Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1021

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01021

 

 

О.Гантулгын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00693 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Г-ын хариуцагч Б.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахаасаа 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлэн Б.Тд өгсөн бөгөөд тэрээр 2 сарын хугацаанд хүүтэй нь төлчихнө гэсэн. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мөнгө өгөөгүй тул бид уг өдөр бичгээр баталгаа үйлдсэн. 2017 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар надад 8.500.000 төгрөг өгөх байсан бөгөөд уг өдөр нь өгсөн 1.000.000 төгрөгийг хасч 7.500.000 төгрөг зээлсэн гэж баталгаажуулсан. Үндсэн зээл 5.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хүү 3.500.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөг болсон. Надад 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 100.000 төгрөг, мөн цувуулж 1.000.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг өгсөн. Үндсэн зээл 7.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүү 5.000.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг болсон. Үүнээс өмнө өгсөн 4.000.000 төгрөг, 2019 оны 6 сараас 8 саруудад өгсөн цувуулж өгсөн 1.000.000 төгрөг, мөн 600.000 төгрөгийг хасч тооцон 6.900.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь О.Гтай 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бичгээр хийсэн гэрээ гэх баримтанд гарын үсэг зурж байсан. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн данснаас 1.600.000 төгрөг, өөрийн эхнэр Б.Туяагийн данснаас 4.000.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үлдсэн 900.000 төгрөгийг удахгүй төлнө. Хэн ч байсан шүүхэд үнэн зөв, бодит байдалд нийцсэн тайлбар гаргах үүрэгтэй гэж ойлгож байна. Гэтэл О.Г нь Б.Тгийн өгсөн мөнгийг илтэд багасгаж дансаар авсан мөнгөө огт аваагүй мэт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүгийн төлбөрт их хэмжээний мөнгө нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй ба хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлээс 900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Тгээс 900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгээс 26.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Тд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахаасаа 5 сая төгрөгийг 2 сарын хугацаатайгаар 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч Б.Т нь 2 сарын дотор багтаж хүүтэй нь буцаагаад төлнө гэж надаас гуйж аваад хэлсэн хугацаандаа буцааж төлөөгүй бөгөөд худлаа ярьж намайг залилсан. Ингээд хариуцагч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд 4.1 сая төгрөгийг надад буцааж төлсөн нь өөрөөр хэлбэл О.Г надаас зээлж авсан 5 сая төгрөгнөөсөө төлөхгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 3.2 жилийн хугацаагаар бусдыг хохироосон байхад шүүгч Н.Сарангүн нь 693 тоот шийдвэртээ нэхэмжлэгч О.Гантулгын нэхэмжилсэн 6.900 000 төгрөгнөөс 0.9 сая төгрөгийг л хариуцагч Б.Тгээс гаргуулж, үлдэгдэл болох 6 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5 600 000 төгрөгөөр багасгаж, 6 900 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1, 21/

О.Г Б.Т нар нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 7 500 000 төгрөгийн өртэй, уг мөнгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр буцаан төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баталгаа болон, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 3, 21 дүгээр тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч “2016 онд зээлсэн 5 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүүг нэгтгэн тооцож 8 500 000 төгрөг болсноос, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлөгдсөн 1 000 000 төгрөгийг хасаж, 7 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар бичгээр гэрээ байгуулсан” гэж, зээлдэгчийн хувьд “5 000 000 төгрөг зээлсэн бөгөөд хүүнд 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгөөс 5 600 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 900 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тус тус тайлбарласан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан үнэлж чадаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь хэргийн нотлох баримтад тооцогдон үнэлэгдэх учиртай.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Талууд хүү тогтоосон гэрээг хийгээгүй учраас уг гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөнд хүү төлөх үүрэг үүсэхгүй.

Гэвч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан. Талуудын хоорондын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн баталгаа буюу зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 7 500 000 төгрөгийн өртэй болохоо хүлээн зөвшөөрснөө баталж гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр хэлцэл хийгдсэн байна. Хэргийн 3, 38, 51, 53, 56 дугаар талд авагдсан баталгаа, дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаас үзэхэд хариуцагч зээлийн 1 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн үлдэгдлийн талаарх 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 7 500 000 төгрөгөөс төлөгдсөн 5 600 000 төгрөгийг хасаад хариуцагч 1 900 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн. Талууд баталгаа үйлдэхдээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлөгдсөн 1 000 000 төгрөгийг хасаад үлдэгдэл үүргээ тодорхойлон тохиролцсон талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд бэлнээр уг хугацаанаас хойш мөнгө шилжүүлсэн тухай баримт хэрэгт байхгүй.

Иймээс, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 1 900 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/00693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 900 000 гэснийг “1 900 000” гэж, 6 000 000 гэснийг “5 000 000” гэж, 2 дах заалтын 26 150 гэснийг 45 350 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                                   Б.НАРМАНДАХ