| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05099/И |
| Дугаар | 102/ШШ2024/04031 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/04031
2024 оны 08 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2024/04031 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ...........,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...........,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,227,307 /нэг сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун долоон/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагч Б.Мөнхтогтох нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
......... нь ..........-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 140000010765 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба уг гэрээний үндсэн дээр 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшиж байсан Мобиком үүрэн телефоны ......дугаараас мессэж илгээн 500,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. “........ББСБ” ХХК-ийн зүгээс зээлийг төлж барагдуулах анхааруулах хуудас, шүүхэд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж байсан ба 2023 оны 12 дугаар сард зээлдэгчийн одоогийн ашиглаж буй 86116789 дугаарын утсаар холбоо тогтооход “ирж уулзана, төлбөрийг төлнө” гэж хугацаа тохирсон боловч тодорхой арга хэмжээ аваагүй. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн, хүү тооцолтыг зогсоосон бөгөөд мөн өдрөөр Б......... үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 608,322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,985 төгрөг, нийт 1,227,307 төгрөг байна. “........ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт Б..........1,227,307 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
“......ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгчийн ашигласан хугацаагаар тооцож зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 1276 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон байна. 2023 оны 11 дүгээр сард хариуцагчтай утсаар ярьсан ба үүнээс өмнө утсаар мэдэгдэх, анхааруулах хуудас өгсөн гэж “.....ББСБ” ХХК-иас тайлбарладаг. Харин хэзээ мэдэгдсэн талаар тодорхой баримт авч ирээгүй байна. Б.......... байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээл хүүтэй, хугацаа хэтэрвэл хариуцлага хүлээх зохицуулалтыг оруулсан. 500,000 төгрөгийг сарын 2,9 хувь буюу нэг өдрийн 476.71 төгрөгийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийг ашигласан хугацаанд тооцож хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагчийн одоо ашиглаж буй 86116789 дугаарыг 2023 оны 11 дүгээр сард “Хур” дан системээр лавлагаа авч мэдсэн...гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.......миний бие нь “.......ББСБ” ХХК-иас өөрийн дугаар болох ...... дугаар дээр барьцаалж 500,000 төгрөг авсан нь үнэн. Гэтэл миний бие гадаад яваад 4 сард гэнэт дугаар луугаа залгаж үзтэл нэг настай эмэгтэй хүн аваад “манай хүү Мобид ажилдаг, намайг түр барьж бай гэсэн юмаа” гээд таслаад, тэр чигтээ алга болсон. Гэтэл би тэр дугаарыг тухайн үедээ боломжийн үнээр худалдан авч байсан. Надтай нэг ч холбогдоогүй байж худал мэдэгдэл бичсэн байна. Харин би өөрөө хөөцөлдөж байж холбогдсон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бас би ямарваа нэгэн үйлчилгээнд хамрагдах гэтэл Төв банкны хар дансанд оруулсан байна. Би гомдолтой, бас өөрийн ......дугаараа буцааж авах, хар жагсаалтаас гаргуулж өгөхийг шаардаж байна. 2019-2022 оны үед миний эхнэрийн болон эгчийн дугаар ажиллаж байхад холбогдоогүй. Иймд “.....ББСБ” ХХК-ийг зээлийн хүү авах зорилгоор л мэдэгдээгүй гэж бодож байна. Миний эгч болон эхнэр рүү ярих боломжтой байсан. Хэрвээ хэлсэн бол Солонгос улсад хүний боол хийж байгаад ч гэсэн 2-3 хоногийн цалингаараа төлчих боломжтой байсан. 3 жилийн хугацаанд хүүний мөнгийг хүлээгээд л байж байсан байна. Зээл авсан нь үнэн. Найзын дүү виз мэдүүлэхэд яаралтай хэрэг болоод байна гэсэн учраас авч өгсөн. Тэгээд буцаагаад төлсөн гэж ойлгож байсан. Энэ олон жил болоход надтай нэг ч удаа холбоо бариагүй. Би өөрөө холбогдож, хаана очиж уулзах вэ гэж асуухад хаягаа хэлээгүй, би өөрөө хайж явсан. Би дунд нь хэлмэгдээд хоцорч байна. 4 жил болоход надтай нэг ч удаа харьцаагүй. Надтай холбоо бариагүй байж холбогдсон гэж ярьж байна...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “.........ББСБ” ХХК нь Б.........холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,227,307 /нэг сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “Б......2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр зээлийг эрсдлийн сангаас хааж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоосон. Энэ хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасны дагуу шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “зээл авсан нь үнэн, найзынхаа дүүд авч өгсөн, буцааж төлсөн гэж ойлгож байсан. 4 жилийн хугацаанд холбогдоогүй байж их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ, анкет дээр эхнэр, эгчийн мэдээлэл байхад холбоо бариагүй. Мөн эзэмшилд байсан Мобикомын ..........дугаарыг дур мэдэн бусдад өгснийг зөвшөөрөхгүй. Төлбөр төлөхгүй” гэж тайлбарлав.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
5.1. Талууд 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 140000010765 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нэхэмжлэгчээс зээл авч, буцаан төлдөг байсан талаар зохигчид тайлбарлаж байна.
5.2. Дээрх гэрээний дагуу 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Б........... 500,000 төгрөгийг “.........ББСБ” ХХК-иас 30 хоногийн хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн мөнгийг зээлдүүлэгчээс хүлээн авсан. Харин гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.
5.3. Зээлийн төлбөрийг буцаан төлөх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дуусаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна.
5.4. Зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар шаардсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй байна. Харин талууд 2023 оны 11 дүгээр сард утсаар холбогдсон талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, зээлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд байна.
7. Зохигчид зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 500,000 төгрөгийг зээлдүүлсэн, уг төлбөрийг хариуцагч буцаан төлөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, тодруулбал: гэрээний үүрэг биелэгдээгүй талаар хариуцагчид мэдэгдээгүй хугацаа алдсан эсэх талаар маргалаа.
8. Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд эдгээр төлбөрөөс зээлийг ашигласан хугацаанд төлөхөөс чөлөөлөгдөхгүй.
9. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан нь гэрээний хугацаа дууссан ч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байхыг ойлгоно.
10. Харин гэрээний дагуу зээлийг буцаан төлөхөөр тохирсон хугацаа дууссанаас хойш тухайн гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дээрх хуульд заасан хариуцлага тооцох зохицуулалтаас тусдаа ойлголт бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа байна.
11. Маргаан бүхий гэрээний дагуу зээлийг буцаан төлөх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дуусаж, энэ өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд зээлдүүлэгч нь хуульд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлнэ.
11.1. Нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлэх талаар хариуцагчид 2023 оны 11 дүгээр сар хүртэл холбоо бариагүй, хариуцагч төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид бичгээр илэрхийлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч “........ББСБ” ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.
12. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.........үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б..........1,227,307 /нэг сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун долоон/ төгрөг гаргуулах тухай “.............ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,006 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА