Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/03997

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр                  Дугаар 102/ШШ2024/03997                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: .............,

            Хариуцагч: ................,

            Нэхэмжлэлийн шаардлага: ...........алдангид 123,353,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмишээл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хадбаатар нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. .............дарга Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Тус газартай харилцагч ........... нь 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2023 оны 2 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 161,878,733 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 61,475,175 төгрөг, нийт 223,353,908 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, түүнчлэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч, даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 44 дүгээр зүйл, 44.1.2, 44.7, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.3.1-д заасныг тус тус үндэслэн 223,353,908 төгрөгийг .........-иас гаргуулж, шимтгэл болон алдангийг барагдуулж өгнө үү...гэжээ.

            1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмишээл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй.”, мөн хуулийн 21  дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” , 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт “Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх” үүрэгтэй болохыг заасан. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 161,878,733 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 61,475,175 төгрөг, нийт 223,353,908 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч .......... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 223,353,908 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг төлсөн учраас үлдэгдэл 123,353,908 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 61,878,733 төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас үүссэн өр юм. 61,475,175 төгрөг нь хугацаа хэтрүүлсэн алданги юм. Одоо мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт “…хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу алдангийг тооцсон. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, 61,475,175 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэл гаргах үед Нийгмийн даатгалын ерөнхий хууль хэрэгжиж байсан учир энэ хуулийг үндэслэж алдангийг шаардсан. Өмнөх хууль дээр ч 0,3 хувийн алданги тооцохоор заасан байгаа. Манайх яаж тооцох ёстой тэр хэмжээгээр нь 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон. Нэхэмжлэл гаргахад 223,353,908 төгрөг байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100,000,000 төгрөгийг төлсөн учраас үлдэх 123,353,908 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. Хариу тайлбар:

            2.1. ........-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хадбаатар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Манай компани 2006 оноос эхлэн асфальтобетон үйлдвэрлэлийн чиглэлээр жил бүрийн 5-100 сарын хугацаанд асфальтбетон үйлдвэрлэж, харилцагч байгууллагуудад нийлүүлдэг бөгөөд зөвхөн дулааны улиралд 5-10 сарын хуагцаанд 30 орчим ажилтантайгаар ажилладаг. Ажилчдын ихэнх нь тусгай мэргэжилтэй байх шаардлагатай. Дэлхий нийтээр тархсан цар тахлын үе, дэлхийн дайнаас үүдэлтэй 2020-2023 онд авто замын салбарт хүндээр тусч, ажиллах боломжгүй болсон бөгөөд 2023 оны 2 дугаар улирлаас эхлэн бага багаар ажил явагдаж байна. Эдгээр цаг хугацаанд компани өөрийн нөөц боломжоор ажилчдын нийгмийн даатгал болон цалинг таслахгүйгээр явж ирсэн. Үүний зэрэгцээ компанийн улсад төлөх үүрэгтэй татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр хуримтлагдан үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд байна. 2021-2023 онд үүссэн өр төлбөр болох 129,826,594.34 төгрөгийн төлбөрийг төлөхөөр 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга ........., гүйцэтгэх захирал ......... нарын байгуулсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-ний хүрээнд болон сар бүрийн ногдуулалт зэрэгт 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2,843,071 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 105,966,780 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 44,956,648 төгрөг, нийт 163,766,499 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг төлсөн байна. 2024 онд нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байсан боловч Оросын холбооны улсаас импортоор орж ирэх битумын хэмжээ буурсантай холбоотой бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос хамааралтайгаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэхгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газраас нэхэмжилсэн 61,475,175 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ талаар тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн хариу санал ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан алдангийг бууруулж өгнө үү...гэжээ.

            2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хадбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тус компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс 100,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хугацаа хэтрүүлсний алданги болох 61,475,175 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон гэж тайлбарласан. Манай байгууллага эрх бүхий байгууллагаас шимтгэлийг төлж барагдуулах хугацаа тогтоолгосон. Ингэхдээ 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Хэсэгчилсэн байдлаар төлье” гэж хугацаа тогтоолгож, энэ талаар гэрээ байгуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн алданги тооцсон тооцоололд 2023 оны 2 дугаар сараас эхлэн алдангийг тооцсон байдаг. Нийгмийн даатгалын тухай хуульд 44 дүгээр зүйл гэдэг заалт байхгүй. Энэ хууль нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүй болсон. Гэтэл хүчингүй болсон хууль тогтоомжийг ашиглаж, алданги 61,475,175 төгрөгийг шаардах эрх байхгүй. Хувийн хэвшлийн байгууллагын хувьд ямар нэгэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байж ажилтнуудынхаа цалин хөлс, бусад асуудлыг шийдэж явдаг. Ковид цар тахал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримт учраас тодорхой ярих шаардлагагүй байх. Ажилтнуудаа алдахгүйн тулд цалинг тухай бүрд нь тайлагнаад, нууж хаах юмгүйгээр тайлагнаж тайлбарлаад үүссэн өр байгаа юм. Түүнээс биш хэвийн горимоор бид ажиллаж байсан бол тухай, тухай үед нь төлөх байсан. Манай байгууллага бол нийгмийн даатгалын шилдэг харилцагч болж, олон шагнал авсан байдаг. Энэ асуудлаас үүссэн алданги 61,475,175 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна...гэв.

            3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5-6/, “Нутгийн зам групп” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 9, 10, 12 дугаар саруудын тайлан /хх-8-11/, Улсын байцаагчийн .........-д хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн албан шаардлага /хх-12/, нэхэмжлэгч байгууллагын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 464 тоот албан бичгийн хуулбар /хх-13-14/, .........-тай 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээний хуулбар /хх-15/, .........-тай 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийсэн уулзалтын тэмдэглэлийн хуулбар /хх-16/, ........-ийн 2022 оны 1 дүгээр сарын авлагын мэдээлэл /хх-17/, ........-ийн 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 147/23 дугаар албан бичгийн хуулбар /хх-18/, хариуцагчийн ажилтнуудын 2023 оны нийт цалингийн мэдээлэл /хх-19-20/,..-ийн заавал даатгах даатгуулагчдын авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-21/, алданги тооцсон хүснэгт /хх-22/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

            4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа бичмэл баримт гаргаагүй. Харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-25/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-26/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

            5. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11999 дүгээр захирамжаар нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-49-50/, захирамжийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ, уулзалтын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн. /хх-55-59/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. ...........газар нь .......-д холбогдуулан, 2023 оны 2 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 161,878,733 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 61,475,175 төгрөг, нийт 223,353,908 төгрөг гаргуулахаар шаардсан.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулснаар, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр багасгаж, хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 61,878,733 төгрөг, алданги 61,475,175 төгрөг, нийт 123,353,908 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

            3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас шимтгэлийн өр төлбөрийн үлдэгдэл 61,878,733 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 61,475,175 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргав.

            4. Шүүх Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            5. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагч хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт зааснаар алдангийн хамт гаргуулна. Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн учраас нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу өр төлбөр болон алдангийг шаардсан” гэж тодорхойлсон.

            6. Хариуцагч ........ нэхэмжлэлийн шаардлагаас алданги 61,475,175 төгрөгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “2023 оны 2-7 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний дагуу алдангийг тухайн гэрээнд заасан 2023 оны 12 дугаар сараас эхлэн тооцохгүйгээр 2023 оны 2 дугаар сараас эхэлж тооцсон нь үндэслэлгүй, Ковид-19 цар тахлын улмаас өр төлбөрт орсон учир алдангиас чөлөөлүүлэх хүсэлтэй” гэж тайлбарлаж байна.

            7. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            7.1. .......... нь 2022 оноос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улмаар 2023 оны 2 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны шимтгэл төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгч байгууллага тус компанийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоохыг арилжааны банкуудад мэдэгдэж, өр барагдуулах талаар мөн компанид мэдэгдэж байсан байна.

            7.2. Улмаар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр болох 129,826,594.34 төгрөгийг ...... нь .......... газарт хувааж төлөхөөр харилцан тохиролцож, талууд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулах” тухай гэрээ байгуулжээ.

            7.3. Дээрх төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хувааж төлөх, энэ хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

            7.4. Хариуцагч уг гэрээний хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сард 44,956,648 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, сүүлийн төлбөр төлөх хуваарьт өдөр болох 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 84,869,946 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

            7.5. Талуудын байгуулсан гэрээнд хамаарахгүй буюу 2023 оны 8 дугаар сараас мөн оны 12 дугаар сарын хооронд ..... нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 87,008,786 төгрөг төлөөгүй зөрчил үүссэн болох нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан /хх-8-11/, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-21/, алдангийн тооцоолол /хх-22/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

            7.6. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд хариуцагч нь 100,000,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид тайлбарласан.

            8. Талууд.......-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн үлдэгдэл 61,878,733 төгрөг байгаа талаар хэн аль нь маргаагүй ба хариуцагч тал энэ өр төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин төлөгдөөгүй шимтгэлийн өр төлбөрт алданги 61,475,175 төгрөг шаардах эрхийн талаар зохигчид өөр өөрийн үндэслэл заан маргаж байна.  

            9. Хариуцагч байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр нь 2023 оны 2 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамаарах бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул уг нэхэмжлэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зохицуулалтад хамаарахгүй. Харин өмнө үйлчилж байсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль үйлчилж байх хугацаанд хамаарч байх тул Нийгмийн даатгалын тухай хуулиар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

            10. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй тул хариуцагч ..... нь төлөгдөөгүй үлдсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 61,878,733 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.

            11. Нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөөгүйн алданги 61,475,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

            11.1. Талууд 2023 оны 2 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны шимтгэлийн өр төлбөрийг хувааж төлөхөөр хугацаа тогтоож, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгүүдэд нийцүүлэн, хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд, гэрээний агуулгыг тодорхойлж, харилцан тохиролцож бичгээр байгуулсан байна.

            11.2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу .......... хэлтэс нь .....-иас гэрээгээр тохирсон төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхийг шаардах эрхтэй.

11.3. Тухайн хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд уг гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алдангийг шаардах эрх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөх хуваарийн сүүлийн өдрөөс хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүснэ.

            11.4. Гэрээний хугацаа дуусах үед шимтгэлийн үлдэгдэл 84,869,946 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэл гаргасан 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 57 хоногийн алдангийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн ба нэг хоногийн алданги 254,610 төгрөгийг 57 хоногт тооцвол 14,512,770 төгрөгийн алданги тооцогдохоор байна.

            11.5. Харин 2023 оны 8 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт тооцогдох алдангийг нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасны дагуу шаардсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

            11.5.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ” гэж заасан байна.

            11.5.2. Хуулийн дээрх зохицуулалтаар Нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрхийг тодорхойлсон. Тодруулбал: Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ба захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох асуудал нь үүнд хамаарахгүй. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар алдангийг иргэний журмаар гаргуулахаар шаардах эрхгүй.

            11.5.3. Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас энэ хугацааны шимтгэлийн өр төлбөрт тооцогдох алдангийг 0,1 хувиар тооцож шаардах боломжтой байна.

            11.5.4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдангийг тооцвол: дээрх хугацааны шимтгэлийн нийлбэр дүн 87,008,786 төгрөгийн  0,1 хувийн алданги нь хоногт 87,009 төгрөг болох ба үүнийг нэхэмжлэл гаргах хүртэлх 51 хоногоор тооцвол 4,437,459 төгрөг болно.  

            11.6. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид нийт 18,950,229 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.

            12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ковид цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан талаар тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

            13. Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 80,828,962 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 562,095 төгрөгийг хариуцагч .........-иас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Нутгийн зам групп” ХХК-иас 80,828,962 /наян сая найман зуун хорин найман мянга есөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгож, нэхэмжлэлээс 42,524,946 /дөчин хоёр сая таван зуун хорин дөрвөн мянга есөн зуун дөчин зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Нутгийн зам групп” ХХК-иас 562,095 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн Татварын хэлтэс/-д оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА