Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 113/2017/0007/з |
Дугаар | 221/МА2017/0828 |
Огноо | 2017-11-23 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2017/0828
Ч.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгон Ч.Э-ийг Санхүүгийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6.125.684 (зургаан сая нэг зуун хорин таван мянга зургаан зуун наян дөрөв) төгрөг олгохдоо түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч Ч.Э нь Санхүүгийн албаны дарга байхдаа 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа дахин зөрчил гаргасан тул хариуцагч миний бие нь маргаан бүхий захиргааны акт болох Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг батлан гаргаж ажлаас нь чөлөөлсөн. Ч.Э нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн. “Орон нутаг хөгжил сангийн төсвийг батлуулахдаа тооцоо судалгаа хийгээгүй, сумын ерөнхий төлөвлөгөөний үлдэгдэл санхүүжилт болох 4320000 төгрөгийг батлуулаагүй” буюу ажлын байрны ... заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дутагдал гаргасан. Гэтэл шүүхээс дүгнэхдээ уг асуудлыг сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал хэмээн, Санхүүгийн албаны даргын албан тушаалын бүрэн эрх, чиг үүрэгт үл хамаарах асуудлыг зөрчил хэмээн ажлаас халах үндэслэлд хамааруулсныг буруу гэж үзжээ. Сумын Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах” гэж заасны дагуу ажлын алба буюу Тамгын газраасаа зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар туслалцаа авахаар байна. Иймд Баянтал сумын Санхүүгийн албаны дарга нь Засаг даргыг Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах буюу төсвийн төсөл боловсруулах, батлуулахад нь зохион байгуулалтын арга хэмжээ авч, хариуцан ажиллах тул ажлын байрны тодорхойлолтод төсвийн төсөл боловсруулах, батлуулах тусгагджээ. Иймд орон нутаг хөгжил сангийн төсвийн төсөлд 4320000 төгрөгийг тусгаагүй асуудал нь дан ганц Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй асуудал биш, харин Санхүүгийн албаны дарга байсан Ч.Э ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ болон зохион байгуулалтын арга хэмжээ авч Засаг даргад туслах хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн асуудал юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” буюу Санхүүгийн албаны дарга байсан Ч.Э-ийн 2016 оны үр дүнгийн гэрээг сумын Засаг даргын Тамгын газрын дарга үнэлэхдээ А үнэлсэн байдаг бөгөөд Засаг дарга баталгаажуулж үнэлэхдээ D үнэлсэн. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “үлгэрчилсэн загвар, аргачлал”-ын дагуу албан тушаал бууруулах үндэслэл болох юм. Санхүүгийн албаны дарга байсан Ч.Э нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын эзгүйд гүйлгээ хийж, төрийн сангийн үйл ажиллагааны журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ зөрчсөн. Учир нь Ч.Э нь төлбөрийн хүсэлтэд хяналт тавьж, гүйлгээг баталгаажуулах үүрэгтэй. Гэтэл хяналт тавих үүргээ хэрэгжүүлэлгүй, гүйлгээг баталгаажуулж Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, гүйлгээг баталгаажуулах үүргээ биелүүлэхдээ Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчиж гүйлгээг баталгаажуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх ойлголтонд хамаарах юм. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, Ч.Э-ийг тайлбар гаргах боломжоор хангасан боловч тайлбар ирүүлээгүй. Ч.Э нь мэдэгдлийг хүлээн авч, гарын үсэг зурсан байдаг бөгөөд өөрөө ч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс сонсох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна .
Нэхэмжлэгч нь “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ч.Э-ийг үүрэгт ажлаас нь халах тухай” Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгон урьд эрхэлж байсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар “Ч.Э нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг үл биелүүлж, удаа дараа ажилдаа хариуцлагагүй хандан Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчин бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд сумын 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг батлуулахаар оруулахдаа буруу тооцоолол хийж 4.320.000 төгрөгийг төсөвт оруулж батлуулаагүй, 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Э-ийг Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын үүрэгт ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримталжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлийг заасан, харин хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг заасан зохицуулалт гэж ойлгоно.
Маргаан бүхий актад хуулийн 2 өөр зохицуулалтыг үндэслэсэн нь агуулгын хувьд ойлгомжгүй болсноос гадна төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нөхцөл буюу албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад төрийн албанаас халсан нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан төрийн албан хаагчийн баталгаагаа эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий төрийн албанаас халах захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн, гаргасан зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг.
Гэтэл маргаан бүхий актыг хариуцагч гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах зарчим, журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Харин Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны шийдвэр гаргах журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэл нь дангаараа маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.Э-ийг 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийн тухайд: Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв бөгөөд албан тушаал бууруулах үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь хариуцагчийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Түүнчлэн, орон нутгийн хөгжил сангийн төсвийг батлуулахдаа тооцоо судалгаа хийгээгүй, сумын ерөнхий төлөвлөгөөний үлдэгдэл санхүүжилт болох 4.320.000 төгрөгийг батлуулаагүй гэх зөрчлийн тухайд: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг даргын Тамгын газар, “ХБХДТ” ХХК нарын хооронд байгуулагдсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээний гүйцэтгэлд төлөгдөөгүй байсан 4.320.000 төгрөгийг 2015 оны төсөвт тусгааггүй, 2016 оны төсөвт тусгасан ч 2017 оны төсөвт тусгалгүй төсвийн тодотгол хийж оруулахаар сумын Засаг дарга болон Санхүүгийн албаны дарга нар шийдвэрлэсэн үйл баримт гэрч Б.Улаанхүүгийн мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ тохиолдолд 4.320.000 төгрөгийг төсөвт батлуулаагүй гэх зөрчилд тухайлан нэхэмжлэгчийг буруутгах, дээрх үндэслэлийг зөрчилд тооцох боломжгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 33.1.1-д “харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах”, 33.1.2-т “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах” гэж, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргын ажлын байрны тодорхойлолтод “төсвийн төсөл болон төсвийн тодотголыг хуулийн дагуу сумын иргэдийн төлөөлөгчдийн чуулганд оруулж хэлэлцүүлэн, батлуулах” гэж зааснаас үзвэл тухайн жилийн төсвийг батлуулахад туслалцаа үзүүлэх, төсвийн төсөл боловсруулах чиг үүрэг нь Санхүү албаны даргад хамаарахаар байх бөгөөд гагцхүү сумын Засаг даргын бүрэн эрхэд хамааралтай, Санхүү албаны даргад үл хамаарна гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч 4.320.000 төгрөгийг төсөвт батлуулаагүй нь зөрчил биш байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.
Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчин бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийсэн гэх зөрчлийн тухайд: нэхэмжлэгч нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, бүрдэл дутуу гарын үсгээр гүйлгээ хийсэн нь тогтоогдсон, энэ нь холбогдох дүрэм журамтай нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байх тул төрийн албан хаагчийг энэ үндэслэлээр ажлаас халах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг төрийн албан хаагч албан үүргээ биелүүлсэн боловч хангалтгүй, зохих ёсоор биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг төрийн албан хаагч ёс зүй зөрчсөн, албан үүргээ огт биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрээр төрийн албанаас халахад хэрэглэгдэх зохицуулалт гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч Ч.Э-т 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар хуулийн 26.1.2-т зааснаар сахилгын арга хэмжээ авсан нь хуулийн 25.1-д заасан “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” зөрчилд хамаардаггүй болно.
Иймд “нэхэмжлэгч Ч.Э нь Санхүүгийн албаны дарга байхдаа 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа дахин зөрчил гаргасан” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН