Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/00983

 

Т.Түмэнбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03016 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1115 дугаар магадлалтай,

Т.Түмэнбаатарын нэхэмжлэлтэй

А.Амарсайхан, Т.Баяраа нарт холбогдох

Түрээсийн төлбөр болон зардалд нийт 3 548 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Т.Баяраа хүүтэйгээ хамт ирж манай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 30 дугаар байрны 42 тоот 3 өрөө орон сууцыг үзээд түрээслэхээр болж түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай хүү А.Амарсайхантай түрээсийн төлбөрт сард 1 000 000 төгрөг, байрны хэрэглээний бүх зардлыг түрээслэгч төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан. Ингээд 7 дугаар сарын  01-нээс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 5 cap түрээслээд бидэнд мэдэгдэлгүйгээр нүүж гарахад нь байрын орцны жижүүр бидэнд мэдэгдсэн. Хариуцагч нар өөрсдийн тавилгынхаа ихэнхийг өөрсдөө ачаад явсан. Т.Баяраа өөрөө түрээсийн 2 500 000 төгрөг, байрны хэрэглээний зардал 500 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлнө, үлдээсэн эд зүйлсээ бичээд бид хоёр гарын үсэг зурсан. Үлдээсэн эд зүйлсээ нь бүгд хадгалагдаж байгаа. Бид анх гал тогооны өрөө бүрэн тавилга, 1 унтлаганы өрөө бүрэн тавилга, бүх хөшиг, тюльтэйгээ хүлээлгэж өгсөн. Том өрөө болон нэг жижиг өрөө нь тавилгагүй байсан, түүнд хариуцагч нар өөрсдийнхөө хуучин тавилгаа авчирч тавьсан. Бид бүрэн тавилгатай орон сууц хөлсөлнө гэж тохироогүй. Хариуцагч нар түрээсийн төлбөрт 5 000 000 төгрөг төлөхөөс 2 500 000 төгрөг төлсөн, 2 500 000 төгрөг төлөөгүй. Иймд түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг мөн СӨХ-ны төлбөр 132 000 төгрөг, цахилгааны төлбөр 148 000 төгрөг, халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 263 800 төгрөг, интернэтийн төлбөрт 155 000 төгрөг, мөн жижиг өрөөний хаалга эвдсэн хохиролд 200 000 төгрөг, гал тогооны чулуун тавцанг хагалсан хохиролд 150 000 төгрөг бүгд 3 548 800 төгрөгийг Т.Баяраа, А.Амарсайхан нараас хоёулангаас нь нэхэмжилж байна. Т.Баяраа нь би өөрөө төлбөр тооцоог хариуцна гэдэг байсан, байранд хүүтэйгээ хоёулаа хамт амьдарсан гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон хариуцагч нарын өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Биднийг нэхэмжлэгч байрандаа бүх тавилга, цахилгаан хэрэгсэл, интернэтээр хангаж өгнө гэж оруулсан. Өнөөдөр бүрэн тавилгатай байр ч 1 000 000 төгрөгөөр түрээслэдэг хүн ховор. Ингэж биднийг хуурч мэхэлсэн. Бид 7, 8 дугаар сарууд, 9 дүгээр сарын төлбөрийн 50 хувийг төлсөн. Бид байрны ашиглалтын төлбөрийг төлөөд явж байтал гэнэт бие өвдөж, хагалгаа хийлгэн эмнэлэгт хэвтэх хооронд мөнгө нэхэж бидний доромжилж, дарамталсан. Би гадаад найзынхаа хамт 7 хоног байсан. Бид зурагт 1 350 000 төгрөг, керамик плитка 740 000 төгрөг, шарах шүүгээ 220 000 төгрөг, индүү 98 000 төгрөг, ус буцалгагч 28 000 төгрөг, угаалгын машин 259 000 төгрөг, гал тогооны хэрэгсэл 500 000 төгрөг, зурагтын тавиур 350 000 төгрөг, комод 2 ширхэг 1 800 000 төгрөг, 6 ширхэг сандалтай ширээ 800 000 төгрөг, дугуй ширээ 350 000 төгрөг, Алтанбулаг хивс 3 ширхэг, Номин хивс 2 ширхэг зэргийг шинээр худалдаж авсан. Бид судалж үзэхэд сүүлийн 3 жил огт хүн амьдарч байгаагүй гэсэн болохоор 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгосон. Гэрээг цуцлах үед орон сууцны доголдол, төлбөрөөс хасуулах тухай хэлсэн ч бидний үгийг сонсоогүй. Байрны төлбөрт 2 500 000 төгрөгийг төлнө гэж бичвэл гэрээг цуцална гэж биднийг хүчээр дарамталсны улмаас аргагүйн эрхэнд, байрнаас түргэн гарахын тулд гэрээг яаралтай цуцлахын тулд түрээсийн төлбөрт зохих төлбөрийг төлнө гэсэн актыг үйлдсэн. Гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөөд хэрэглээний зардал болон өрөөний хаалганы эвдрэл, гал тогооны чулуун тавцан хагарсан хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээ биш орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн. Гэрээний 1.2-т “тавилга шилжүүлнэ” гэж заасныг нэхэмжлэгч биелүүлээгүй, тавилгагүй байсан тул хариуцагч нар өөрсдөө тавилга авчирч тавьснаар нотлогддог. Одоо хариуцагч нарын тавилгаас үлдсэн хэсэг нь нэхэмжлэгчид байгаа. Мөн түрээсийн байранд тавилга худалдаж авч тавьсан тухай зарлагын падаанууд байдаг. СӨХ-ны төлбөрийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагч нар өөрсдөө байрны ашиглалтын зардлыг төлж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03016 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 288 дугаар зүйлийн 288.2.2., 288.2.3-т заасныг баримтлан хариуцагч Т.Баяраа, А.Амарсайхан нараас 2 917 161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Түмэнбаатарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 631 639 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 36 322 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35 409 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон, хариуцагчаас 61 625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1115 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 700 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Баяраагийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. А.Амарсайхан, Т.Баяраа нар орон сууцыг хөлслөх гэрээ байгуулахдаа анхнаасаа бүрэн тавилгатай байрыг хөлслөхөөр харилцан тохиролцсон нь гэрээний 1.2-т заасан “Энэхүү гэрээ нь тус байрны тухайн өрөө тасалгаанд хамаарагдах гэрэлтүүлэг, цонх, хаалга, разетка, тавилга зэрэг эд зүйлийг түрээсээр шилжүүлэн өгч эзэмшүүлнэ” гэсэн заалтаар нотлогддог. Байрыг хөлслөхөөс өмнө очиж үзэхэд хүн амьдарч, оршин суухад шаардлагатай тавилга хэрэгсэл байгаагүй талаар нэхэмжлэгчид хэлэхэд “бид шаардлагатай тавилга, интернет зэргийг та нарыг байранд орох үед бэлэн болгосон байна, энэ талаар бидэнд найдаж болно, санаа зоволтгүй, гэрээгээ урьдчилаад хийчихье” гэсэн тул түүнд итгэн орон сууцны түрээсийн гэрээг байгуулсан.

Байранд орох хугацаа тулсан тул тохирсны дагуу шаардлагатай тавилга, хэрэгслээр хангаагүй байгааг Т.Түмэнбаатарын эхнэр н.Дарьхатанд хэлэхэд “нэгэнт гэрээ байгуулсан тул та нар ордгоороо орж бай, би шаардсан зүйлүүдийг тун удаахгүй” гэсэн шалтаг тоочдог болсон. Энэ талаар удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлэхгүй. Гадаадаас А.Амарсайханы найз ирж байранд орсон ч амьдрахад шаардлагатай хэрэглээний зүйл байхгүй тул амьдрах нөхцөл бололцоо муу байгаа талаар хэлсэн. Бид нэхэмжлэгчийг тохирсны дагуу үүргээ биелүүлэхгүй болохоор нь шаардлагатай тавилга, хэрэгслийг өөрсдийн мөнгөөр худалдан авсан. Хэрэв анх тохиролцсон ёсоор нэхэмжлэгч бүрэн тавилгатай байр хөлслүүлсэн бол биднээс ийм зардал гарахгүй байсан. Анхнаасаа тавилга тавьж өгөхгүй гэсэн бол бидэнд өөр сонголт хийх боломж байсан. Биднийг хуурч байрандаа оруулж, үүргээ гүйцэтгээгүйгээс болж харин ч бидэнд маш их зардал чирэгдэл үүссэн.

Энэ байранд А.Амарсайханы хамт нийт 7 хоног л амьдарсан. Биднийг анхнаасаа хуурч түрээсийн гэрээ байгуулсанд гомдолтой байгаагаа анхан шатны шүүхэд дэлгэрэнгүй тайлбарласан. Нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй, тохирсон тохиролцоогоо биелүүлээгүйгээс шалтгаалан гэрээг цуцлахаар удаа дараа санал гаргахад бидний саналыг хүлээж аваагүй бөгөөд биечлэн уулзах гэхээр уулзахгүй өдөр, хоногийг авах болсон, уг байранд амьдраагүй, гарсан.

Гэрээ цуцлахыг хэлэхэд элдэв шалтаг тоочиж, хугацаа авдаг ч, төлбөрөө нэхэх болохоороо гарч ирж дарамтлах болсон тул эдгээр байдлыг тэвчихээ байсан тул өөрсдөө санаачилга гаргаж 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээг тасалбар болгон цуцалсан. Нэгэнт нэхэмжлэгч бүрэн тавилгатай байрыг бидэнд хөлслүүлэхээр тохиролцсон гэрээний үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-д “Хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэг хүлээх”-ээр заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д зааснаар “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 288.2.3-т заасныг баримтлан “Т.Баяраа, А.Амарсайхан нар нь орон сууц ашигласны хөлс 2 500 000 төгрөгийг төлөөгүй, мөн СӨХ-ны төлбөрт 105 370 төгрөг, байрны ашиглалтын төлбөрт 311 791 төгрөгийг тус тус төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн” гэсэн дүгнэлтийг хийж 2 917 161 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг үндэслэлтэй бүхий гарсан гэж үзэн хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан СӨХ-ны төлбөрийн болон байрны ашиглалтын баримтууд тухайлбал СӨХ-ны төлбөрийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл хэн гаргаж өгсөн нь тодорхойгүй, тамга, тэмдэг дарагдаагүй баримт байхад шүүх үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл болно. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож эсвэл өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны зүйл, шаардах эрхийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Түмэнбаатар нь хариуцагч А.Амарсайхан, Т.Баяраа нарт холбогдуулж гэрээг цуцлах хүртэл хугацааны орон сууцны хөлсний дутуу 2 500 000 төгрөг, ашиглалтын зардал, хохиролд 1 048 800 төгрөг, нийт 3 548 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд үндэслэжээ. Гэрээний зүйл нь орон сууц, уг зориулалтаар орон сууцыг шилжүүлэх, нөгөө тал нь ашигласны хөлс сар бүр 1 000 000 төгрөг төлөх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний шинжийг агуулсан талаар шүүх зөв тодорхойлсон байна.

Гэрээний хугацаа 2 жил боловч 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөлслөгч орон сууцыг буцаан өгснөөр гэрээ цуцлагджээ. Зохигчид нь гэрээг цуцалсан талаар маргаагүйгээс гадна гэрээг цуцлах хүртэлх хугацааны сууц ашигласны хөлс болон хэрэглээний зайлшгүй зардал, шилжүүлсэн зарим тавилгыг эвдэж гэмтээсний зардлыг төлөх эсэх тухайд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргасан байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хөлслүүлэгч гэрээгээр тохирсон сууцны зориулалттай байшинг шилжүүлэх үүргээ биелүүлсэн бол хөлслөгч нь эд хөрөнгийг ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нь 2015 оны 7 сард орон сууцыг хүлээн авч, 7, 8, 9 дүгээр саруудын төлбөрт 2 500 000 төгрөг төлж, харин 9 сарын хөлсний дутуу 500 000 төгрөг, 10, 11, сарын хөлс 2 000 000 нийт 2 500 000 төгрөг, ашиглалтын зардал 417 161 төгрөгийг төлөөгүй байх тул шүүх хэрэгт цугларсан баримтанд тулгуурлан Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасан зохицуулалтаар 2 917 161 төгрөг гаргуулж, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн  үндэслэлтэй болжээ. 

Гэрээний зүйл болох орон сууцыг тавилгын хамт шилжүүлээгүйгээс ашиглах боломжгүй байсан талаар хариуцагч маргаж байх боловч энэ талаар хөлслүүлэгчид мэдэгдсэн, шаардсан байдлаа тайлбараас өөр баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагчийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эд хөрөнгийг ашигласан гэж үзнэ.           

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Амармэндийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03016 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1115 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57.1-д зааснаар хариуцагчийн нарын өмгөөлөгч хяналтын журмаар гаргахдаа урьдчилан төлсөн 61 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА