Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 367

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                              Х.Батсүрэн,

                                             П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”,

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0153 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ч.Б-г Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин болох 8689152 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0153 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Ч.Б-гийн “Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ч.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Ж.Э нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. а/ Шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “нэхэмжлэгч Ч.Б-г Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг эрхэлж байхдаа 2013, 2014, 2016 онуудад тус тус сарын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байна. Гаргасан зөрчилд нь авагдсан сахилгын арга хэмжээний тоо 3 болжээ” гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5. Учир нь,  2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр захирамжаар төрийн албан хаагчийг сонгон шалгаруулалтын журмаар томилоогүй гэх үндэслэлээр, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/93 дугаар захирамжаар 2014 оны эхний хагас жилийн тайлан мэдээний зарим хэсгийг гаргаагүй, 3 дугаар сарын тайланг тасалсан үндэслэлээр, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дугаартай захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтэд хариуцлагагүй хандаж, тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хамт олныг нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр тус тус сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс нэг жилийн хугацаа өнгөрч сахилгын шийтгэлгүйд тооцогдсон байсан.

6. б/ Шүүхээс нэхэмжлэгч Ч.Б-г 2016 оны 9 дүгээр сард дээрх байдлаар сахилгын арга хэмжээ авагдсан атлаа хариуцагч Б.Амгаланбадрахын ажлыг хүлээлцүүлэх арга хэмжээ аваагүй, Онцгой комисс 11 дүгээр сарын 12, 14-ний өдөр хуралдахад оролцоогүй, 2016 оны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж гаргаагүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

7. Учир нь, нэхэмжлэгч Ч.Батаа нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл шалтгаангүйгээр ажил таслаагүй, зааланд тоглож байгаад хөлөө гэмтээсэн, шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон, Мерси Кор олон улсын байгууллагын сургалтанд суусан болох нь гэрч А.Ш-ийн мэдүүлэг, Булган сумын нэгдсэн эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эмнэлгийн магадлагаа, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар шийдвэр, бусад баримтаар нотлогдсоор байхад ажлаас чөлөөлөгдөх зайлшгүй шаардлага байсан болох нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хууль бус үндэслэлгүй шийдвэр гэж дүгнэж байна.

8. в/ Нэхэмжлэгч Ч.Б-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “...удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн заалтыг үндэслэн ажлаас халсан байхад ажлын байрны тодорхойлолт болон албаны үүрэгт тусгагдаагүй ажил үүргийг биелүүлээгүй гэж буруутгаж, дан ганц хариуцагчийн тайлбарыг үнэлж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчжээ гэж дүгнэж байна.

9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0153 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч Ч.Б нь Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

12. Маргаан бүхий Б/01 дүгээр тушаалаар Ч.Б-г “ажил үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараа арга хэмжээ авахуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан” гэсэн үндэслэлээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасантай нийцсэн байна.   

13. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д төрийн албан хаагчийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төрийн албанаас халахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Б нь сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дараах байдлаар тогтоогджээ.

14. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар, ...33.1.1, 33.1.2, 33.1.4-т Тамгын газар нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах, ...Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах, ...хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох... зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай байна. 

15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, тамгын газрын дарга Ч.Б-д Булган сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжаар “...удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтэд хариуцлагагүй хандаж, тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хамт олныг нэгдсэн удирдлагаар хангаж чадахгүй байгаа” гэсэн үндэслэлээр түүний цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар  бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.   

16. Нэхэмжлэгч Ч.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган сумын Засаг даргаар шинээр томилогдсон Засаг даргын ажлыг хүлээлцүүлэх арга хэмжээ аваагүй, 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 15-ны өдрүүдэд өвчтэй шалтгаанаар ажилдаа ирээгүй, энэ байдлаа сумын Засаг даргадаа албан ёсоор мэдэгдээгүй байтлаа 11 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулагдсан “Мерси кор” олон улсын байгууллагын сургалт болон 15-ны өдөр болсон Б.Д-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцжээ. Иймд, нэхэмжлэгчийг дээрх хугацаанд эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэж чадахгүй хэмжээний байсан гэж үзэхээргүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

17. Мөн тус сумын нутаг дэвсгэрт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан сумын Онцгой комисс 11 дүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд хуралдахад Ч.Б мөн оролцоогүй, сумын 2016 оны Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж гаргаагүй зэргээр албан үүргээ биелүүлээгүй байна.

18. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2013 онд эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй атлаа ховор ан амьтан агнасан зөрчил гаргасан нэр бүхий иргэдтэй хохирол барагдуулах гэрээ байгуулж, тэдний улсад учруулсан хохирлын 38,800,000 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад доод шатны албан тушаалтнуудаар энэхүү хохирлыг барагдсан гэх агуулга бүхий бичгийг шаардан гаргуулсан, одоог хүртэл уг хохирол бүрэн барагдаагүй, мөн шүүхийн шийдвэрээр хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон байхад мэргэжилтэн Б.Д-г удаа дараа ажлаас нь чөлөөлж хохироосон, нийгмийн ажилтан Б.Ж-д жирэмсний амралттай байх хугацаанд нь 18 хоногийн цалин хөлс олгосонд хяналт тавиагүй, улмаар түүнд цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад зохих суутгал хийлгэлгүй цалингаа бүтэн авсан зэрэг байдлыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэх талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

 19. Ийнхүү нэхэмжлэгч Ч.Б нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан тушаалын эрх хэмжээгээ урвуулан ашигласан, удирдах дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас түүний гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

20. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Давж заалдах шатны шүүхээс ...Ч.Б-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д ...заасныг үндэслэн ажлаас халсан байхад ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдаагүй ажил үүргийг биелүүлээгүй гэж буруутган, дан ганц хариуцагчийн тайлбарыг үнэлж, ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчжээ...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

21. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0153 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА