| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00454/И |
| Дугаар | 130/ШШ2024/00605 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2024/00605
| 2024 06 19 | 130/ШШ2024/00605 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт Х.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын * дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.Г/-т
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө 532,241 /таван зуун гучин хоёр мянга хоёр зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.М
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Б аймгийн Б сумын 2 дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.Г/-т холбогдуулан Ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө 532,241 /таван зуун гучин хоёр мянга хоёр зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Х.М нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Б аймгийн Б сумын 2 дугаар хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилд томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан. Гэтэл Б аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн харилцааг цуцалсан боловч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэснийг мөн Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар хавсралт 2.8 дугаар зүйлд “Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтанд ажилласан хугацаанд нь ноогдох ээлжийн амралтын цалинг олгоно” гэж заасан байхад Б сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эхлэгч санаатайгаар хууль зөрчиж байна.
1.2. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчид ээлжийн амралтын мөнгө гаргаж өгөх тухай хүсэлт гаргасан боловч одоо хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй үл тоож хариу өгөөгүй. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 3 шатны шүүхэд хандсан ба сүүлийн хариу нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарсан тул Б аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандахад ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгийг олгох зүйтэй гэж шийдвэрлэсэн байгаа болно.
1.3. Иймд миний ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө 532,241 /таван зуун гучин хоёр мянга хоёр зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Б сумын 2 дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.Г/ хариу тайлбартаа: 2.1. Х.М нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажилласан хугацаанд удаа дараа сахилгын зөрчил гаргаж, ажил үүргээ биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан. Тэрээр 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг хугацаандаа Аудитын газарт гаргаж өгөөгүйн улмаас аймгийн Төрийн аудитын газрын X.М-г ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах албан шаардлагын дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан болно.
2.2. 2023 оны 12 дугаар сард Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас хийсэн санхүүгийн хяналт шалгалтаар 2022 онд цалин хөлсийг 936,075 төгрөгөөр, хоол хүнсийг 394,600 төгрөгөөр илүү олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн нь тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан X.М-н буруутай үйлдлээс болж манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан.
2.3. Иймд Х.М-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай тушаалын хуулбар, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дугаартай тогтоол, амралтын мөнгийг бодсон тооцоолол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас Б аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/157 дугаартай тушаал, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2023/00562 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2023/00122 дугаартай магадлал, Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/21 дугаартай албан шаардлага, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/29 дугаартай акт, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/30 дугаартай акт, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31 дугаартай акт, Б аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/09 дугаартай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч Х.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Х.М нь Б аймгийн Б сумын Хүүхдийн * дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Би чөлөөлөгдөх хүртэлх ногдох ээлжийн амралтын мөнгөө аваагүй байсан тул үүнийг нэхэмжилж байна. Иймд миний ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө 532,241 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
7. Хариуцагч Б аймгийн Б сумын 2 дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.Г/ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Аймгийн Төрийн аудитын газрын X.М-г ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах албан шаардлагын дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан болно. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан X.М-н буруутай үйлдлээс болж манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1. Хариуцагч Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... Х.М нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажилласан хугацаанд удаа дараа сахилгын зөрчил гаргаж, ажил үүргээ биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан. Тэрээр 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг хугацаандаа Аудитын газарт гаргаж өгөөгүйн улмаас аймгийн Төрийн аудитын газрын X.М-г ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах албан шаардлагын дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан болно. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан X.М-н буруутай үйлдлээс болж манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргаж байгаа боловч дээрх үйл баримтын талаар шүүхээс шийдвэр гарсан байх ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
8.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.
8.3. Хариуцагч Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
9. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.М нь Б аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/08 дугаартай “ Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай “Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 дугаартай “Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай “Х.М-г ажлаас чөлөөлөх тухай “ тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00562 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Х.М нь эс зөвшөөрч Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2023/00122 дугаартай магадлалаар Х.М-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х.М нь хяналтын гомдол гаргаснаар 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00061 дугаартай Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
9.1. Нэхэмжлэгч Х.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахад 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр ... “Х.М-г ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгийг олгох зүйтэй гэж шийдвэрлэсэн” байна.
9.2. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/09 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалаар багш, ажилчдын ээлжийн амралтын хуваарийг баталсан байх ба уг тушаалын хавсралтаар нэхэмжлэгч Х.М /нягтлан бодогч/ нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ний өдөр хүртэл амралт ноогдох хоног 21 гэж баталж байсан байна.
10. Хавтаст хэрэгт зохигч нарын гаргаж өгсөн нотлох баримтаар, мөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Х.М нь Б сумын 2 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байгаад үүрэгт ажлаас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр чөлөөлөгдсөн болох нь нотлогдох ба дээрх хугацаанд буюу 2023 оны ээлжийн амралтаа эдэлж чадаагүй, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж олгох ёстой бөгөөд ажил олгогч ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж олгоогүйн учир дутагдалтай болсон байна.
10.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж хуульчилсан байна.
10.2. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дугаартай “журам батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын хавсралтаар “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ыг хавсралтыг үндэслэн нэхэмжлэгч Х.М-ийн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгийг тооцох нь зүйтэй байна.
10.3. Нэхэмжлэгч Х.М нь 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 03 сар хүртэл нийт цалин 5,845,528 төгрөг, дундаж өдрийн цалин 41,754.49 төгрөг /5,845,528:140=41,754,49/, амралтын эдлэх хоног 22 хоног, ажлын нэг өдөрт ногдох ээлжийн амралтын хугацаа 0,087 /140хоног х 0,087=12.18 хоног/, ээлжийн амралтын цалин 508,569.68 /41,754.49 х 12.18 = 508,569.68 /төгрөг байна.
11. Иймд нэхэмжлэгч Х.М-ийн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө 508,569 төгрөгийг хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгээс гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, илүү нэхэмжилсэн 23672 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч хуваарилан хариуцуулна гэжээ.
12.1. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 532,241 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжид 16,617 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн төлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох 15,907 төгрөгийг хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгээс нэхэмжлэгч Х.М-ийн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө 508,569 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 23,672 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Х.М-ээс 16,617 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 15,907 төгрөгийг хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН