| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00314/И |
| Дугаар | 130/ШШ2024/00593 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2024/00593
| 2024 06 12 | 130/ШШ2024/00593 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө аймгийн З-Улаан сумын * дүгээр багт оршин суух, О овогт Д.Г
Хариуцагч: Б аймгийн Д сумын * дүгээр багт оршин суух, Н овогт С.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Бярууны үнэ 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Г /цахимаар/
Хариуцагч С.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Н.О /цахимаар/
Орчуулагч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.Б-д холбогдуулан бярууны үнэ 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Д овогтой Г нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б аймгийн Д сумаас 40 тооны бяруу авахаар амаар харилцан тохиролцож, худалдагч тал унаа тээврээ өөрөө бүрэн хариуцаж, зохицуулна гэсний дагуу бяруу тус бүрийн үнэ болон тээвэрлэлтийн зардал бүгдийг 2024 оны 02 дугаар сарын 13-ний өдөр 8,500,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 6,500,000 төгрөг мөн 1,500,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч С.Б-ы Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлсэн. Гэвч бяруунуудыг Ө аймгийн З-Улаан суманд авчирч буулгахад нийт 40 бяруу ирэхээс 20 тооны бяруу үхсэн байдалтай ирсэн. Банкнаас Малчны зээлээ аваад өр зээл тавин, малжих зорилгоор бага залуу мал худалдаж авсан гэвч үхсэн бяруунууд ирсэнд үнэхээр гомдолтой байна.
1.2. Иймд үхсэн 20 бярууны үнэ болох 10,000,000 төгрөгийг хариуцагч С.Б-аас нэхэмжлэлийн шаардлагын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Б хариу тайлбартаа: 2.1. Хариуцагч С.Б миний бие нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Г 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр миний B b гэх фейсбүүк хаяг руу залгаад миний утасны дугаарыг авсан. Тэгээд утасны дугаар авсан дараа Д.Г над руу залгаад “би бяруу авах гэсэн юм, чамд бяруу байн уу бяруу олдуул хэд ч байсан яахав” гэсэн тэгэхээр нь би айлуудаас худалдаж аваад өгөөд явуулъя гэж хэлсэн. Д.Г-тай бяруу авч өгч явуулах талаар тохиролцохоос өмнө Ө аймгийн У сумын хүн намайг 11-н тооны бяруу худалдаж авч өгч явуулаач гэж, мөн өөр нэг хүн Ө аймгийн У сум руу 7-н тооны бяруу худалдаж авч өгөөд явуулаач гэж надтай хоёр хүн ярьсан байсан. Би энэ 18-н тооны бярууг Б аймгийн Д сумын малчдаас бас авсан.
2.2. Би Д.Г-т ойр хавынхаа малчдаас 42 тооны бяруу авсан. Нөгөө хоёр хүнд 18-н тооны бяруу авсан. Нийт 60-н тооны бярууг Ө аймаг руу ачуулахаар Б зар мэдээ фейсбеек групп дээр зар оруулсан. Зар оруулахад над руу ******** дугаараас ******* дугаар луу залгаарай гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь би ********** дугаар луу хот руу ачаа ачих гэж байна уу, надад 60-н тооны бяруу байна энэ бяруунуудыг Ө аймаг руу ачуулах гэсэн юм, би Д сумаас ярьж байна гээд ярихад том машины жолооч Ч.Е ачаа ачна. 60-н тооны бярууг ачиж явъя гэж тохиролцсон. Нэг тооны бярууг 100,000 төгрөгөөр ачиж явахаар нийт 60-н тооны бярууг 6,000,000 төгрөгөөр ачихаар тохиролцсон. Харин жолооч Ж.Е надаас 2,000,000 төгрөгийн урьдчилгаа авна гэсэн. тэгэхээр нь би 2,000,000 төгрөгийн урьдчилгааг өгсөн. Ж.Е манай суманд ирсэн. Ж.Е-г манай хашаанд ирэхэд манай хашаанд 60-н тооны бяруу байсан. Жолооч Ж.Е хашаанд байсан 60-н тооны бярууг үзээд 2 бярууг нь муу байна замдаа үхэж магадгүй гээд үлдээлгэсэн. Д.Г-ийн машинд 40-н тооны бяруу, бусад айлын 18-н тооны бяруу, нийт 58-н тооны бяруу ачуулсан.
2.3. Би Д.Г-аас 37-н тооны бярууны мөнгө, ачааны мөнгө /нэг бярууны мөнгө 500,000 төгрөг, нийт 37х500,000 төгрөг/ нийт 18,500,000 төгрөг, 3-н тооны бярууны мөнгө, ачааны мөнгө /нэг тооны бярууг 400,000 төгрөг, 3х400,000 төгрөг/ 1,200,000 төгрөг, Д.Г-аас нийт 19,700,000 төгрөг авсан. 300, 000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн. Мөн жолооч Ж.Е нэг тооны бярууг 80,000 төгрөгөөр ачиж явахаар болсон. Миний дансанд 20,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. Ж.Е-г Д суманд ирэхэд ачааны мөнгө буюу 58-н бярууны үлдэгдэл мөнгө 2,640,000 төгрөгийг өгсөн. Ж.Е-д нийт 4,640,000 төгрөг өгсөн. Нэг тооны бярууг 80,000 төгрөгөөр ачихаар болсон тул зөрүү 400,000 төгрөгийг мөн буцаагаад шилжүүлсэн. Жолооч Ж.Е бяруунуудыг ачаад явахад 58-н тооны бяруунууд амьд байсан. Д сумаас хөдлөөд 70 км яваад 16-н тооны бяруунууд үхсэн гэж над руу жолооч Ж.Е ярьсан. Тэгэхээр нь Д.Г руу ярихад үхсэн амьд бүгдийг нь аваад ир гэж ярьсан. Тэгсэн Ж.Е би Ө явахгүй гэж надад утсаар хэлээд намайг бяруунуудаа машинаас буулгаж ав гэж Т сум руу дуудсан. Тэгсэн Д.Г Ж.Е-тай утсаар ярьсан чинь жолооч Ж.Е тухайн бяруунуудыг цааш Ө аймаг руу аваад явсан. Д.Г надад утсаар машинаас буулгаж байхад 4-н тооны бяруу үхсэн гэж хэлсэн. Ингээд нийт 20-н тооны бяруу үхсэн байна лээ.
2.4. Би тус 60 тооны бяруунаас жолооч үхэж магадгүй ачихгүй гэсэн 2 бярууг нь авч үлдсэн ба үлдсэн 58 тооны бярууг ачиж өгч явуулсан. Миний буруутай ажиллагааны улмаас бяруу үхээгүй мөн хэдэн тооны бяруу үхсэн талаар Д.Г өөрөө хэлж байгаа болохоос өөр нотлох баримт байхгүй байх тул би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс данс хуулга, фото зураг улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас өмгөөлөгч Н.О-тай байгуулсан өмгөөллийн гэрээг гаргаж өгсөн.
5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Ж.А, Ж.Е, М.Н нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч Д.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б аймгийн Д сумаас 40 тооны бяруу авахаар амаар харилцан тохиролцож, 20,000,000 төгрөгийг хариуцагч С.Б-ы дансанд шилжүүлсэн. Гэвч бяруунуудыг авчирч буулгахад нийт 40 бяруу ирэхээс 20 тооны бяруу үхсэн байдалтай ирсэн. Иймд үхсэн 20 бярууны үнэ болох 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
8. Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Би тус 60 тооны бяруунаас жолооч үхэж магадгүй ачихгүй гэсэн 2 бярууг нь авч үлдсэн ба үлдсэн 58 тооны бярууг ачиж өгч явуулсан. Миний буруутай ажиллагааны улмаас бяруу үхээгүй мөн хэдэн тооны бяруу үхсэн талаар Д.Г өөрөө хэлж байгаа болохоос өөр нотлох баримт байхгүй байх тул би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1. Хэрэгт буй баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дугаар зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан байна.
Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.
9.2. Гэрээгээр, хариуцагч С.Бахытраймхан нь даалгавар өгөгч Д.Г -т Б аймгийн Д сумаас 40 тооны бяруу авахаар амаар харилцан тохиролцсоны дагуу цуглуулж, бяруунуудыг Ө аймгийн З-Улаан суманд хүргэхийг харилцан тохиролцсон нь тогтоогджээ.
9.3. Түүнчлэн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Г нь 20,000,000 /хорин сая/ төгрөгийг С.Б-ы дансанд шилжүүлсэн байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.
9.4. Зохигчийн хооронд байгуулагдсан даалгаврын гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах, гэрээг цуцлах эрхтэй юм.
9.5. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.3 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэгч даалгаврыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэснээр хариуцагч С.Б нь гэрээний дагуу нэхэмжлэгчийн зардлаар тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн байна.
Уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан байна гэж үзлээ.
9.6. Хариуцагч С.Б нь ... нийт 60-н тооны бярууг Ө аймаг руу ачуулахаар Б зар мэдээ фейсбуук групп дээр зар оруулсан. Зар оруулахад над руу ******** дугаараас ******** дугаар луу залгаарай гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь би ******** дугаар луу хот руу ачаа ачих гэж байна уу, надад 60-н тооны бяруу байна энэ бяруунуудыг Ө аймаг руу ачуулах гэсэн юм, би Д сумаас ярьж байна гэхэд том машины жолооч Ч.Е ачаа ачна. 60-н тооны бярууг ачиж явъя гэж тохиролцсон. Жолооч Ж.Е надаас 2,000,000 төгрөгийн урьдчилгаа авна гэсэн. тэгэхээр нь би 2,000,000 төгрөгийн урьдчилгааг өгсөн. Ж.Е манай суманд ирсэн. Ж.Е-г манай хашаанд ирэхэд манай хашаанд 60-н тооны бяруу байсан. Жолооч Ж.Е хашаанд байсан 60-н тооны бярууг үзээд 2 бярууг нь муу байна замдаа үхэж магадгүй гээд үлдээсэн,
Ж.Е-г Д суманд ирэхэд ачааны мөнгө буюу 58-н бярууны үлдэгдэл мөнгө 2,640,000 төгрөгийг өгсөн. Ж.Е-д нийт 4,640,000 төгрөг өгсөн. Нэг тооны бярууг 80,000 төгрөгөөр ачихаар болсон тул зөрүү 400,000 төгрөгийг мөн буцаагаад шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь гэрч Ж.Е-ийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
9.7. Дээрх гэрээний дагуу хариуцагч С.Б нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар 40 тооны бярууг цуглуулж, бярууг хэлэлцэн тохиролцсоны дагуу машинд ачиж хүргүүлсэн нь хариуцагчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан гэрч Ж.Е-ийн мэдүүлгээр нотлогдох бөгөөд мөн хариуцагч С.Бахытраймханы хашаанаас том оврын машинд бяруу ачсан гэсэн гэрч М.Н-ын мэдүүлгээр үйл баримт тус тус нотлогдож байна.
10. Нэхэмжлэгч ...С.Б бяруу ачуулсан машинаа 20 км дагаж явсан гэж хэлээд бичлэг үзүүлсэн, тэр бичлэгт агааржуулагчгүй битүү машинд олон тооны үхрүүдийг чихэж ачаад явуулсанд гомдолтой, бяруунуудыг найдвартай машинд ачуулаагүй битүү машинд ачсаны улмаас бяруу үхсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас бяруу үхсэн гэж байгаа үйл баримт нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдоогүй ба нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.
Мөн Нэхэмжлэгч ...С.Б бяруу ачуулсан машинаа 20 км дагаж явсан гэж хэлээд бичлэг үзүүлсэн, тэр бичлэг С.Б-д ч байгаа гэх боловч нэхэмжлэгч болон хариуцагч нарын аль алин бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар аль нэгэн нь хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
10.1. Нэхэмжлэгч Д.Г-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, нэхэмжлэгч өөрийн шаардлагыг үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн шаардлага нотолж чадаагүй болно.
10.2. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн фото зураг болон гэрч Ж.Е-ийн мэдүүлгээр ачсан бяруунуудаас бяруу үхсэн болох нь тогтоогдож байгаа боловч хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бяруу үхсэн нөхцөл байдал нотлогдохгүй байна.
10. Иймд хариуцагчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай үйлдлээс болж бяруу үхсэн гэх үндэслэл нотлогдохгүй байх тул хариуцагч С.Б-аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох боломжгүй болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн хариуцагч С.Б-аас бярууны үнэ 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174, 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН