Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0291

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Б.Н***, Т.Э*** нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Б.Н*** нар нь *** тоот байрны гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлд хандсан боловч улсын бүртгэл татгалзсан хариу өгсөн. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байрны гэрчилгээ гаргуулахтай холбоотой нэхэмжлэл гаргасан боловч улсын бүртгэл шүүхийн явц дунд байрны гэрчилгээ гаргаж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н***, Т.Э*** нар нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Б.Н***, Т.Э*** нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар хот, *** өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Н***, Т.Э*** нарын нэр дээр гаргахыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Нэхэмжлэгч Б.Н***, Т.Э*** нараас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр Б.Х***д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах итгэмжлэл олгогдсон бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*** 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*** нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н***, Т.Э*** нараас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Б.Н***, Т.Э*** нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар хот, *** өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Н***, Т.Э*** нарын нэр дээр гаргахыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*** бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ШҮҮГЧ                                                   Б.АДЪЯАСҮРЭН