Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 535

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй , эрхэлсэн тодорхой

ажилгүй, ам бүл 7, эхнэр 4 хүүхэд, зээ, хүргэн нарын хамт

оршин суудаг, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Э ад холбогдуулан яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн 1705005980088 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын

17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э  нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн

9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим

маргааны улмаас Н.Минжбазарын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын

хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э  шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтэнд бичигдсэн

мэдүүлэг үнэн зөв байна. Мөрдөн байцаалтын шатанд би мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн.

Шүүхэд нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Минжбазар мөрдөн байцаалтад“...2017 оны 8 дугаар сарын 26-ны

өдөр 35-64 УНУ улсын дугаартай Соната-6 машинтай таксинд явж байсан. Тэгсэн

Өргөөгийн урд талаас 2 ах суугаад эхлээд Ард кино театрт ороод Хаан банк хаалттай

байхаар нь хүүхдийн зуу орсон. Тэгсэн хүүхдийн зуугийн Хаан банк хаалттай байсан

чинь нөгөө 2 ах машинд орж ирж суучихаад удаад байхаар нь би ахаа явъя яараад

байна гэсэн чинь чи ямар сүртэй юм бэ? хүлээлгэж байгаа мөнгийг чинь өгчихнө гээд

байсан. Тэгж удаан байснаа 4, 5 хүнтэй яриад нэг хүнээс мөнгө авахаар болсон. Тэгээд

хороололын эцэс ороод хүнээсээ мөнгө аваад тэр газраасаа жаахан өгсөж байгаад 3

хүүхэд суулгаад төв замаараа хайлааст орно гэж явж байгаад за одоо дэлгүүрийн

үүдэн дээр зогс гэхээр нь Оранж гэх дэлгүүрийн үүдэн дээр зогстол 2 шил архи 2 ундаа

авч гарч ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ наадахаа явуул гэсэн тэгэхээр нь би ахаа

машинд архи уулгахгүй гэсэн чинь чи ямар сүртэй бацаан вэ түрүүнээс хойш

хэгжүүрхээд байх юм ямар такси мундсан биш эргээд зогс гэхээр нь зогссон чинь тэр ах

5000 төгрөг шидчихээд энэ чамд хангалттай гэхээр нь 9500 гарсан байна гээд эргээд

харахад машин өнхрөөд хүүхэд тэвэрсэн эмэгтэй нь машинаас уначихсан. Тэгэхээр нь

машинаа зогсоогоод дуудлага дуудъя гээд утсаа аваад гарах гэтэл нэг ах нь ирээд

нүүр хамар хэсэг рүү удаа дараа цохисон. Тэр ах цохиод тэр эмэгтэйд туслах, уучлал

гуйх ч завсар гаргаагүй. Тэр эмэгтэй хөлөө цуурсан гэж гипсдүүлсэн гэсэн. Тэр хүмүүс

замын цагдаад өргөдлөө өгсөн. Би зодуулсан болохоор энд өргөдлөө өгч байна. Тэр

хүмүүс 3 хүүхэд 2 том хүн гээд 5-лаа явсан. Намайг цохисон нь согтуу анх түрүүлж

суусан 40 орчим насны, шар цамцтай, хар өмдтэй, махлагдуу дундаж өндөртэй хүн

байсан. Баруун хөмсөг хавдсан. Хамарнаас цус гарсан. Шанаа жаахан өвчтэй байна.

Зодуулсандаа гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/

Гэрч Э. Ариунзаяа мөрдөн байцаалтад” 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би 3

дугаар хорооллын эцэст байхад аав Э  15 цагийн орчим утсаар яриад надад

мөнгө өгнө гээд ирсэн юм. Тухайн үед аав Э  Соната маркийн машинтай ирсэн

ба машинаа такси гэж байсан. Мөн урьд өдөр архи уусан байсан болохоор тэр нь

гараагүй байсан. Ингээд би эцсээс 10 сартай хүүхэд, 15 настай дүүгийн хамт суусан.

Бид нар бүгд хойно суусан. Тэгээд хөдлөөд Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байх

дэлгүүрийн гадаа аав машиныг зогсоогоод 2 шил архи авсан юм. Тэндээсээ намайг

болох хүүхэд, дүү нарыг буулгахаар Оранж гээд дэлгүүрийн гадаа очсон ба аав таксин

дотор чинь архи уучихъя гэсэн чинь жолооч залуу нь машинаас архи үнэртээд байдаг

юм уулгахгүй гэж хэлсэн. Ингээд бага зэрэг маргаад тэр дэлгүүрийн гадаа очсон бөгөөд

аав таксины мөнгө гэж 5000 төгрөг өгөхдөө цонхоор нь өгсөн чинь л гэнэт машин

хөдөлсөн. Энэ үед би хүүхэдтэйгээ машинаас бууж амжаагүй байсан бөгөөд машин

хөдлөхөд нь чирэгдээд цаашаа явсан ба аав намайг хараад цонхоор нь жолоочийг

цохисон ба машин зогсоод жолооч нь буугаад ирэхэд аав тэр залууг дахиад 2-3 удаа

мөнгөнөөс илүү хүний амь үнэтэй юм уу гээд алгадаж байгаа харагдсан. Тэгсэн тэр

залуугийн хамарнаас цус гарчихсан юм. Гэтэл гэнэт эмнэлэг, цагдаа хүрээд ирсэн.

Харн тэр жолооч залуу намайг буух хооронд хөдлөөд хөл дээгүүр дугуй нь гарсан ба би

энэ талаар замын цагаагийн албанд гомдол гаргаж шалгуулсан ба одоо бол гомдол

саналгүй гэдгээ хэлсэн. Аав бол намайг чирээд явчихаар нь уурлаад л хүний амьнаас

мөнгө үнэтэй байна уу гээд цохисон. Тухайн үед өөр маргаан болоогүй. Тухайн үедээ

аав тэр залуугийн хамраас цус гарахад ус авчирч өгч байсан ба тэр залуу тухайн үед

инээгээд л байсан юм. Аав тэр залууг 2-3 удаа алгадсан ба гартаа юу барьсныг

мэдээгүй. Намайг харж байхад гарт нь юм байгаагүй. Манай аав тайван дуугай хүн

байгаа юм. Аав маань өөрийн хувийн машинаар халтуур хийдэг болохоор такси барьж

байгаа хүний зовлонг сайн мэднэ. Хэр баргийн юманд уурладаггүй юм. Тэр жолооч бол

аавыг яагаа ч үгүй. Миний хувьд өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23

хуудас/

Яллагдагчаар Э  мөрдөн байцаалтанд“...Би 2017 оны 8 дугаар сарын

26-ны өдөр 12 цагийн орчим парадокс орчимоос таксинд суусан юм. Ингээд замдаа 2

хүүхдээ зээтэйгээ аваад Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Оранж дэлгүүрийн гадаа

буусан. Уг нь би замаасаа 1 шил архи авсан ба жолоочоос машинд чинь 100 татчих уу

гэсэн чинь зөвшөөрөөгүй юм. Тухайн үед би архи уугаагүй байсан, урьд өдөр нь архи

уусан байсан учир тэр нь гараагүй байсан байх. Тэгээд л би буугаад таксины мөнгө гэж

5000 төгрөг өгсөн бөгөөд манай охин хүүхэдтэйгээ хойд талд суусан ба буух гээд нэг

хөлөө тавьтал машин урагшаа хөдлөөд явчихсан юм. Тэгээд чирэгдэхээр нь би зогсооч

гээд жолооч талаар нь хашгирч байж зогсоогоод гэнэт уур хүрээд 2 удаа алгадаад

авсан. Хүүхэдтэй хүнийг чирээд явлаа гэж уурласан юм. Тухайн үед тэр залуугийн

хамраас цус гарсан би өөрөө цэвэрлэж өгсөн. Ингээд эмнэлэгт ирээд охиныг үзсэн юм.

Энэ үед тэр залуу юм яриагүй. Гэтэл цагдаад өргөдөл өгчихсөн байсан. Миний хувьд Н.

Минжбазарын биед учирсан баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн

няцрал хөнгөн гэмтэл гэдгийг зөвшөөрч байна. Миний алгадсанаас болсон юм. Үүнээс

хойш энэ залуутай учир зүйгээ олсон учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэж өгнө үү. Энэ залуу надаас ямар нэг байдлаар эмчилгээний зардал

нэхээгүй бөгөөд тийм зүйл гарсан бол төлөхөд татгалзах зүйлгүй. гэх мэдүүлэг /хх-ийн

21 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11011 дугаартай дүгнэлтэнд:

Н.Минжбазарын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал

гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх

боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 14/

Шүүгдэгч Э ын хувийн байдалтай холбоотойгоор: оршин суух хорооны

тодорхойлолт /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, ял шалгах хуудас

/хх-ийн 31/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 32/ гэрлэлтийн

гэрчилгээний хуулбар /хх-ийн 33/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн

судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э  2017 оны 8 дугаар сарын 26 –ны өдөр Баянгол дүүргийн 9

дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байхдаа тус таксины жолооч

иргэн Н.Минжбазарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн

болох нь:

хохирогч Н.Минжбазарын“...машинаасаа гарах гэтэл нүүр хамар хэсэг рүү удаа

дараа цохисон...”гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ариунзаяагийн“...цонхоор нь жолоочийг

цохисон...машин зогсоод жолооч нь буугаад ирэхэд аав тэр залууг дахиад 2-3 удаа

мөнгөнөөс илүү хүний амь үнэтэй юм уу гээд алгадаж байгаа харагдсан” гэсэн

мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11011 дугаартай

дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос Э ад холбогдуулан шалгаж зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг

тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э ыг гэм буруугийн санаатай

хэлбэрээр хохирогч Н.Минжбазарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм

буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э ад шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад ял

хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний

хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзсан болно.

Хохирогч Н.Минжбазараас хохиролтой холбогдуулж нэхэмжилсэн нотлох баримт

хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Э ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар

хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын

найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Э ад

мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,

бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас

хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд

давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга

хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ