Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1517

 

 

 

Э.Лт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Э.Эийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга,

шүүгдэгч Э.Л, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1812 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Лын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2003004030319 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

                                                                                   

Шүүгдэгч Э.Л нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг 55 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орос оршуулгын газрын хойд замд “Төрийн банк” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 00-00УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан... явган хүн зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 29 настай, эрэгтэй Э.Эийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Лыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Лт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Лт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Л болон иргэний хариуцагч Ц.Ү нараас 9.253.794 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Э.Эд олгож, хохирогч Э.Э нь гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа хохирогчийн эрүүл мэндийн байдлыг тогтоох талаар шинжээч томилсон боловч тус ажиллагаанд бүрэн гүйцэд оролцож чадаагүй. Учир нь өнөөдрийг хүртэл хүндэвтэр гэмтэл нь эргэлзээтэй байгаа хохирогчийн гэмтлийг анхнаасаа хөнгөн зэргийн гэмтэл гэж үзэж байсан атлаа гэнэт хүндэвтэр гэмтэл болсон байгаад маш их гомдолтой байна. Хохирогч Э.Эд миний зүгээс эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулаагүй, анхны үзлэгээр хөнгөн гарсан байгаа бөгөөд ямар учраас хүндэрсэн гэмтэл болоод байгааг ойлгохгүй байна.

Э.Э нь эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлэгт үзүүлж байсан талаар ямар ч нотлох баримтгүй байхад шинжээчид нь шинжлэх ухааны үндэслэлтэй гэмтлийн зэрэг гараагүй гэж үзэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байна.

Тус шүүх хуралдаанд хохирогч Э.Э нь Т.Мөнхцэцэг, Ш.Бадмаараг гэсэн өмгөөлөгчидтэй оролцож байхад намайг өмгөөлөгчөөр хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өнөөдрийг хүртэл өмгөөлөгчөөр хангагдаагүй тус шүүх хуралдаанд мэргэжлийн түвшинд мэтгэлцэж оролцож чадаагүй гэж үзэж хэт нэг талыг баримталсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.Лын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Шууд болон шууд бус хохирлыг тооцон хуулийг алдаатай хэрэглэсэн. Хавтас хэргийн 23 дугаар хуудас, 32 дугаар хуудас, 34 дүгээр хуудас, 39 дүгээр хуудсуудад хохирогч Энхтөр хохирлын баримтууд гаргаж өгсөн байдаг. Эдгээр баримтууд Энхтөр гэсэн нэртэй биш. Өөрөөр хэлбэл нэг бүрчлэн тооцвол 1,247,530 төгрөгийн баримт Энхтөрийн баримт биш хэн нэгэн хүний баримтыг оруулаад дүгнэсэн байдаг. Энхтөрийн бодит хохирлыг тооцож үзэхэд 1,953,000 төгрөг гарах байсан. Гэтэл анхан шатны шүүх 3,190,530 төгрөг гэж тооцож, шүүгдэгч Э.Лаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зардлыг Энхтөр хохирол гэж нэхэмжилсэн. Шууд бус хохирол тул хангах үндэслэлгүй байсан. Мөн Энхтөр гэх хүний нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, эмнэлэгт хэвтсэн гэх баримт байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад Энхтөр 12 хоног л эмнэлэгт хэвтсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Э.Лаас 4.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Энхтөр нь эхнэр Дуламсүрэнгийнхээ ажилгүй байх хугацааны цалинг буюу өөрийг нь асарсан хугацааны мөнгийг нэхэмжилсэн. 12 хоног эмнэлэгт хэвтсэн хүнийг асрах шаардлага байхгүй. Асаргаа шаардлагатай байсан байлаа гэхэд асаргаа шаардлагатай гэх эмнэлгийн магадлагаа байх шаардлагатай. Мөн эхнэр, нөхөр гэдгийг нь гэрчлэх баримт хавтас хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хангаад шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлгүй. Бидний төлөх шууд хохирол 1,953,000 төгрөг байгаа. Иймд гэм хорын хохирлыг үнэн бодитоор тогтоож өгнө үү” гэв.

 

Хохирогч Э.Эийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэдэг дээр санал нийлэхгүй байна. Учир нь 3 удаагийн дүгнэлт гарсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг яагаад өөрчлөгдсөн талаар тодорхой дурдсан байдаг. Тухайн үед MRI шинжилгээний хариу ирээгүй байсан учраас урьд нь өөр дүгнэлт гарсан. MRI шинжилгээний хариу ирсэн учраас гэмтлийн зэрэг хүндэвтэр гарсан гээд дүгнэсэн. Өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж гомдол гаргасан байна. Уг хэрэг 2020 оны 7 дугаар сард болсон. Анхан шатны шүүх хурал 2020 оны 10 сард болсон. 3 сарын хугацаанд шүүгдэгч өмгөөлөгч авах эрхтэй байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчээс “өмгөөлөгч авах уу” гэж шүүгдэгч Э.Лаас асууж байсан. Мөн прокурор ч асууж байсан. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шүүгдэгч Э.Лаас “өмгөөлөгч авахгүй, мэдүүлэг өгөхгүй” гэсэн байдаг. Хохирлын тооцоонд эмчилгээний зардал, эм, тариа, мөн ажилгүй байсан үеийн цалин орж байгаа. Хохирогч Э.Э гэмтлийн улмаас ямар нэгэн ажил хийх чадваргүй болсон учраас тухайн ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилсэн. Хоёр хөлийн өвдөгний үеэр гэмтсэн учраас явах боломжгүй байсан тул гэр бүлийн хүн нь асарсан байдаг” гэв.

 

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдааны явцад болон прокурорын шатанд шүүгдэгч Э.Л нь “өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлнө” гэж тайлбар хэлсэн байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болоод өөрийнх нь гаргасан хүсэлтээр нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан. MRI шинжилгээний хариу сүүлд гарсан учир бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Эхний хөнгөн гэмтэл гэж гарсан дүгнэлт дээр “тахилзуур ясны толгой хэсэгт хөндлөн шахагдсан зөрүүгүй хугарал” гэж байхгүй байсан. Сүүлд MRI шинжилгээгээр хугаралтай байна гэж гарсан тул гэмтэл нь хүндэвтэр гэмтэл болсон” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Л нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг 55 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орос оршуулгын газрын хойд замд “Төрийн банк” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 00-00УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан... явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 29 настай, эрэгтэй Э.Эийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Эийн “...би 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа орой 21 цагийн үед тараад гэр рүүгээ харих гээд Улсын Их дэлгүүрийн урд талын автобусны буудлаас автобусанд суугаад 1000 оюутны байрны автобусны буудал дээр буусан. Тэгээд Орос оршуулгын газрын хойд талын явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй гарцаар зам хөндлөн гарч байх үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан 00-00УНҮ улсын дугаартай “Приус-20" маркийн автомашин миний зүүн талаас мөргөөд би газар унатал тухайн автомашин намайг өнгөрөөд яваад өгсөн байсан. Тухайн машинаас 2 эрэгтэй хүн бууж ирээд “хоорондоо ярьж яваад анзаарсангүй, бие чинь гайгүй юу, эмнэлэг орох уу” гээд байж байх үед хажуугаар түргэн тусламжийн автомашин явж байсан ба түргэний эмч, жолооч хоёр бууж ирээд намайг “хөдлөхгүй шүү” гээд цагдаа 103-т дуудлага өгчих гээд тухайн намайг мөргөсөн машины жолооч дуудлага өгсөн. ...” /хх 14-17/,

гэрч Г.Алтангэрэлийн “...би 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр багын найз болох Лундаажавтай хамт 19 цагийн үед “Сандэй” худалдааны төвөөс гараад Сансарын тойргоор ертөнцийн зүүн тал руугаа Оросын оршуулгын хойд зам дээр 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тал руу чиглэлтэй явж байтал Оросын оршуулгын яг хойд талын явган хүний гарц дээр гэнэт жолоочийн баруун талаар урдаасаа хойшоо чиглэлтэй нэг хүн гүйгээд гараад ирсэн юм. Тэгээд гэнэт юм мөргөх шиг болоод бид хоёр явган хүний гарцыг өнгөрөөд машинаа зогсоочихоод “сая юу больчихов” гээд бууж очоод хартал нэг хүн газар суучихсан байсан. ...” /хх 64-66/,

шүүгдэгч Э.Лын яллагдагчаар өгсөн “...би 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр найз болох Алтангэрэлтэй хамт 21 цагийн үед “Сандэй” орж гар утас авчихаад “Цайз-16” дугаар хороолол орж хүнээс хөнжил гудас авах гээд явсан юм. Орос оршуулгын хойд замын автобусны буудлын хажуугийн явган хүний гарцны хажууд замын нэгдүгээр эгнээний боржуур дээр нэг хүн зогсож байсан, би яг гарцаар автомашинтайгаа өнгөрөх үед замын баруун талаас ертөнцийн зүгээр урд талаасаа хойшоо чиглэлтэй нэг гүйгээд миний автомашины толийг мөргөөд уначихсан. Би тухайн үед миний машины толийг мөргөсөн эсэхийг анзаараагүй. Тэгээд би явган хүний гарцыг 6-7 метр орчим өнгөрөөд авто машинаа зогсоогоод буугаад хартал авто замын голд явган хүний гарц дээр нэг хүн сууж байсан. Тэгээд би очоод тухайн хүнийг босгох гэтэл босохгүй хөл өвдөөд байна гээд байхаар нь би түргэн тусламж дуудаж тухайн хүнийг өгч явуулсан. Тэгээд цагдаагийн байгууллага дуудаад удалгүй бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Би ослын улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй.” /хх 112-113/ гэх мэдүүлгүүд,

“Э.Эийн биед зүүн тахилзуур ясны толгой хэсэгт хөндлөн шахагдсан, зөрөөгүй хугарал, шаант ясны дээд булууны гадна хэсэгт ясны эдийн голомтлог няцрал, баруун өвдөгний үений урд чагтан холбоосын суналт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, зүүн хөлийн тавхайд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Зүүн тахилзуур ясны толгой хэсэгт хөндлөн шархадсан, зөрөөгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1004 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 87-90/,

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 10-11/, хохирлын баримтууд /хх 22-39/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Лыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан... явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Э.Лыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч Э.Эийг автомашины толиор мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Лын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд  эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1004 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 87-90/-ээр хохирогч Э.Эийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтад “2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8030 дугаартай шинжээчийн дүгнэлтэд баруун, зүүн өвдөгний MRI шинжилгээний хариу тусгагдаагүй учир 8030 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна” гэж дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Л нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орж, өөрийгөө өмгөөлнө” гэсэн хүсэлт /хх 151/, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч нь “өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” /хх 159/ гэсэн тайлбар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ талаар гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Харин шүүх, гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эд учирсан хохиролд түүний нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хохирогч болон түүний хамтран амьдрагч нар хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй байхад цалин хөлс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хохирогч нь  өмгөөлөгчтэй харилцан тохиролцож, эрх ашгаа хамгаалуулахаар гэрээ байгуулсан тул өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. 

Иймд хохирогч Э.Эийн нэхэмжилсэн 9.253.304 төгрөгөөс шүүгдэгч Э.Лын төлсөн 270.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, хохирогчийн цалин болон асаргааны зардалыг хасаж нийт 3.092.980 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Түүнчлэн шүүх шүүгдэгч Э.Лыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцож алдаа гаргасан тул өөрчлөлт оруулав.

 

Магадлалд дурдсан дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Лын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1812 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Харчин овгийн Эрдэнэбаярын Лундаажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний...” гэснийг “Харчин овгийн Эрдэнэбаярын Лундаажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний...” гэж,

6 дахь заалтад “...Э.Л болон иргэний хариуцагч Ц.Ү нараас 9.253.794 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Э.Эд олгож...” гэснийг “...Э.Л болон иргэний хариуцагч Ц.Ү нараас 3.092.980 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Э.Эд олгож...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Лын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                        

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ