Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0310

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Б*** ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт Б*** ХХК-ийн захирал Б.Г*** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б*** ХХК-ийн захирал Б.Г*** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Манай Б*** ХХК нь өөрийн газар эзэмших эрхээ зөрчигдөж болзошгүй байдалд орохоор байна гэж үзэж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн даргыг хариуцагчаар тооцож, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойш тус компанийн шийдвэрийг тодорхойлох эрх бүхий толгой компанийн удирдлагуудаас итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагатай олон удаа уулзаж, ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай тохиролцсоны дагуу нийгмийн зайлшгүй хэрэгцээ болсон сургууль ба эмнэлгийн зориулалтаар эзэмшил талбайгаасаа хэсэгчлэн шилжүүлж өгөх хүсэлтээ өгсөн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М*** 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэж хариу өгсөн.

Иймд тус компани нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт болон 60 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б*** ХХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.З*** нь Б*** ХХК-ийн эзэмшлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хороо Архивын ерөнхий газрын баруун урд байрлалтай, нэгж талбарын *** дугаартай, 13 га талбайтай, орон сууцны зориулалттай газар дээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актад гарын үсэг зурж, баталгаажуулж өгөхийг даалгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Б*** ХХК-ийн захирал Б.Г*** нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 

Б*** ХХК-ийн захирал Б.Г*** Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.

 

Иймд *** нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б*** ХХКас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.З*** нь Б*** ХХК-ийн эзэмшлийн Нийслэлийн *** баруун урд байрлалтай, нэгж талбарын *** дугаартай, 13 га талбайтай, орон сууцны зориулалттай газар дээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актад гарын үсэг зурж, баталгаажуулж өгөхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч Б*** ХХК-ийн захирал Б.Г*** бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ШҮҮГЧ                                                   Б.АДЪЯАСҮРЭН