Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хоорондын газар ашиглах эрхийг хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ня, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/1009/3

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

 

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Б******* ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/352 тоот тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 9,1 га газрыг 5 жилийн хугацаагаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2013/43 дугаар гэрчилгээ олгосон байна.

2.2. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2 га газрыг 5 жилийн хугацаагаар аялал жуулчлалын зориулалтаар нэмж ашиглах эрхтэй болсон бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2015/618 дугаартай гэрчилгээ олгож, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2017/58 дугаартай газар ашиглах тухай гэрээ байгуулж байжээ.

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар дээрх 11.1 га газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан.

2.4. Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалт газарт хандаж 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 443 дугаар саналаар ...хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заагдсан арга хэмжээг авч холбогдох шийдвэрийг гарган өгнө үү гэсэн албан бичиг явуулжээ.

2.5. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалаар маргаан бүхий 11,1 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

2.6. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08/5683 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн аваад шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

3. Нэхэмжлэгч Б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хар бургастайд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 12-р сарын 05-ны өдрийн А-352 тоот тушаалаар олгогдсон 9.1 га газар дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08-р сарын 05-ны өдрийн А/321 тоот тушаалаар 2.0 га газрыг нэмж олгон нийт 11,1 га газрыг манай "Б*******" ХХК нь 2015/618 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээгээр ашиглаж байгаа.

3.2. Манай компани газар ашиглах эрхийн хугацаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01-р сарын 18-ны өдрийн А/11-р тушаалаар 2025 оны 08- р сарын 05-ны өдөр хүртэл 5 жилээр сунгуулж, ТХГНТХ-ийн 34 дүгээр зүйлд нийцсэн шийдвэрүүд гарж газрын эрхийн хугацаа хүчин төгөлдөр үйлчилж байсан.

3.3. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд 2023 оны 09-р сарын 27-ны өдрийн А/524 дугаар тушаалаар манай компанийн газрын ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгон шийдвэрлэсэн болохыг 2023 оны 10-р сарын 30-ны өдрийн 08/5683 тоот албан бичгээр мэдэгдлээ. Үүнтэй хамт яамны сайдын тушаалыг бидэнд ирүүлээгүй. Уг албан бичигт: Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь заалт, Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08-р сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тушаал гарсан болохыг дурдсан байна.

3.4. Манай компанийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь заалт "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг гаргасан болох нь дараах үйл баримтуудаар нотлогдож байна.

3.5. Манай компани Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хар бургастайд байрлах 11.1 ra газрынхаа ашиглах эрхийг авсныхаа дараагаар Налайх дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад удаа дараа хүсэлтүүдийг гаргаж улмаар /Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам /Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/-ын 3.4-т зааснаар гэрчилгээ олгогдсоноос хойш 3 сарын дотор байгуулах гэрээг хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээ байгуулахгүй эс үйлдэхүйг гаргасаар байгаад 2 жилийн дараа/ Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2017/58 дугаар гэрээг 2017.11.27-ны өдөр байгуулж, газрыг зориулалтын дагуу ашиглах эрх нээгдсэн. Гэрээ байгуулснаар өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэх, хашаа барих үйл ажиллагаа явуулах эрх нээгддэг.

3.6. Үүний дараагаар "Б*******" ХХК-иар "Б*******" зочид буудал амралтын цогцолборын эскиз зургийг төлбөр төлж гаргуулсан. Төслийг батлуулсан. Түүний дараагаар төрийн эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авч, техникийн нөхцөлүүдийг УБЦТС ХК-иас авч төслийн хүрээнд дэд бүтцийг бүрэн шийдсэн. Мөн усны асуудлыг шийдвэрлэж мэргэжлийн компанид төлбөр төлж худаг гаргуулсан.

3.7. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг "С*******" ХХК-иар гүйцэтгүүлж, Горхи тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, Байгаль орчин аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээчээр батлуулсан. Компанийн "Б*******" зочид буудал амралтын цогцолборын барилгын зураг төсөл, инженер-геологийн судалгааны дүгнэлтийг батлуулсан. Мөн төсөл хэрэгжүүлэх талбайн газрын доор усны нөөц, Геофизикийн хайгуулын үр дүн ба Гидрогеологийн өрөмдлөгийн ажлын төслийг компаниар гүйцэтгүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх талбайг зураг төслийн дагуу ойн төгөл бий болгох, Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ойн төгөл байгуулах ажлыг мэргэжлийн Мод үржүүлэг, ойжуулалтын "Энх цамхаг" ХХК-тай 5 жилийн хугацаатайгаар ойжуулалтын ажлыг хийлгүүлэхээр иж бүрэн төлөвлөгөө гаргуулж, Зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Дээрх Төлөвлөгөөний дагуу мод үржүүлгийн компаниудтай гэрээ байгуулж Гацуур, Гүйлс Бүйлс, Интоор, Цагаан хус, Хуш, Хар мод, Өрөл, Монос, Шинэс, Голт бор, Хайлаас, Улиас, Хус, Нарс, Агч улаан, Агч шар, Долоогоно, Үхрийн нүд зэрэг түргэн ургах чадвартай модлог ургамал моднуудыг сонгож, суулгацыг суулгаж ажиллаж байна.

3.8. Түүнчлэн зүлэгжүүлэлтийн компаниар төслийн талбайн ургамлын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үр цацах, зүлэгжүүлэх ажлыг "Б*******" ХХК-тай гэрээ байгуулж ажиллаж байна. Төслийг нийт талбайг хүрээлсэн нэхэмжлэлд хавсралт байдлаар гарган өгсөн газарт хашаалсан ажлын зураг, гэрээ зэргийг нотлох баримтаар гаргуулан өгсөн болно. Үүнтэй холбоотой мөнгөн шилжүүлгийг баримтуудыг хавсаргав. Иймд манай компани дээрх ажлуудыг хийх бүрд их хэмжээний төсөв мөнгийг гаргаж хөрөнгө оруулалтыг оруулаад байгаа нь төслийн талбайг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэж үзэх үндэслэлд үл нийцнэ.

3.9. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03-р сарын 31-ний өдрийн 15 дугаар Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-т "...Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно..." гэжээ. Гэтэл манай компанийн хувьд төслийн талбайд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, улмаар төслөө хэрэгжүүлэх дэд бүтэц бүрэн шийдэж, барилга байгууламжийг барьж, хашаалан үйл ажиллагаа явуулж байгаа зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт хамаарахгүй байна. Бид энэхүү ашиглалтын эрхтэй газраа ямар нэгэн зориулалтын бусаар ашигласан, зориулалтын бүс төлөвлөгөө төслийг батлуулсан зүйл үгүй бөгөөд анх авсан зориулалтаар нь ашиглаж байна.

3.10. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонгох ажиллагаа хийж байгаа гэж холбогдоход манай компанийн зүгээс шаардлагатай бүхий л баримтуудыг гаргаж өгч, үйл ажиллагаа явуулж байгааг тайлбарлаж, гомдол гаргахад газрын эрхийг цуцалсан болохыг 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөр огноолон албан бичгээр мэдэгдэл ирүүлээд байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг баримтлалгүйгээр, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байхад зориулалтын дагуу ашиглахгүй байна гэж үзэж манай компанийн үйл ажиллагааг зогсоож, газар ашиглах эрхийг цуцалж, хохироож байгаа нь хуульд үл нийцнэ.

3.11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-т "... Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана...", мөн зүйлийн 14.4- т "... Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана..." гэж заасныг үндэслэн яамны дээд шатны байгууллага байхгүй тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Түүчнлэн энэхүү шийдвэр гарахтай холбогдуулж яаманд шаардлагатай бүхий л баримт, үйл ажиллагаа явуулсан байхыг нотолж, гомдол, тайлбар гаргаад байхад цуцалсан тул ийнхүү шүүхэд хандан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 09-р сарын 27- ны өдрийн А/524 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Б*******" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/524 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 05-ны А/352 дугаар тушаалаар "Б*******"-ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Х******* хязгаарлалтын бүсэд 9.1 га, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар олгосон 2.0 га, нийт 11.1 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/524 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

4.2. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 тоот саналаар нотлогдож байна.

4.3. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

4.4. Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/524 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/352 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б******* ХХК-д Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 9,1 га газрыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар 2 га газрыг нэмж ашиглуулахаар тус тус шийдвэрлэж, газар ашиглах эрхийн 2015/618 дугаартай гэрчилгээ олгож, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглах тухай гэрээ байгуулж байсан.

2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийг сунгасан боловч газар ашиглах гэрээг байгуулаагүй болох нь Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тоот албан бичиг /2хх-177 хуудас/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

3. Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслэл болгон Б******* ХХК-ийн нийт 11.1 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газрын ашиглах эрхийг хүчингүй болгов гэжээ. /2хх-6 тал/

4. Нэхэмжлэгчээс ...төрийн эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч, дэд бүтцийг бүрэн шийдсэн, худаг гаргуулсан, модлог ургамал моднуудыг сонгож, суулгацыг суулгасан, ...маргаан бүхий актад газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон, харин газрын төлбөр төлөөгүй талаар бичээгүй... гэж, хариуцагчаас ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан төлбөр төлөгдөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн... гэж тус тус тайлбар гарган маргасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн эсэхэд шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэв.

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ., Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: ...35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж зааснаар газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан байна.

6. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ...аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна, 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна, 7 дугаар зүйлийн 2-т Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно гэж тус тус заасан.

7. Дээрх хуулийн заалтаас үзэхэд, газар ашиглуулах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байна.

8. Хэрэгт авагдсан газрын төлбөр тооцоо нийлсэн акт /3хх-126 хуудас/-аар нэхэмжлэгчээс 2020-2021 онд газрын төлбөрт 22,625,844 төгрөг төлсөн боловч маргаан бүхий акт гарахаас өмнө 2022, 2023 онуудын газрын төлбөрийг төлөөгүй байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оноос хойш манай татварын системд нэхэмжлэл үүсээгүй бөгөөд үүсгүүлэхээр холбогдоход болохгүй байна гэх тайлбарыг өгсөн гэж тайлбар гаргасан боловч Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14/96 тоот /хх3-150 тал/ албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тухайн байгууллагатай газар ашиглах шинэчилсэн гэрээ хийж газрын кадастрын цахим системд бүртгээгүйн улмаас 2022 оны газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй гэснээс үзвэл газар ашиглах гэрээ байгуулаагүй шалтгаанаар нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөөгүй гэж үзэхээр байна.

10. Ийнхүү газар ашиглах гэрээ байгуулаагүйн улмаас газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй шалтгаан нь тухайн газар ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

11. Иймд нэгэнт нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

12. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар саналд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.1.5 дахь заалтаар хүчингүй болгох гэж үзсэн, маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг аль алийг нь үндэслэх хэсэгт баримталсан байх тул тус тушаалын ТУШААХ нь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж бичигдсэнээр зөвхөн энэ зөрчилд шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй.

13. Харин хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж дүгнэлээ.

14. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар 5 жилийн хугацаагаар сунгаснаас хойш тухайн компани нь аялал жуулчлалын зориулалттай газартаа 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ХХАГ23/01 дугаартай Мод худалдах, худалдан авах гэрээ /хх2-72-73 хуудас/, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Бараа нийлүүлэх гэрээ /хх1-187 тал/-ний дагуу мод тарьсан, мөн худаг гаргасан зэрэг нь маргаан бүхий газарт хийсэн үзлэг, Х******* ХХК-ийн тайлбар /хх1-191 тал/ зэрэг баримтуудаас тогтоогдож байхад хариуцагч нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

15. Гэвч хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аль нэг үндэслэл бүрдсэн тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй бөгөөд, энэ маргааны тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн нь тогтоогдсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

16. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасанд нийцсэн байх бөгөөд газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/524 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ