Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1198

 

187/2020/0419/Э

 

 

 

  2020             09            17                                         2020/ДШМ/1198 

 

Г.М-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.М-эд холбогдох 2002000800068 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

Г.М- нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хорооллын 116 дугаар байрны 3В тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.8283 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Оорцог овогт Галтын М-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би дээрх гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшин харамсаж байгаа бөгөөд гэм буруугийн талаар огт маргахгүй байна. Эх орондоо ихийг хийж бүтээх насандаа гэмт хэрэгт холбогдсондоо өөрийгөө буруутгаад барахгүй байна. Би БНСУ-д хөгжмийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд энэ чиглэлээр эх орондоо ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Цаашид өөрийн үе тэнгийн залуус болон дүү нартаа хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын хор хөнөөл хүнд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар байнга ойлгуулах чиглүүлэх ажлыг хийж гүйцэтгэх болно. Мөн хоригдож буй хугацаандаа ихийг бодож зөв зүйтэй амьдарч, юу хийж бүтээх талаараа төлөвлөгөө боловсруулан яаж зөв хүн болох талаар нэгийг ойлгон ухаарсан. Би 3-8 насны гурван хүүхэдтэй бөгөөд эхнэр Хулан хөлөө хүндээр бэртээж дунд чөмгөө хугалсан тул байнгын хэвтрийн дэглэм сахиж бусдын асаргаа сувилгаанд байгаа энэ хүнд үед гэмт хэрэгт холбогдож хоригдож байгаадаа өөрийгөө маш их буруутгаж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оноосон хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.М-эд холбогдох хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтыг зөрчиж, хэт яллах талыг баримталж, хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Г.М-ийн хувийн байдлыг авч үзвэл 29 настай, дээд боловсролтой, хөгжмийн инженер мэргэжилтэй, хувиараа уран бүтээл хийж, гэр бүлээ авч явдаг, бага насны буюу 3-8 насны гурван хүүхэд, эхнэрийн хамт тогтсон тодорхой хаягтаа байнгын оршин суудаг. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо, харилцааны болон хувийн өндөр соёлтой, цаашид хэрэг төвөгт холбогдохгүй байх бүрэн боломжтой итгэл бүхий хүн юм. Тэрээр ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлдээ хариуцлагатай эцэг хүн байхыг хичээн бизнесийн үйл ажиллагаа явуулахаар хэд хэдэн хуулийн этгээд үүсгэн байгуулсан, хувь эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан талаарх баримтууд ч хавтаст хэрэгт авагдсан байна. Г.М-ийн шүүхээс хорих ял шийтгүүлсэн байдал нь түүний гэр бүлд хүндээр тус байгаа бөгөөд бага насны буюу 3 настай Энэрэлт, 6 настай Мишээлт, 8 настай Бишрэлт нарын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ” гэх эрх зөрчигдөж, өөрийн төрсөн эцгээсээ тусгаарлагдаж, эцгийн хайр халамжаас ангид хоёр жилийн турш байх туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Мөн Г.М- нь хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явдаг байсан боловч хорих ял шийтгүүлсэн, түүний эхнэр Б.Хулан хөлөндөө гэмтэл авсны улмаас хөдөлмөрийн чадвар алдаж, доголох болсны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж ар гэрийн амьжиргааны хувьд ч туйлын хүнд байна. Г.М- нь өмнө нь ял шийтгүүлж байсан боловч гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэн тул түүнийг анх удаа эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болох юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой талаар, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар тус тус хуульчилсан байна. Иймд миний үйлчлүүлэгч Г.М-ийн анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, 2-8 насны бага насны гурван хүүхэдтэй, эхнэр Б.Хулан нь хөлөө хугалж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон зэргийг харгалзан үзэж Г.М-эд ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.М-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршгийн талаар анхан шатны шүүх дүгнэж хорих ял оногдуулсан үндэслэлтэй. Давж заалдах гомдолд дурдсан Хүүхдийн эрхийн тухай конвенц нь эцэг, эх болон тухайн хүүхдийн нийгэмд эзлэх байр суурь, хуулиар хамгаалагдсан эрхийг олгох зорилгоор хэрэглэдэг. Энэ хэргийн тухайд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралгүй. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.М- нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хорооллын 116 дугаар байрны 3В тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.8283 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Г.М-ийн яллагдагчаар өгсөн “...би хэзээ, хаана, хэнтэй хэрэглэснээ санахгүй байна. Ямар ч байсан оны өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын үеэр тамхинд хольж хийсэн байсан нэг юм татсан. Би тухайн үедээ хар тамхи гэдгийг нь мэдээгүй. Би уг тамхийг танихгүй, зүс мэдэх хүнээс авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 143-144/,

 

“...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл, базсан тугалган цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаардаг болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 841 дугаартай дүгнэлт /хх 32-35/,

“...“М- 2020.2.12” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг  болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1093 дугаартай дүгнэлт /хх 42-43/,

Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.8283 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх 26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-14/, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 19-20/ болон болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.М-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч Г.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 3-8 насны гурван хүүхэдтэй, эхнэр Б.Хулан нь хөлөө хугалж хэвтрийн дэглэмд байгаа зэргийг харгалзан 1 жил хорих ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 2020/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. …” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН