Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 480

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхням,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А овогт Аийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 170 801 352 0177 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Аийн С, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 18 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.С нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын гудамжинд иргэн Б.Ог зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хичээл тараад харих гээд ангийнхаа А, Б, О нартай хамт явж байхад манай найз залуу А.С над руу залгасан. Тэгэхээр нь би утсаа аваагүй ...над руу 8 удаа залгасан. Тэгээд 8 дахь удаагаа залгахаар нь би утсаа авсан чинь А.С намайг хаана байгаа юм гэхээр нь сургуулийнхаа саадны энд 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр байна гэж хэлсэн. Удалгүй С намайг Содон хорооллын автобусны буудлын хажууд байдаг сагсан бөмбөгийн талбайн орчимд явж байхад хүрээд ирсэн. Тэгээд ирээд утсаа өгч бай гэхээр нь би утсаа өгсөн чинь миний утсыг газар шидээд эвдэлчихсэн... намайг таксинд чирээд суулгаад ...зодсон. Тэгээд би уг таксины жолоочоос “ахаа та болиулаад өгөөч” гэхэд уг жолооч “та хоёрын асуудал, надад ямар хамаатай юм, би ажлаа хийж байна” гэж хэлсэн. Тэгээд миний хамарнаас цус гарсан чинь тэр жолооч Сыг “ахын дүү одоо боль, шалавчин дээр битгий цус дусаагаад бай, та хоёр буу” гээд ..Хайлааст руу давдаг дээр очоод Сансар гэсэн нэртэй гудамжинд С бид хоёр буусан. Тэгээд С надад дэлгүүрээс ус аваад өгье гээд дэлгүүр орохоор нь би яваад өгсөн юм. Тэгээд манай ээж, аав хоёр манай ангийн 3 хүүхдийн хамт ирсэн... А.С гараараа миний баруун нүд рүү 2 удаа цохисон... Тухайн үед миний нүдэн дотор цус хурсан, хамар хавдсан байсан, одоо зүгээр болсон... Натур эмнэлэгт үзүүлсэн компьютер томографийн үнэ 120.000 төгрөг, гар утас эвдэлсэн, уг утсыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 250.000 төгрөгөөр авч байсан, “I phone-5” гэдэг утас. Нийт 370.000 төгрөгийг буруутай хүнээс гаргуулан авчихвал өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

2. Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 14 цаг 10 минутын үед манай сургууль тарсан. ...Огийн найз залуу А.С нь машинаас бууж ирээд Б.Ог утсаа өгч бай гээд авчихаад газар руу саваад шидчихсэн. Тэгээд Б.Ог утсаа ав, машин суу гээд байсан. ...Б.О руу Сыг залгахад ...утсаа сонсоогүйгээс болоод А.С ирээд Б.О тэр хоёр хоорондоо маргалдсан. Бид нарын хажууд байхдаа Б.Ог А.С зодоогүй. Харин хүчээр машинд суулгаж авч явсан... дараа нь би Огийн аав, ээж хоёртой Огийн байгаа газар очиход түүний баруун талын нүд хавдаад хөхөрчихсөн, хамар нь хавдчихсан, өмсөж явсан цамцных нь зүүн ханцуй цус болчихсон байсан. Бас цүнхнийх нь урд тал нь нил цус болчихсон байсан. Таксинд явж байхдаа А.С өөрийг нь ...зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

3. Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хичээл тараад О, А, О бид дөрөв сургуулиасаа явж байхад С такситай гараад ирсэн. Тэгээд Ог С утсаа аваад ир гээд аймар ууртай хэлэхэд О утсаа өгөхөд би чам руу хэд залгасан байна... гээд утсыг нь шидсэн. Тэгээд С Ог... таксинд суулгаад явах гэхээр нь таксины жолооч ахаас битгий яваач гэхэд жолооч нь юу ч хэлэхгүй яваад өгсөн. Тэгээд ...Мөнх-Эрдэнэ багшаас Огийн ээжийн дугаарыг нь аваад... болсон явдлыг хэлэхэд одоо очлоо гэж хэлсэн... Тэгээд Огийн аав, ээж, хоёр ирээд бид хамт байж байгаад ээж нь Отай ярихад Сансар гэсэн хаягтай гудамжинд байна гэхээр нь тэр газар нь бүгдээрээ хамт очиход О нүд рүүгээ цохиулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

4. Гэрч Т.Солонгоогийн (хохирогчийн төрсөн эх) мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байхад 14 цагийн үед над руу Б.Огийн ангийн 3 охин залгаад А.С Б.Огийн утсыг нь авч шидээд таксинд суулгаад аваад явчихлаа гэж хэлсэн. ...Б.Огийн өөрийнх нь утас руу залгахад “ээжээ намайг авраарай, А.С намайг аллаа” гэж хэлээд утсыг булаагаад авсан бололтой дуу гарахгүй хэсэг байж байгаад тасарсан. Тэгээд Б.О руу дахиад залгахад утсаа аваагүй бөгөөд би аав руу нь залгаад Б.Огийн сургууль дээр хамт ирэх замдаа цагдаад дуудлага өгсөн. ...Б.Огийн ангийнх нь хүүхэд залгахад утсаа аваад ярихаар нь би “миний охин хаана байна” гэхэд Б.О “би хаана байгаагаа мэдэхгүй байна” гэхээр нь “ойрхон хүн байвал яриулаадах” гэхэд дэлгүүрийн худалдагчтай яриулахаар нь хаана байгааг нь асуухад “Баянхошуунаас Хайлааст руу давдаг шороон зам дээр” байна гээд аавд нь хаягаа зааж өгсөн. ...очиход б.О нүд нь хөх эрээн болсон, хувцас нь цус болсон байсан. ...А.С чинь хаана байна гэхэд зугтаасан гэж хэлсэн... Баруун талын нүд нь цус хурсан, гадна тал нь хөхөрсөн байсан, өөр гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 11364 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхины эргэн тойронд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хаван хавдартай. Доод уруулын баруун дотор хэсэгт 0.6х0.2см, 0.5х0.2см хүрэн шаргал өнгийн язралттай, бага зэрэг хаван хавдартай. Хамрын нуруунд тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй... ДҮГНЭЛТ:

1. Б.Огийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26, 27),

6. Шүүгдэгч А.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр би ажлаа хийж байгаад ажлынхаа заваар ...үед үерхэж байсан найз охин болох Б.Огийн утас руу залгасан. ...утсаа авахгүй таслаад байсан. Нэг удаа утсаа авахаар нь “яагаад утсаа авахгүй байгаа юм” гэтэл “сааданд сууж байна” гэсэн. Юу хийж байгаа юм гэхэд “юу ч хийгээгүй, юу ч хийсэн чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгэхээр нь такси барьж ...62 дугаар сургуулийн орчимд байран дунд хайж олоод очсон. Би тухайн үед уурлаад яагаад утсаа авахгүй байгаа юм гээд гар утсыг нь эвдсэн. ...Таксинд ...суулгаж ...явж байхдаа нүүрэн тус газарт нь 2 удаа алгадсан. Тэр үед О ээжтэйгээ ярьж “С намайг зодоод байна” гэж хэлсэн. Би Б.Од “ээжийн чинь ажил руу очино” гэхэд “ийм нүүртэй яаж явах вэ дээ” гэсэн. Тэгвэл гэр рүү чинь явъя гээд явсан. Тэгээд Баянхошууны 112-ын автобусны буудал буюу Хөтөл хавьцаа гэр хорооллын гудамжинд бууж Б.Огийн хамарнаас гарсан цусыг ...ус авч угааж өгсөн. Б.О ээжтэйгээ мэдэхгүй газар байна гэж ярьж байсан. О надад “ээж, аав хоёр цагдаа дагуулаад ирж байна, чи одоо яв” гэхээр нь би өмсөж байсан цамцаа цусаа арчаарай гээд түүнд үлдээгээд явсан юм... Архи уучихсан байгаа юм уу гэхэд уугаагүй, уусан ч ямар хамаатай юм гэхээр нь хардаад, хардсанаасаа болоод алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78),

7. Арван найман насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 30), төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 31), хохирлын баримт (хавтаст хэргийн 69),

- Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 81-83), иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 38), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 39-43, 57, 58), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 42, 44-54), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 88) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав: Шүүхээс шүүгдэгч А.Сд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.С нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошууны  Сансарын гудамжинд, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд, “утсаа авсангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Отай маргалдан түүний нүүрэн тус газар нь алгадах, цохих зэргээр зодож, шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь;

-Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр.. А.С гараараа миний баруун нүд рүү 2 удаа цохисон... Тухайн үед миний нүдэн дотор цус хурсан, хамар хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

- Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ...Отай ярихад Сансар гэсэн хаягтай гудамжинд байна гэхээр нь тэр газар нь бүгдээрээ хамт очиход О нүд рүүгээ цохиулсан... байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

- Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ...Б.Огийн баруун талын нүд хавдаад хөхөрчихсөн, хамар нь хавдчихсан, өмсөж явсан цамцных нь зүүн ханцуй цус болчихсон байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Гэрч Т.Солонгоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ...Б.Огийн өөрийнх нь утас руу залгахад “ээжээ намайг авраарай, А.С намайг аллаа” гэж хэлээд ...тасарсан. ..очиход Б.О нүд нь хөх эрээн болсон, хувцас нь цус болсон байсан. ...Баруун талын нүд нь цус хурсан, гадна тал нь хөхөрсөн байсан, өөр гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 11364 дугаар шинжээчийн дүгнэлтэнд...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26),

- Шүүгдэгч А.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “... Ог таксинд ...суулгаж ...явж байхдаа нүүрэн тус газарт нь 2 удаа алгадсан. ...Б.Огийн хамарнаас гарсан цусыг арчих гээд....би өмсөж байсан цамцаа цусаа арч гээд...түүнд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан дээрх баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.С нь Б.Ог зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсанаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсаныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт  гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.С нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой хэмжээний орлого олдог болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагч гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч торгуулын ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 170 801 352 0177 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А овогт Аийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, арван найман насанд хүрээгүй хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ