Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03330

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03330 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан цамхаг өөрийн байранд байрлах Х ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.М ыг эрэн сурвалжлуулах тухай  хүлээн авч хянаад

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч В.М нь Х ХК-ийн Ард тооцооны төвтэй 2017-10-13-ны өдөр №ЗГ201743258128 тоот Зээлийн гэрээ /Хэрэглээний зээл, малчны зээл/, №201743258128 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд Цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2024/10186 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.М хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П ургийн овогт В ийн М /РД:***********/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү, гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2024.05.14-ний өдрийн 181/ШЗ2024/10186 дугаартай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.06.30-ны өдрийн 01/3526 дугаартай итгэмжлэл, 2024.05.10-ны өдрийн 29/2757 дугаартай итгэмжлэл, 2024.07.04-ний өдрийн 34/4092 дугаартай итгэмжлэл, 2017.10.13-ны өдрийн ЗГ201743258128 тоот зээлийн гэрээ, 2017.10.13-ны өдрийн 201743258128 тоот барьцааны гэрээ, зээлийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, Хаан даатгалын тодорхойлолт, В.М ын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Х ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд В.М ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.М хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П ургийн овогт В ийн М /РД:********/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү, гэжээ.

 

Хүсэлт гаргагч Х ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.М ыг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

 

В.М нь  Х ХК-тай 2017.10.13-ны өдрийн ЗГ201743258128 тоот зээлийн гэрээ, 2017.10.13-ны өдрийн 201743258128 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

 

Х ХК нь В.М д холбогдуулан 37,405,322 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

В.М нь Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Сэлх ***-р гудамж, *** тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2024/10186 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

В.М ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В ийн М /РД:**********/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох В.М ыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА