Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М ХХК,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч О.А*******ад холбогдох барааны тэмдэг эзэмшигчийн эрхийн зөрчилтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х, гомдол гаргагчийн төлөөлөгч Д.Б, хариуцагч О.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Оюуны өмчийн газрын дарга Э.Э 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/132 тоот тушаалаар G******* барааны тэмдгийг улсын бүртгэлийн 40-0020286 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн анхдагч огноотойгоор 2029 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 10 жилийн хугацаатайгаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч Х.О*******т гэрчилгээ олгосон байна. [1]

2.2 Гомдол гаргагч М ХХК-ийн төлөөлөгч Д.Б нь Д.Г / Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал/-тай 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шингэн, хуурай савлагч, компрессор, шил бутлагч зэргийг худалдан авч Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.[2]

2.3 Иргэн Х.О*******ээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Оюуны өмчийн газарт өөрийн эзэмшлийн G******* барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан талаарх гомдлыг гаргасан байна.[3]

2.4 Уг гомдол, мэдээллийн дагуу Оюуны өмчийн газрын, Хяналт шалгалтын газрын улсын байцаагч О.А******* нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2302000362 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж[4], М ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан байна.

2.5 Тус хяналт, шалгалтаар М ХХК-ийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж үзэж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн М ХХК-д 3,000.000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ. [5]

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Гомдол гаргагчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цар тахлын үеэр Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г холбогдож манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул хуурай савлагч, шингэн савлагч зэрэг тоног төхөөрөмж худалдаж авах уу? гэх санал тавьсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авсны дараа тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ггаас тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, түүнчлэн туршилт хэрхэн хийх талаар тодруулахад тоног төхөөрөмжтэй хамт ашиглаж байсан туршилтын рулоныг явуулсан бөгөөд тус рулоныг ашиглан туршилт хийж болно гэсэн хариу өгсөн юм. Үүний дараа тухайн тоног төхөөрөмжийг ашиглан туршилтаар 100 ширхэг орчим хуруу шүүс хийсэн. Туршилтын явцад гаргаж авсан 100 ширхэг орчим хуруу шүүсийг ажилчдадаа тарааж өгсөн бөгөөд М ХХК-ийн албан ёсны цахим хаягт тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр болсон талаарх мэдээллийг хуваалцах тухай ажилчдадаа мэдээлсэн юм. Дархан-Уул аймгийн намрын үзэсгэлэн худалдаанд оролцож явсан манай компанийн борлуулалтын ажилтны хэрэглэж байсан хуруу шүүсийг нэгэн худалдан авагч худалдан авах санал тавьсны дагуу худалдсан байна. Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г компанийн лого, сав баглаа, түүнчлэн худалдаж буй тоног төхөөрөмж манай компанийн өмч бөгөөд тухайн логог компанийн дүрэмдээ баталгаажуулсан ба та тухайн рулоныг хэрэглэж, туршилт хийж болно гэсэн юм. Харин Х.О******* нь тухайн G******* барааны тэмдгийг Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байх бөгөөд барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглан, бараа бүтээгдэхүүнийг худалдаалсан гэх гомдлыг гаргаснаар маргаан үүссэн болно. М ХХК-ийн хувьд тухайн тоног төхөөрөмжийг ашиглаж ашиг, орлого олоогүй юм гэжээ.

3.2. Хариуцагч улсын байцаагч О.А******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Х.О*******ээс Оюуны өмчийн газарт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшилд байдаг G******* барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа талаарх гомдлыг ирүүлсэн. Гомдол, мэдээллийн дагуу Нийслэлийн прокурорын хянат дор 2302000362 дугаартай зөрчлийн хэрэг нээж М ХХК-ийг холбогдуулан шалгасан юм. Тус хяналт, шалгалтаар М ХХК-ийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол, 13.1.2-д Барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол, 13.1.4-д Барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно гэж заасан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлэг, холбогдох баримтууд, гэрчийн мэдүүлэг, цахим орчинд хийсэн үзлэг зэрээр дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулсан юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол гаргагчийн төлөөлөгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагч М ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

2. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, 12.3-д Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ, ...12.3.2.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах; 12.3.4 Бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах гэж барааны тэмдэг эзэмшигчийн эдлэх онцгой эрхийг хуульчилж өгчээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/132 тоот тушаалаар G******* барааны тэмдгийн гэрчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн анхдагч огноотойгоор, 10 жилийн хугацаатайгаар Х.О*******т олгосон.

4. Х.О******* нь барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийнхээ хүрээнд М ХХК нь G******* барааны тэмдэгтийг ашиглан хэрэглэгчийг төөрөлдүүлэн ашиг орлого олж байгааг таслан зогсоолгох агуулга бүхий гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Оюуны өмчийн газарт гаргаснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

5. Зөрчилд холбогдогч М ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу Д.Ггаас тоног төхөөрөмж худалдан авч дагалдан ирсэн рулон /барааны тэмдэг бүхий уут/-ыг ашиглаж туршилт хийн 100 ш орчим хуруу шүүс хийсэн, худалдаанд гаргаагүй гэж маргах боловч зөрчлийн хэрэгт авагдсан М ХХК-ийн фэйсбүүк хуудсанд хийсэн үзлэг[6], гэрч О.С******* ...Дархан-Уул аймагт намрын үзэсгэлэн худалдааны үеэр худалдаж авсан... тухай мэдүүлэг[7] зэргээр М ХХК нь G******* барааны тэмдэг бүхий савлагаатай жимсний шүүсийг худалдаанд гаргасан нь нотлогджээ.

6. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно: 13.1.1.Барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол, 13.1.2.барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол; гэж заасан бөгөөд М ХХК нь дээрх байдлаар барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаснаар барааны тэмдгийг хэрэглэсэн, ашигласанд тооцохоор байна.

7. Иймд М ХХК нь барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барааны тэмдгийг ашиглаж, барааны тэмдэг эзэмшигчийн хуулиар олгосон онцгой эрхийг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

8. Гомдол гаргагчаас ...Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г компанийн лого, сав баглаа, түүнчлэн худалдаж буй тоног төхөөрөмж манай компанийн өмч бөгөөд тухайн логог компанийн дүрэмдээ баталгаажуулсан ба та тухайн рулоныг хэрэглэж, туршилт хийж болно гэсэн юм. Харин Х.О******* нь тухайн G******* барааны тэмдгийг Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байх бөгөөд барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглан, бараа бүтээгдэхүүнийг худалдаалсан гэх гомдлыг гаргаснаар маргаан үүссэн болно... гэж марган Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ/2022/28923 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/00761 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гаргасан.

9. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ/2022/28923 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар ... G******* барааны тэмдэгтийн гэрчилгээ ...-г бусдад барьцаалах, худалдах, шилжүүлэх зэрэг тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагч Х.О*******т даалгасугай гэжээ.

10. Үүнээс үзэхэд барааны тэмдэг эзэмшигчийн Бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрх-ийг гүйцэтгэхгүй байхыг даалгасан агуулгагүй байна.

11. Түүнчлэн хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь publish.ipom.mn аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн санд үзлэг /хх-62-64 тал/ хийхэд G******* барааны тэмдэг нь Х.О*******ийн эзэмшилд бүртгэгдсэн, 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй байдлаар харагдаж байжээ.

12. Эдгээр баримтуудаас нэгтгэн дүгнэхэд, зөрчил болон маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гарах цаг хугацаанд Х.О*******ийн барааны тэмдэг эзэмших эрх нь дуусгавар болоогүй байсан тул гомдол гаргагч аж ахуйн нэгж нь тухайн барааны тэмдэг бүхий уутыг ашиглахдаа эрх эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй нь эрх эзэмшигчийн эрхийг зөрчсөн зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.3.2, 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч М ХХК-ийн гаргасан Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй