлэхээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 2960 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Ж-ын оршин сууж буй хаяг нь тодорхой бус гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоо Б.Ж-ын оршин суугаа хаяг нь тодорхой бус байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ж-ыг эрэн сурвалжлуулах өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШЗ2023/02960 дугаартай шүүгчийн захирамж, Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Ж-ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хүсэлт гаргагч Ж.Б нь хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие 2020 онд Б.Ж-ын эзэмшлийн 500 м.кв газрыг худалдаж авсан байх ба тухайн үед миний нэр дээр шилжүүлж өгөхөөр бид хоёр хооронд тохиролцсон боловч одоог хүртэл шилжүүлж өгөөгүй. Уг маргааныг шийдвэрлүүлэхээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 2960 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Ж-ын оршин сууж буй хаяг нь тодорхой бус гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоо Б.Ж-ын оршин суугаа хаяг нь тодорхой бус байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ж-ыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн аниан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШЗ2023/02960 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ж нь Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ж-д холбогдох иргэний хэргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн Б аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай дугаартай албан бичгээр хүргүүлсэн CVL2483000001001577 дугаартай Б.Ж-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд байнга оршин суугаа газрын хаяг: Б аймаг, Ө сум, 4 дүгээр баг, Их булан 4 гудамж, 69 тоот гэж бүртгэгдсэн боловч энэхүү хаягийн бүртгэлд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ж нь оршин суудаггүй болох нь Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.
7. Хүсэлт гаргагч Ж.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ж-ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
9. Иймд дээрх баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ж-ыг шүүхийн журмаар эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Б аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.Б-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х овогт Б.Ж /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Б.Ж-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Б аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Ж.Баттөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН