| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05213/И |
| Дугаар | 102/ШШ2024/04026 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/04026
2024 оны 08 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2024/04026 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...........,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .............,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........., хариуцагч ......... нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ..........шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие ........тэй 2009 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарсан. Бидний охин ......... 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Охин төрөхөд бид Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2019 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин..... нь .......-д энэ жил 3 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин ......д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Би хадам ээж, аавдаа баярладаг. Салснаасаа хойш .... огт холбоо тогтоогоогүй...гэв.
2. Хариуцагч ........шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд......тай танилцаж, 2016 онд охин ...... төрсөн. Гэр бүлийн харилцаанаас болж бид салсан. Хүүхдэд тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хандсан байна. Татгалзах зүйлгүй. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, шаардаж буй мөнгөн тэтгэмжийг өөрийн зүгээс хүлээн зөвшөөрсөн. Ямар нэгэн хэрүүл маргаангүй шийдвэрлүүлэх нь зүй зохистой гэж бодож байна. Сургалтын төлбөрийг төлөх боломжгүй байна. Өөрөө амьдралтай, тогтсон ажилгүй, өр зээлтэй байгаа. Тэтгэмжийг төлнө...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-5/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6/, ......ийн тодорхойлолт /хх-7/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч ......... хариу тайлбараа бичгээр гаргаж, шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ...........ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. ........ нь ...........т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
3.1. ........ нар 2009 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр 2015 оноос хамтран амьдарсан ба 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр охин .......г төрүүлж, эцэг .......р овоглон, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
3.2. Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч, энэ үеэс охин ........ нь эхийн асрамжид эрүүл өсөн бойжиж, ерөнхий боловсрол эзэмшиж байгаа болох нь эмчийн болон сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн .......дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдсон.
4. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ... эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу зохигчид охин .......г эцэг .........өөр овоглож улсын бүртгэлд бүртгүүлэн, захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй.
5. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагчаар охин ......нг тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
6. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцож гэрээ байгуулаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар... 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр...” гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож, ......г эцэг .........р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ........ нарын дундаас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин .......г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ......р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА