Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суугч Б.Б***

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянзүрх дүүргийн *** дугаар хороонд оршин суугч Б.Б*** миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-р заалт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй гэж заасан эрхийнхээ дагуу 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал өдөр бүр 08:00-18:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Монгол Улсын Дээд шүүхийн байрны хойд талын нийтийн эзэмшлийн талбайд Барилгын салбарын тэгш эрх хаана явна вэ гэсэн уриатай жагсаал, цуглаан хийхээр болсныг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт өгсөн боловч бүртгэхээс татгалзсанаа 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай албан бичгээр мэдэгдлээ.

Татгалзсан хариунд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2-д заасан хориглох газарт хамаарч байгаа тул хамаарч байгаа гэсэн үндэслэлгүй хариу ирснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тухайн газар нутаг нь цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар биш болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр тогтоосон юм. Өөрөөр хэлбэл Төрийн тусгай хамгаалалтын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот албан бичигт ...уг байрны орчин тойрны гадна талбай төрийн тусгай хамгаалалтын бүсэд хамааралгүй гэсэн тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэг дурдсан байдаг.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/416, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн , 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ***0 дугаартай албан бичгүүдээр нэхэмжлэгчид тухайн байрлалд жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэж авч байсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгийг хүчингүй болгосноор Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12, 16-д заасан баталгаатай эдлэхээр олгогдсон эрх сэргэж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу иргэн миний хийх жагсаал цуглааныг бүртгэснээр миний бие энэхүү эрхээ эдэлнэ. Иймд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, мөн хуулийн 10.3-д заасан хугацаанд шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгийг хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Б*** 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн E-Service сүлжээгээр дамжуулан Монгол Улсын дээд шүүхийн хойд талын нийтийн эзэмшлийн талбайд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал өдөр бүр 08:00-18:00 цагийн хооронд 5 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй цагаан хоолой, өсгөгч, уриа лоозон, шүгэл зэрэг техник хэрэгсэл ашиглаж цуглаан зохион байгуулах тухай мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлд дурдсан цуглаан хийх газар нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Жагсаалт батлах тухай 65 дугаар тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн байр төрийн тусгай хамгаалалтад байна гэж заасан. Иймд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газарт жагсаал, цуглаан хийхийг хориглох газарт хамаарна.

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу ажлын 3 хоногт багтаан 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай *** дугаартай албан бичгээр иргэнд хариу хүргүүлсэн бөгөөд хуульд нийцсэн албан бичиг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б***ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

2.Б.Б*** нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал өдөр бүр 08:00-18:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Монгол Улсын Дээд шүүхийн байрны хойд талын нийтийн эзэмшлийн талбайд Барилгын салбарын тэгш эрх хаана явна вэ гэсэн уриатай жагсаал, цуглаан хийх хүсэлт гаргажээ.

3.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгээр ...Таны цуглаан зохион байгуулахыг хүссэн байршил нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасан хориглох газарт хамаарч байгаа тул бүртгэх боломжгүй гэж бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн байна.

4.Б.Б***ийн жагсаал, цуглааныг бүртгүүлэх хүсэлт гаргасан Нийслэлийн ***, Монгол Улсын Дээд шүүхийн байрны хойд талын нийтийн эзэмшлийн талбай нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1. Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно: 2/ цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар гэдэгт Монгол улсын Дээд шүүхийн байр хамаарч байгаа боловч хүсэлтэд дурдсан талбай нь жагсаал цуглаан хийхийг хориглосон газарт хамааралгүй.

5.Тодруулбал, хүчин төгөлдөр болсон тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр шийдвэрт ...Төрийн тусгай хамгаалалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичигт... уг байрны орчин тойрны гадна талбай төрийн тусгай хамгаалалтын бүсэд хамааралгүй гэснээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Жагсаал, цуглаан хийхийг хориглосон газрын жагсаалтад хамааралгүй болох нь тогтоогдож байна... гэж заасан нь Нийслэлийн *** шүүхийн байрны хойд талын нийтийн эзэмшлийн талбай нь төрийн хамгаалалтад байгаа газар-т хамааралгүй болох нь тогтоогджээ.

6.Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ***, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар албан бичгээр тус тус Б.Б***ийн дээр дурдсан байрлалд жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэж, хариу өгснийг дурдах нь зүйтэй.

7.Иймд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1. Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. ..., Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. 10 дугаар зүйлийн 4. Шүүгч жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон бол зохион байгуулагч нь шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа энэ тухай тухайн Засаг даргад урьдчилан мэдэгдэж жагсаал, цуглаан хийх цаг, хугацааг тохиролцож төлөвлөсөн арга хэмжээгээ зохион байгуулж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б***ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Жагсаал, цуглаан хийх хүсэлтийг бүртгэхээс татгалзсан 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 9 дүгээр зүйлийн 3, 10 дугаар зүйлийн 4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б***ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б***ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б***т олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АДЪЯАСҮРЭН