Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1089

 

186/2020/0350/Э

 

 

 

 

    2020            08            27                                        2020/ДШМ/1089

 

Э.Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

хохирогч Д.Х-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Э-ад холбогдох 2011000300123 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Э.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Цэцэг” худалдааны төвийн баруун замд “Зорчигч тээвэр-3” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS106” загварын .....улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас зорчигч Д.Х-г автобусны суудалд бүрэн сууж амжаагүй байхад нь унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Иргэний хариуцагчаар иргэн П.Ононг тогтоосныг “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын иргэний хариуцагчаар зөвтгөн тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 24.153.480 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Х-д /РД: ЧП54071105/ олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Э.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байхыг заавал шаарддаг онцлогтой гэмт хэрэг байдаг. Хохирогч Д.Х- нь шүүгдэгч Э.Э-ын жолоодож явсан автобусан дотор унаж бэртсэн үйлдэлд жолооч Э.Э-ын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг тодруулсан шинжээчийн дүгнэлтэд жолооч Э.Э-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалгаа нээхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэж тусгагдсан. Дээрх дүгнэлтийг гаргасан Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Батмөнхийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан асуулт асуух замаар дүгнэлтийг тайлбарлуулахад шинжээч дүгнэлтээ хэргийн нөхцөл байдалтай нийцүүлэн тайлбарлаж чадаагүй болно. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Э.Э- нь автобусыг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалгаа нээхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Д.Х-г автобусны суудалд бүрэн сууж амжаагүй байхад нь унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь..., нөгөөтэйгүүр жолооч хөдөлгөөнөө эхлэхдээ зорчигчийг зориулалтын бариулаас барьж явах боломж олгоогүй бөгөөд хөдөлгөөнөө эхлэх үедээ осол үүсгэхгүй байх талаар бүх нөхцөлийг хангаагүй болох нь... хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан заалт нь дараах 3 шинжээс бүрддэг.

а. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах;

б. Хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх;

с. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалгаа нээхийг хориглодог. Жолооч дээрх шинжүүдийн аль нэгийг эсхүл бүхэлд нь зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл бүрддэг. Шүүхийн шийтгэх тогтоолд жолооч Э.Э- Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтын объектив талын аль шинжийг зөрчсөн, тухайн үйлдэл нь хэргийн нөхцөл байдалтай хэрхэн нийцэж буй талаар огт дүгнэлт хийгдээгүй. Шүүх “Д.Х-г автобусны суудалд бүрэн сууж амжаагүй байхад нь унагасан, зорчигчийг зориулалтын бариулаас барьж явах боломж олгоогүй” гэж тус тус дүгнэж хуулийг мөн адил буруу тайлбарласан. Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.5 дах хэсэгт зааснаар зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд зогсоогоор нь тээвэрлэж болдог бөгөөд жолооч зорчигчийг заавал суудалд суулгах үүрэггүй, мөн уг дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зорчигч чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоор зорчихдоо зориулалтын бариулаас барихгүй явахыг хориглоно" гэж заасан зохицуулалтыг хохирогч өөрөө зөрчсөн байхад жолоочийг гэм буруутай гэж үзэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Шүүгдэгч Э.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын үндэслэл болгосон дээрх дүгнэлтүүдээс дараах асуудлууд хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Шүүх шүүгдэгч Э.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн объектив талын аль шинжийг зөрчсөнийг тогтоож чадаагүй.

2. Замын хөдөлгөөний дүрэмд суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигчийг зогсоогоор тээвэрлэж болох талаар зохицуулсан байхад шүүгдэгч Э.Э- нь зорчигчийг суудалд суулгаагүй тээвэрлэсэн гэмт буруутай гэж хууль буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3. Замын хөдөлгөөний дүрэмд зорчигч чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоор зорчихдоо зориулалтын бариулаас барихгүй явахыг хориглоно гэж заасан буюу зорчигч бариулаас барих үүрэгтэй гэдгийг зохицуулсан бөгөөд хохирогч Д.Х- уг заалтыг зөрчсөн байхад шинжээч Д.Х-г замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, шүүгдэгч Э.Э-ыг зорчигчийг заавал бариулаас бариулах ёстой гэж хууль буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

II. Хохирлын талаар

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч Д.Х-гийн эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн 24.153.480 төгрөгийн бүхэлд нь хангаж иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хохирогч Д.Х-гийн бүрдүүлсэн баримтын нийт үнийн дүн 24.141.480 төгрөг байхад шүүх хохирлыг баримтын дүнгээс илүү үнийн дүнгээр иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуульд заасан арга хэлбэрээр бэхжүүлж аваагүй баримтыг нотлох баримтаас хасаж тооцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан байх ёстой байдаг. Гэтэл хохирогчоос ирүүлсэн хохирлын баримтад авагдсан бензин худалдан авсан баримтууд, рашаан сувилалд явахад гарсан зардлууд нь уг хэрэгтэй хамааралгүй тул иргэний хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Онгоцны тасалбар худалдан авсан баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасныг зөрчсөн байтал шүүх нотлох баримтаар үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Хохирогч Д.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Х-гийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль зөрчөөгүй. Хохирогч тухайн үед автобусанд орж ирээд картаа уншуулчихаад цаашаа явах гэтэл автобус огцом хүчтэй хөдөлсөнөөс болж хохирогч савж унасан. Хохирогч сандалд хүрэхийн завдалгүй автобус огцом хурдтай хөдөлсөн. Онгоцны тийзийн баримтыг утсаар зургийг нь аваад хэрэгт хавсаргасан нь үнэн. Гэхдээ хохирогч Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй учраас Солонгос улс руу охинтойгоо хамт явсаныг нотлох бусад баримт шаардлага хангасан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Цэцэг” худалдааны төвийн баруун замд “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS106” загварын .....улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас зорчигч Д.Х-г автобусны суудалд бүрэн сууж амжаагүй байхад нь огцом хөдөлж түүнийг унагаж, эрүүл мэндэд нь баруун мөрний өргөгч шөрмөснүүдийн урагдал, баруун далны тогооны уруул хэсгийн урагдал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Х-гийн “...автобусанд суугаад билетээ дараад бариулаас ч барих боломжгүй, суудал дээр ч суухын завдалгүй автобус гэнэт огцом хөдлөөд би баруун талаараа газар савж унасан. ...” /хх 57-63/,

гэрч П.Лхагвасүрэнгийн “...тэр эмэгтэй картаа уншуулаад автобусны суудлын бариулаас барьж амжаагүй байхад нь автобус хөдөлж тэр эмэгтэй унасан. ...” /хх 71-72/,

гэрч А.Цэцэгмаагийн “...хохирогч автобусанд дөнгөж орж ирээд байж байтал автобус хөдөлж хохирогч халтираад гулгаад унасан, тэр өдөр их цас орсон халтиргаатай өдөр байсан. ...” /хх 75/,

иргэний хариуцагч П.Ононгийн “...манай байгууллага иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хариуцаж төлнө. ...” /хх 78/,

 Э.Э-ын яллагдагчаар өгсөн “...Ард кино театрын автобусны буудлаас 3-4 хүн нэмж суусан, хүмүүсээ буулгаж дуусаад хөдөлсөн. Тэгсэн урд талын уулзварын гэрэл дохион дээр ирсэн чинь ард зааланд юм унах чимээ гарахаар нь эргээд хартал нэг эгч шалан дээр уначихсан байсан. ...” /хх 114-115/ гэх мэдүүлгүүд,

 

“...Д.Х-гийн биед баруун мөрний өргөгч шөрмөснүүдийн урагдал, баруун далны тогооны уруул хэсгийн урагдал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 514 дугаартай дүгнэлт /хх 83-84/,

 “...жолооч Э.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” Техникийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 142 дугаартай дүгнэлт /хх 93-94/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Э-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа “...хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байхад Э.Э-ыг гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, ...хохирлыг зөрүүтэй тооцож гаргуулсан. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

 Замын хөдөлгөөний дүрмээр явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч,   тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцох, эрх, үүрэг зэргийг зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна.

 

Шүүгдэгч Э.Э- нь Замын Хөдөлгөөний дүрэмд заасан аюулгүй байдлыг хангаж тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоож, зорчигчийг буулгаж, суулгасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүргээ зөрчиж, зорчигчийг автобусанд орж ирэн картаар төлбөр төлж байх үед нь огцом хөдөлж зорчигчийг унагаж гэмтээсэн байна. Шүүгдэгч Э.Э-ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зорчигчийг суулгаж хөдөлгөөнөө эхлэх үүргээ биелүүлээгүй үйлдэл, тээврийн хэрэгслээр зорчигч Д.Х- гэмтсэн үйл баримтуудын хооронд шууд шалтгаант холбоо байгаа нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болж байх тул өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

            Хохирлыг илүү тооцож гаргуулсан гэх гомдлын тухайд, анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, иргэний хариуцагч байгууллагаас гаргуулахаар, тооцоолох боломжгүй цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байх бөгөөд хохирогч тухайн ослоос үүдэлтэй өөрт учирсан гэмтлээ Солонгос Улсад эмчлүүлж, дотоодын рашаан сувилалд явсан зардлыг тухайн осолтой холбоогүй гэж үгүйсгэх үндэслэл байхгүй болно.

 

Харин хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шинжлэн судлахад, 170.200 төгрөгийн шатахууны зардал /хх 15, 25, 35, 38/ нь энэ гэмт хэрэгтэй холбоотой гарсан зардал болох нь нотлогдохгүй байх тул нийт хохирлын дүнгээс хасаж тооцов.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/378 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...24.153.480 төгрөгийг,...” гэснийг “...24.025.186 төгрөгийг...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН