| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0554/Э |
| Дугаар | 481 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 481
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Бт холбогдох 1708000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 26 настай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, эрэгтэй, бага боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай,
С дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 11 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдөр "Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамрагдан суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Сын Б /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, ... тоот хашаанд байрлах н.Сын гэрт архидан согтуурсан үедээ найз А.Стэй хоорондын таарамжгүй харилцааны улмаас муудалцаж улмаар газарт байсан хутгаар түүний хүзүү, хэвлийд шарх, хүзүү цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр С гэх гайзынхаа гэрт очиход манай найз З, Б хоёр байсан. З хөдөөнөөс ажил хийж байгаад ирсэн гээд архи ууж байхаар нь би найз охин Бны хамт гэрт нь ороод хамт архинаас нь уусан. Найз охин Б архинаас уугаагүй, хоол хийж өгч байсан. Тухайн өдөр нийт 5 шил орчим архи ууцгааж, юм ярьж сууж байгаад би нэг мэдэхэд тасраад болсон зүйлийн талаар санахгүй байна. Ухаан орж сэргэхэд С намайг зодох гээд миний толгой руу цохих шиг болсон. Манай найз охин Бан надад хандан чи хүн хутгалчихлаа ш дээ, цагдаа ирнэ явъя гээд байсан. Тэгэхээр нь “би хүн хутгалаагүй ээ, айх хэрэггүй ээ цагдаагаар учраа олуулъя” гээд цагдаа ирэхийг хүлээсэн. Тэгээд цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү авч явж эрүүлжүүлсэн. Би тухайн өдөр их хэмжээний согтолттой байсан. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч А.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ... манай гэрээр орж Згийн цүнхтэй хувцсыг тавиад буцаад Сын гэр рүү явах замдаа найз Төрөөгийн гэрт ороход Төрөө, Б нар байсан. Тэгээд тэр хоёрыг дагуулаад Сын гэрт очсон. Замаасаа З дахин архи авсан. Ингээд архи ууж сууж байхдаа Б намайг хэл амаар доромжлоод өдөөд байхаар нь Сын гэрээс гарч өөрийнхөө гэр рүү очиж айлгах санаатай 2 ширхэг жижиг хутга аваад Сынд буцаж очоод Бтай маргалдсан. Би хоёр хутгаа хоёуланг нь газарт хаяаад барьцалдаж аваад 2-3 удаа Бын нүүр орчимд алгадтал, Б уурлаад газарт байсан хутгыг аваад миний хүзүү орчимд эсгэн, мөн хэвлий хэсэгт хутгаараа зүсэхээр нь больё гэхэд Б больсон. ...хүзүүнд 2 ширхэг оёдол, хэвлийд 4 ширхэг оёдол тавьсан. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-13 х/
- Гэрч А.Баны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б руу залгаад хаана байгааг нь асуухад 1 дүгээр хорооллын арын дэнжид найзындаа байна, чи хүрээд ир гэхээр нь би 15 цагийн үед Бын зааж өгсөн айлд очсон. Тэр айлд Баас гадна 3 залуу архи уугаад сууж байсан. Нэг залуу нь удалгүй гэрээс гараад явсан. Тэр залуу нь одоогийн хутгалуулсан залуу байсан. Тэгээд би Бтай гэрээс нь гараад тэр айлын хашаанд юм яриад зогсож байгаад гэрт ороход зөрөөд гарсан залуу гартаа хар болон шар өнгийн иштэй 2 ширхэг хутга бариад орж ирэнгүүтээ Быг “чи ээжийгээ амьд дээр нь хайрлал даа, аяга цайны сүү бариад очсон уу? чи” гээд гараараа цохиод авсан чинь Б “чи намайг яагаад цохиод байгаа юм бэ” наад хутгаа өг гэсэн чинь тэр залуу өгөхгүй байсан. Тэгсэн Б тэр залуу хоёр хоорондоо барьцалдаад байсан. Нөгөө залуу Бын хүзүүнд гартаа барьсан хутгаа тулгаад чамайг би ална шүү гэсэн чинь Б “чи намайг алж чадахгүй ээ, чаддаг юм бол алчих” гээд нөгөө залуу руу хашгичаад орилоод байсан. Энэ үед миний гар утас дуугарахаар нь би утсаар яриад хашаанаас гарсан. Ингээд утсаар ярьж дуусаад хашаа руу яваад ортол Бтай маргалддаг залуугийн хэвлийн тус газраас нь цус гарч байсан. Тэр залуу гартаа 2 хутгаа бариад хашаанаас гарах гэж байхаар нь би наанаас нь очоод юу болсон юм бэ гэсэн чинь Б цаанаас нь “би юу хийчихвээ, би цагдаа дээр хэрэгт холбогдсон байгаа ш дээ” гэж хэлж байсан. Тэгсэн удаагүй хутгалагдсан залуугийн дүү нь гэх эмэгтэй гаднаас орж ирээд Быг “чи яагаад манай ахыг хутгалсан юм бэ, цагдаа дуудна” гээд хашаанаас гараад явсан. Тэгэхээр нь би Быг чи байж ба одоо цагдаа нар хүрч ирнэ гэнээ. Наад хэргээ шийдүүл гэж хэлсэн. Тэгсэн чинь хутгалагдсан залуугийн дүү нь гэх залуу хүрч ирээд ахтайгаа нийлээд Быг зодсон. Удалгүй 103 машин ирсэн, араас нь цагдаагийг алаг тэрэг ирсэн. Тэгээд эмч үзээд эмнэлэг рүү аваад явъя гээд хутгалагдсан залууг дүүтэй нь хамт аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х/
- А.Хэрлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ... гаднаас Ү ах орж ирсэн бөгөөд царай нь цонхийчихсон байдалтай, намайг хутгалчихлаа гэхээр нь харсан чинь хэвлийнээс нь цус гарчихсан хутгалагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь “таныг хэн хутгалсан юм бэ? юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь намайг хутгалчихлаа гээд орилоод байхаар нь би ахыг гэрт үлдээгээд хамт архи уусан айлыг олох гээд тэр хавийн айлуудийг харж явсан чинь манайхаас урагшаа гудамжны үзүүрийн хашаанд согтуу хүн дуугарч байхаар нь яваад очсон чинь нэг залуу гэрийнхээ хажууд сууж байсан. Тэр залуу нэг эмэгтэйтэй юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод манай ах хутгалуулсан байна, хэн хутгалсан юм бэ гэсэн чинь нэг үл таних хүн би хутгалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ очоод 102-т дуудлага өгч байх хооронд ахыг хутгалсан гэх залуу өөрөө манай хашааны гадаа ирээд “ахыгаа дуудаад гаргаар ир” гэхээр нь би үгүй гэж хэлээд хашааныхаа хаалгыг хаагаад “би цагдаа дуудсан байгаа, чи наанаа байж бай гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/
- Шинжээчийн 10959 дугаар дүгнэлт
1.Сийн биед хүзүү, хэвлийд шарх, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн, зулгаралт гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учирал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хувийн байдлын талаар:
- Гэрч Д.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С.Бтай 2005 оноос хойш өнөөг хүртэл найзалж нөхөрлөж байна. С.Б нь манай гэртээ ойрхон Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ... тоотод эхийнхээ хамт амьдарч байгаад 2015 онд нүүсэн. С.Б нь хүнд тусархаг, үнэнч шударга, хар бор ажилд сайн, гаж муу зуршил байхгүй, хааяа архи уусан харагддаг, ер нь муу хүмүүстэй л найзлаад буруу замаар ороод байна. Эхнэр хүүхэд, гэр бүл байхгүй, найз охинтой байж байгаад салсан сурагтай байсан. Б нь спортод сонирхолтой. Урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй. Ар гэрийн хараа хяналт гэж ээж нь араас нь явдаг боловч хойд аавтайгаа таардаггүй гээд гадуур л яваад байх шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х/
- С.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35 х/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 х/
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоол, уг тогтоолыг гардуулсан баримт /хх-ийн 67 х/ зэргээс дүгнэлт хийхэд С.Б нь хувийн байдлын хувьд гурван удаа шүүхээр ял шийтгүүлсэн, одоо хорих ял эдэлж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь тус тус тогтоогдсон.
Хохирлын талаар.
Хэрэгт хохирогч Б.Сийн зүгээс эмчилгээ хийлгэсэн талаар баримт гаргаж ирүүлээгүй, хохирогч нь “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 13 х/ гэсэн учраас С.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
С.Бын үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
С.Бын гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, ажил, хөдөлмөр хийх бүрэн боломжтой, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хувьд их биш зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд шүүхээс 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
С.Бт 3 жилийн хорих ял оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул уг тогтоолоор оногдуулсан хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Цагдан хоригдсон хугацааны талаар.
С.Б нь 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 187 хоног, уг шийтгэх тогтоол гарснаас хойш 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл 40 хоног тус тус хоригдсон хугацаануудыг түүний эдлэх ялд оруулан тооцох.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Сын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Быг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар С.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг : 8 цаг = 90 хоногийн хорих ял дээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 90 хоногоор тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Бын эдлэх 03 /гурав/ жил, 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С.Бын урьдчилан хоригдсон 187 + 40 = 227 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.С.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ